Хуулийн дээгүүр алхсан улстөрчдийг тэр дундаа Намбарын хүүг зүгээр орхихгүй

Өнгөрсөн Лхагва гаригт нийслэлийн Прокурорын газрын орлогч Ё.Сагсай “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдэгдэл хийж, учир мэдэх хүмүүсийг цочирдууллаа. Монгол Улсын томоохон прокуроруудын нэг Ё.Сагсай өөрийнхөө ажлын байранд биш мэдээллийн төвийг зорьж, мэдэгдэл хийсний учир юу вэ? Тэр зөвхөн прокурорын гадаа жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийг буруутгаж, прокурорын байгууллагын байр суурийг илэрхийлсэн бус энэ хэрэг ноцтой гэдгийг сануулж, хүний газар очиж хатуу мэдэгдэл хийсэн нь энэ. Нэг үгээр хэлбэл Н.Энхбаярын хамсаатнуудыг “ангуучилж” байгаа энэ хэрэг хэр ноцтойг Ё.Сагсай прокурор мэдэгдлээрээ баталлаа.

Н.Энхбаярын шадар туслах Б.Тулгыг баривчилсны төлөө МАХН-ынхан Улсын мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газар, нийслэлийн Прокурорын гадаа жагсаал цуглаан хийж байна.

Б.Тулгыг баривчилсны маргааш Улсын мөрдөн байцаах газрын гадаа суулт хийж, гэр барихыг санаархаж байсан хүмүүсээс энд ямар зорилгоор сууж байгаа талаар лавлахад “Бид ард түмний төлөөлөл. Хэн ч биднийг цуглуулаагүй, өөрсдийнхөө төлөө тэмцэж байна. Бидний нэг болсон гэмгүй хүү Б.Тулгыг яагаад баривчилж байгаа юм” гэх зэргээр уурсаж байсан.

Тэр үед энүүгээр явж байгаад өөрийнхөө төлөө энэ хумүүстэй нэгдлээ гэж байсан эмэгтэй өнөөдөр жагсаал цуглаан хийгсэдийн манлайлагч нь болчихсон явж байна. Бас МАХН-ыг хуульчгүй гэж бодоо юу гэж хууль барьж улсын прокурор хүнтэй маргалдахыг хусээд байсан тэд прокурорын байгууллага гэж дуртай нэг нь дайрч ороод, халдаад байдаггүй хуультайг мэддэг л баймаар.

Үнэхээр л өөрсдийнхөө, ард түмний төлөө жагсаж байгаа юм бол эрх ашгийнхаа төлөө жагсах үе энэ хүмүүст зөндөө байсан. Долдугаар сарын нэгний үймээний үеэр таван хүний амь эрсдэж, ард түмний нэг хэсэг үймээний хөлд өртөж байхад энэ хүмүүс хаана явж байсан юм.

Ядарсан зүдэрсэн гэх ард түмнийхээ төлөө л юм бол тэр үед жагсахгүй яасан юм. Энэ асуултанд хариулах хүн жагсаал цуглаан хийж байгаа эмээ өвөө нарын дунд байхгуй. Учир нь тэд ард түмний төлөө биш Н.Энхбаярын төлөө өвлийн хүйтэнд хальтирч унах шахан явж байна. Зарим нь бараг л мөлхөх шахан хэний, юуны төлөө ингэж байгаагаа ухаарахгүй ч үгүй даган баясаж явна лээ. Таягаа тулан шат өөд, уруу арай ядан бууж байгаа эмээ өвөө нарыг ингэж зүтгэсний гавьяаг Н.Энхбаяр мөнгөөр алдаршуулахыг үгүйсгэхгүй.

Тиймдээ ч үр хүүхэд, хамаатан ч биш Б.Тулга гэх залуугийн хойноос үхэн хатан зүтгэж яваа биз. Н.Энхбаярын баруун гарын төлөө таягаа тулсан өвөө эмээ нар ингэж зүтгэж байна. Жирийн үед даралт ихэслээ, хөл өвдлөө гэж хүүхдүүддээ ялархаж суудаг өвөө эмээ нар Н.Энхбаяр гэхээр хөлөө хугалах шахам зүтгэж, жагсаж байна. Юуны төлөө хөгшин насаа ч хайрлахгүй ингэж тэнэгтэнэ вэ? Үнэхээр л хүн хамгаалах дуртай, хүний төлөө төрсөн хүмүүс юм бол 1600-хан төгрөгийн төлөө арван жилийн хорих ял сонсоод зогсож байсан эмэгтэйгийн төлөө яагаад дуугараагүй юм бэ? Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад хүүхэддээ юм авч өгөх гэж 1600 төгрөг хулгайлаад арван жилийн ял авсан эмэгтэйгийн төлөө хэн ч ингэж жагсаагүй.

Энэ эмэгтэй ч Б.Тулгын нэгэн адил хүн. Н.Энхбаярын хамаатан, хамсаатан биш гэж үү? Ийм ялгаварлан гадуурхсан үзэл улс төрийн хүрээнийхний дунд үйлчилж байна. Хэн нэг улстөрчийн нэр холбогдсон л бол түүнийг хамгаалах далд фронтынхон зэвсгээ базаагаад галлахад бэлэн хүлээж байдаг жаяг манайд тогтож.

Тиймдээ хэн нэг нь хоригдлоо гэхэд бараг цагийн дараа орилж хашгирсан галзуу мэт хүмүүс гарч ирэн, хуулийн байгууллагуудыг нулимах болсон. Мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцох нь битгий хэл биеийн байцаалт гээд түмэн зүйлийн бичиг баримт шаардах прокурор, мөрдөн байцаах газарт жирийн иргэдээс дуртай нэг нь орж, гараад байдаггүй онцгой обект.

Тийм боломжийг ч хууль хяналтынхан олгохгүй. Гэтэл улс төрийн хүрээнийхний ойр дотны хэн нэгэн шалгагдаж, баривчлагдахаар хуулийн байгууллагаар дуртай нэг нь орж гарч, бүр жагсаал цуглаан хийж, түүнийгээ хамгаалж байна. Монгол Улсын шударга ёс энэ үү? Болд, Пүрэв гэх жирийн иргэн байсан бол хэн ч нэг нүдээрээ харахгүй.

Бас Б.Тулга Н.Энхбаярын туслах биш бидэнтэй адил жирийн нэгэн байсан бол бараг нохой ч тоож хуцахгүй байсан. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Намбарын хүүгийн туслах байснаараа Б.Тулга гэх залуу хохироод ч байх шиг. Нэг үгээр хэлбэл улстөрч Н.Энхбаяр гэх хүний хар сүүдэр хичнээн хүнийг нөмрөхийг таашгүй байгааг энэ үйл явдлууд харуулж байгаа юм.

Хүүгээ хилс хэргээр ял авлаа хэмээн нэгэн ээж “Монгол ньюс” мэдээллийн төвд үсээ хайчлаад уйлж байсныг уншигч та санаж байгаа байх. Тэр ээж яагаад Прокурор, мөрдөн байцаах, цагдаагийн газрын үүдэнд үсээ хайчлаад галзуу мэт аашлаагүй юм? Түүнд тийм эрх нь байсан.

Гэсэн ч тэр тэгж өөрийгөө доош нь хийгээгүй. Нөгөө талаар жирийн нэгэн монгол ээж эх орныхоо хуулийг, хуулийн байгууллагыг хүндэтгэж байна шүү дээ. Гэтэл хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа тэр дундаа ямар асуудалд нь оролцох, оролцохгүйг мэддэг хүн бусдын гараар могой бариулж, хэсэг иргэдийг өмнөө түлхчихээд ард нь сууж байгаа нь инээдтэй бас эмгэнэлтэй хэрэг.

МАХН-ын дарга Н.Энхбаяр ‘Улс төрийн тойм” сонины №233 дугаарт ярилцлага өгөхдөө “Би шалгуулахгүй гэж хэлээд нэмэргүй шүү дээ. Ямар нэг буруу юм олох, хэрэг төвөгт хутгах гэсэндээ л тэр. Тийм учраас би шалгуулж байгаа гэсэн үг. Хууль бус үйлдэл хийгээгүй учир шалгуулахаас айхгүй” гэсэн байна.

Үнэхээр л өөрийгөө гэм буруугүй гэж бодож байгаа юм бол хуулийн хүрээнд ил тод шалгуулаад үнэн мөнөө тогтоолгочиход яахав дээ. Жирийн нэг аавын хүү олны өмнө шүүгдэж, цаазын ял хүртэл авч болдог хэрнээ Намбарын хүү болохоор тэгдэггүй гэсэн хууль хаана ч байхгүй. Айгаагүй, айдасгүй хүн хөгшин голдуу хүнээр бамбай хийж, жагсаал цуглаан хийлгэнэ гэж байх уу?

Тэгэхээр Н.Энхбаярын толгойд хэлмэгдэх вий гэсэн айдас далд нуугдаж байгаа гэсэн үг. Нүүрэндээ ямар ч буруугүй ардын баатар дүр эсгэж байгаа ч тэр энэ дүр төрхөө далдлах төдий юмыг өлхөн чадна. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл шалгуулахаас ямар нэг байдлаар зугтаж, амиа хоохойлж явна.

Н.Энхбаяр Монголын төрийг толгойлж байхдаа хүн хэлмэгдүүлж байсныг ч үгүйсгэх аргагүй. Шүүх эрх мэдэл, хяналтын байгууллагуудыг атгаж байх үедээ У.Хүрэлсүхээс эхлээд цөөнгүй хүнийг хэрэгт хутгаж байсан. Тиймдээ ч өнөөдөр өөрөө тийм байдалд хүрэх вий гэдгээс эмээж суугаа ч байж болох. Ичсэн хүн, хүн ална гэдэг дээ.

Н.Энхбаярын туслах Б.Тулгыг батлан даалтад гаргасан талаар Монгол Улсын өмнөө барьдаг прокуроруудын нэг мэдэгдэл хийж, буруушаасан нь энэ хэргийн цаадах учрыг олох эхлэлээ тавьсан гэж болно. Жирийн нэг айлын хүүхдийг хир барагтай л батлан даалтанд гаргадаггүй.

Үүний тод жишээ нь долоон сарын нэгний үйл явдлын үеэр виски хулгайлсан хүүхдүүдийг батлан даалтанд гаргах гээд эцэг эх нь хөлөө хурэх газар хүртлээ явсан ч гаргаагүй. Бүр цаашлаад таньдаг мэддэг хуулийн хүндээ хандсан эцэг эхийн итгэлийг танай хүүхэд танхайрсан, дахиад яачих ч юм билээ гээд мохоож байсан. Гэтэл улс төрийн томоохон хэргийн гол гогцоо болсон Б.Тулгыг зүгээр суллаад явуулчихлаа.

Бүр хяналт тавьж байсан прокурорын зөвшөөрөлгүйгээр шүү. Прокурор гэдэг зүгээр нэг бэлгэ тэмдгийн алба биш бөгөөд ямар ч хэрэгт хяналт тавих гол үүрэг, хариуцлагыг хүлээдэг. Гэтэл прокурорын зөвшөөрөлгүйгээр сэжигтэнг батлан даалтанд гаргана гэдэг маш ноцтой завхрал. Эсвэл Н.Энхбаярын хүрээнийхний хэрэг прокурорын байгууллагын хаалганы гадуур явах ёстой юу гэтэл, үгүй гэдгийг улсын яллагч Ё.Сагсай баталсан.

Бүр хууль бусаар суллагдсан учраас эргэж хорих асуудлыг хүртэл хөндсөн. Өнгөн дээрээ ганцхан хүн суллаад гаргаж байгаа хэрэг боловч нөгөө талаар МАХН-ынхан тэр дундаа Н.Энхбаяр Монголын прокурорын байгууллагыг үл хүндэтгэх үйлдэл болсон. Прокурорын зөвшөөрөлгүйгээр сэжигтэн сулласан Сүхбаатар дүүргийн шүүгч СүхбаатарыгН.Энхбаярын халаасны хүн гэж болно.

Тэгэхээр хамсаатнууд Монгол Улсын хуулийг үл хүндэтгэн хууль буе үйлдэл хийсэн гэсэн үг. Их ярьвал хувийн амбицдаа хөтлөгдөн хуулийн дээгүүр алхсан Сүхбаатар шүүгчийг ч зүгээр орхихгүй гэдгээ Ё.Сагсай прокурор анхааруулсан. Энэ бүхэн нэг хэсэг хүмүүсийн хэрэг мэт боловч цаанаа Монголын улс төр бүхэлдээ булинтангартан бохирдсныг харуулж байгаа юм. Бас хэн нэгэн эрх мэдэлтэн хууль хяналтын байгууллагыг гар хөлийнхөө үзүүрээр хөдөлгөдгийн тод илрэл юм. Зөвхөн Н.Энхбаярын жишээ үүнийг тодхон харуулж байгаа юм. Монголын төрийн эрхийг бариагүй хэрнээ л өөрийнхөө дохиураар туслахаа хялбархан суллачихсан.

Хязгааргүй эрх мэдэлтэй мэт аашлах түүний энэ үйлддийг хууль хяналтынхан зүгээр орхихгүй гэдгээ Ё.Сагсай прокурор сануулсан. Тэгэхдээ бүр Б.Тулгыг дахин хориод зогсохгүй, Н.Энхбаярыг ч саатуулан татахад бэлэн байгаа гэсэн далд санаагаа нуугаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан болохоор шалгаж болохгүй гэсэн хууль хаана ч байхгүй.

Тэр тусмаа Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч байсан хүн задрал үүсгэх гээд байгаа энэ үед түүнийг хуулийн гадуур зүгээр өнгөрөөхгүй гэдгээ ч давхар сануулсан. Жижиг жараахай биш том тулуудыг ч агнах чадвартай, нэг үгээр хэлбэл Монголын хууль хяналтын байгууллагыг басаж болохгүй, ямар хүчтэйгээ харуулна гэдгээ прокурор ямар ч халхавчгүйгээр хэлсэн.

Түүний энэ санааг “Монгол Улсад хучин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар прокурорыг үл хүндэтгэсэн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэдэг. Цаашлаад мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон хэнд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг” гэж хуулийн заалт цохон тэмдэглэж хэлсэн үгнээс харж болно. Улсын яллагч Ё.Сагсай энэ мэдэгдлээрээ зөвхөн Н.Энхбаярт биш Монголын улстөрчдөд сануулга өгсөн гэж болно. Хуулийг, хуулийн байгууллагыг хүндэтгээгүй Н.Энхбаяр, өөр хэнбугайн ч толгойг илэхгүй гэдгээ ийнхүү хатуу санууллаа.

В.Хэрлэн

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих