Оросын байгалийн хийн хоолойг Хойд Солонгосоор дамжуулах санал тавина
Өнөөдөр ОХУ-д албан ёсны айлчлалаа эхэлж байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өчигдөр Оросын хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
Энэ үеэр тэр Оросын байгалийн хийн хоолойг Хойд Солонгосоор дайруулан Өмнөд Солонгост, цаашлаад Японд хүргэх саналтай байгаагаа ярьсан байна.
Бүр 2008 онд ОХУ, Өмнөд Солонгосын талууд ийм төсөл эхлүүлэхээр тохиролцсон ч Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой зөрчлийн улмаас хойшлуулаад байжээ.
Тэгвэл одоо уг төслийг хэрэгжүүлэх цаг ирснийг Мүүн Жэ Ин онцолсон байна. Үүнээс гадна хоёр Солонгосын төмөр замын тээврийг сэргээж, транс-Сибирийн төмөр замын сүлжээтэй холбосноор Өмнөд Солонгосыг хуурай газраар Европтой холбох боломж бүрдэнэ гэж тэр ярьжээ.
“Ингэж чадвал Хойд ба Өмнөд Солонгост, бас Орос улсад эдийн засгийн том давуу тал бий болгоно” гэж Мүүн Жэ Ин онцолсон байна.
Газрын тос, байгалийн хийгээр өлсгөлөн Өмнөд Солонгосын зах зээлд Оросын баялаг хүрэхэд газар нутгийн байрлал саад болдог тул хэрэгцээнийх нь дөнгөж 5.5 хувийг одоогоор ОХУ хангадаг ажээ.
Мүүн Жэ Ин ОХУ-д гурван өдрийн айлчлал хийх бөгөөд Бямба гарагт ДАШТ-д оролцож байгаа шигшээ багийнхаа Мексиктэй хийх тоглолтыг үзэж, хөгжөөн дэмжихээр төлөвлөсөн байна.
Э.СЭМҮҮН, IKON.MN
Эх сурвалж: AFP
URL: