МУГЖ Ц.Төмөрхуяг: Яг ориг, жинхэнэ юм Монголд байхгүй болчихсон юм билээ

3c546137330522bd5f8cad09ab921f46МҮОНТ-ийн шинэ уран бүтээл “Эрт нахиалсан сарнай” киноны үйл явдлыг хурцалж, үзэгчдийг түгшээж, догдлуулж байгаа дүр бол Мистер Тулга. Эртний эдлэлийн зартай наймаачин, элдвийг үзсэн зайтай эр Тулгын дүрийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг бүтээсэн билээ. Эсрэг дүрийн мастер киноны зохиолыг уншаад л тоглохоор шийдсэн гэнэ. Энэ тухайгаа ярихдаа:

- Эхний хориод ангийн зохиол надад ирсэн л дээ. Тэгээд уншсан. Миний сэтгэл дотроо хадгалж байдаг нэг зүйл байдаг юм л даа. Тэр нь… Олон түүхэн кинонд тоглож байхад, хувцсыг нь ч юм уу, эдлэл хэрэглэлийг нь ориг хийхийг оролдож, музейгээс авчирдаг. Гэтэл яг ориг, жинхэнэ юм Монголд байхгүй болчихсон юм билээ.  Бидэнтэй хамт “Долоон бурхан харвадаггүй” дээр ажиллаж байсан дархан ярьж байсан. Маршал Чойбалсангийн хувцсыг оруулж ирэхэд бүснийх нь зөвхөн арлыг нь хараад л манай дархан “Энэ бол ориг биш” гээд шууд мэдэж байсан.

Ер нь залуучууд хоорондоо ярьдаг шүү дээ. Түүхийн музейд байгаа эртний хуучин үзмэрүүдийн ихэнх нь ориг биш болсон гэж. Ардчилал гараад, бүх юм замбараагүй болсон үед хэсэг бүлэг хүн амин хувийн ашиг хонжоо хайгаад түүхийн үнэт зүйлүүд, соёлын өвүүдээ гадаад дотоодод гаргачихсан. Тэгээд “Эрт нахиалсан сарнай” киноны зохиолыг уншихад, “Ерөөсөө энийг хийх ёстой. Яагаад монголчууд бид үндэстнийхээ түүхийн үнэт зүйлүүдийг ингэж ичгүүр сонжуургүйгээр, нэгийгээ алан барин байж гадаадад гаргаж, мөнгө болгох хэрэгтэй юм бэ” гэсэн гуниг төрсөн юм. Тэгээд энэ шугамыг л баримталъя, энийг хүмүүст хэлье, ярья гээд зохиолч, найруулагчдаа хэлсэн.

Дүрд тоглох бол яах вэ, жүжигчин хүний ажил. Харин сэтгэлгээний хувьд энийг л Тулгын дүрээс олж харсан учраас “Эрт нахиалсан сарнай”-д тоглохыг зөвшөөрсөн хэрэг.

Энэ бол үнэхээр эмзэг сэдэв. Монголчууд бид өөрийн гараар өөрсдийнхөө түүхийг, соёлыг устгана гэдэг бол монгол үндэстэн байх уу үгүй юу гэдэг язгуур эрх ашиг алга болно гэсэн үг шүү дээ. Ийм байхад “тусгаар тогтнол” гэж хоосон яриад яах юм бэ. Тэрэнд л эмзэглэж байсан. Жүжигчний хувьд  тэр эмзэглэл л хамгийн чухал  хэмээсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих