Дорноговийн Хатанбулаг уул уурхайн сөрөг нөлөөнд өртжээ
Нүүрс буулгаж, ачих талбайд тоосонцор ихээр үүсчээ.
Дорноговь аймгийн Хатанбулаг Монгол Улсын өмнөд хил дээр оршдог Ханги хилийн боомтын сум. Хилийн тухай хуулийн дагуу хилийн зурвас газрыг ашиглах эрхийг зөвхөн Засгийн газар олгохоор заасан байдаг. Гэвч тус сумын Засаг дарга хууль зөрчин “Си Өү Эй Эл”, “Их говь энержи” компанид уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгожээ. Хатанбулаг суманд одоогоор 16 аж ахуйн нэгж нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүнээс улбаалан 7-50 метр өргөн, дөрвөн салаа, 170 км зам бий болж, тоос их хэмжээгээр агаарт босч, малчид малаа бэлчээх газар хомсдож уул уурхайн сөрөг нөлөөлөлд өртөөд байгаа талаар малчдын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийсэн юм. Малчин А.Баярсайхан “Манай суманд нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа явуулснаар хоёр дахь Цагаан хадыг байгуулах гээд байна. Бид төрийн бус байгууллага байгуулан энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг сумын Засаг даргаас удаа дараа шаардсан ч хүлээж авсангүй. Тиймээс Засгийн газар Хилийн тухай хуулиа мөрдөж, энэ хууль бус үйл ажиллагааг шийдвэрлэхийг шаардаж байна” гэв. Тодруулбал, Хилийн тухай хуулийн 26.6.2 дахь хэсэгт зааснаар Хилийн зурваст 15 км-ээс дотогш газар ашиглах эрхийг зөвхөн Засгийн газрын тогтоолоор олгох ёстой. Гэтэл сумын Засаг дарга 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн А/131 тоот захирамжаар “Си Өү Эй Эл”, “Их говь энержи” компанид Хилийн тухай хуулийн 26.3.1 дэх заалтыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан нь өнөөдөр ийнхүү асуудал дагуулж малчдын эсэргүүцэлтэй тулгараад байна. Түүнчлэн энэ оны гуравдугаар сарын 29-ний өдрийн А/68 захирамжаар “Өндөр Алтайн зам” компанид түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрх олгосон нь хууль зөрчсөн гэлээ. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрхийг сумын Засаг дарга биш аймаг, нийслэлийн Засаг дарга олгодог болсон юм. Мөн хилийн бүсэд өдрөөр жуулчин авах хаалттай “Анчин отго” компанид аялал жуулчлалын бааз байгуулах эрх олгосон зэрэг ноцтой зөрчил байсаар байгааг малчид ярьж байна.
Тээвэрлэлтийн бус замаар явж буй нь.
Тус суманд өнөөдрийн байдлаар хайгуулын 11, ашиглалтын тав, нийт 16 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна өөр аймаг, суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компианиуд Ханги хилийн боомт хүртэл тээвэрлэлт хийж байгаагаас энэ асуудал үүсээд байгаа ажээ. Сумын Засаг даргын хууль бус шийдвэрээс болж Хатанбулаг сумын малчид, иргэд Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж тэдний эрх ашиг зөрчигдөж байгаа талаар хөндөж байна. Нутгийн 1000 гаруй иргэн үүнийг эсэргүүцэн нэгдэж гарын үсгээ зуржээ. Энэ өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өгөх юм байна. Мөн Хилийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болон холбогдох байгууллагын дарга нараас шаардсан албан тоот хүргүүлэхээр болжээ.Хилийн тухай хуулийн зөрчил нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа асуудлаар Хатанбулаг сумын иргэдийн төлөөлөл “Нутаг амь”, “Ногоон хоолой” ТББ байгуулж хууль бус үйл ажиллагааг малчдад ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсч байв. Хатанбулаг сумын Агарут багийн малчин Д.Баттулга “ Тоос шороо босгон тээвэрлэлт хийж буй тав орчим км шороон замыг хатуу хучилттай болгож өгөхийг бид тус компаниас хүссэн. Гэвч аймгийн Хөгжлийн санд 500 сая төгрөг төвлөрүүлсэн. Тиймээс дахин хөрөнгө өгөх боломжгүй гэсэн. Энэ жилийн тухайд 125 сая төгрөг манай суманд хуваарилсан гэсэн. Гэвч сумын хог цэвэрлэгээнд зориулаад дууссан сурагтай. Тэгэхээр энэ жилийн тухайд худлаа болж байна” гэлээ. Зам тавиад өгвөл нэг хэсэгтээ малчдын бухимдал багасах юм гэв. Ийнхүү өмнөд, зүүн, баруун хязгаарт үүсээд байсан нүүрс тээвэрлэлтийн автомашины гай Дорноговь аймгийн Хатанбулаг суманд үүсч малчид сөрөг нөлөөнд өртөөд байна. Асуудлын учиг нь Хатанбулаг сумын иргэд, малчид Сулинхээрийн отрядыг нүүлгэж, хилийн хамгаалалтын бүсийг хумьсан шийдвэрээс болж байгаа гэж эх сурвалж онцолж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.МЯГМАРБАЯР
URL: