Авто угаалгын газрууд цэвэр усаар “тоглож” л байг уу?
Нийслэл хотод хамгийн их байдаг зүйлсийн тоонд авто угаалгын газрууд дээгүүр байр эзэлнэ. Албан бус тоо баримтаар нийслэлд 90 гаруй машин угаалгын газар байдаг аж. Түүнээс 20 нь усаа зөөж хэрэглэдэг гэнэ. Харин үлдсэн 70 орчим нь төвийн цэвэр, бохир усны шугамд холбогдсон байдаг аж. Улаанбаатарын иргэдийн ууж байгаа уснаас шууд аваад машин угаадаг гэсэн үг.
Авто угаалгын газрын ажилтны хэлж буйгаар даралттай мотороор шүршиж нэг машин угаахад 15-20 литр ус зарцуулдаг гэнэ. Нэг машиныг 20 литр усаар угаадаг гээд тооцоод үзье.Нийслэлд байгаа 90 авто угаалгын газрын зөвхөн нэгэнд нь өдөрт дунджаар 40 машин орно гээд бодоод үзье. Тэгвэл 90 авто угаалгын газар нэг өдөртөө 3600 машин угаадаг гэсэн үг. Зүгээр жишээ авч, тооцож үзэхэд шүү дээ. Дээрээс нь гадаа зогсоод машин угааж байгаа нөхдүүдийнхийг нэмвэл 4000 болох байх. Тэгвэл өдөрт 80 тонн цэвэр ус зүгээр л урсаад алга болж байна. Зарим хүнд энэ тоо бага мэт санагдаж болох. Гэхдээ сараар, жилээр хэмжээд үзвэл асар их цэвэр усыг шүршчихэж байгаа юм.
Угтаа авто угаалгын газарт саарал усыг ашиглаж болно шүү дээ. Манай улс 2012 онд саарал усыг ашиглах тухай хуулийг баталсан байдаг. Гэвч саарал ус ашиглаж байгаа газар бараг л алга. Уул уурхайн компаниудын зарим нэг нь саарал ус ашиглаж байгаа юм билээ. Харин Улаанбаатарт энэ асуудал одоо болтол дорвитой яригдаагүй л байна. Ер нь орон сууцны 00-ын өрөө, машин угаалгын газар, усалгаа энэ тэрд саарал ус ашиглах нь хамгийн оновчтой санаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хангалттай хэлж буй.
Уг нь хэдэн жилийн өмнө цэвэр усыг хэмнэх үүднээс саарал усыг эргүүлэн ашиглах системийг нэвтрүүлэх талаар хотын хуучин удирдлагууд мэдэгдэж байсан. Цэвэрлэгээний технологийг Герман улсаас оруулж ирэхээр төсөл боловсруулсан гэж байлаа.
Тэр технологи бохир усыг дээд зэргээр цэвэршүүлдэг бөгөөд хэрэглээнээс гарч буй нийт усны 45 хүртэлх хувийг эргүүлэн ашиглах, замаар хэмнэх боломжтой гэх. Ийм усыг “00”, машин угаалгын газар, ногоон байгууламж, цэцэрлэгжилтэд ашиглах боломжтой гэж мэдэгдэж байсан. Гэтэл одоог хүртэл хэрэгжсэн зүйл алга.
Уг технологио хурдхан нэвтрүүлээд, ядаж машин угаалгын газар, 00-доо хэрэглэчихвэл цэвэр усаа хэмнэж болмоор санагдах юм. Манайхаас өөр газрын гүний цэвэр усаараа машин угааж байгаа улс орон энэ дэлхий дээр байхгүй биз.
Г.Хулан
URL: