У.Хүрэлсүх эх оронч хүн мөн үү
-Эмэгтэйчүүдийн сонгогдох эрх 2020 оноор дуусгавар болох уу-
УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод албан ёсоор хүргүүлсэн. Тэрбээр “Д.Гантулга би 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 42-р тойргоос сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Миний бие УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтгээ гаргаж байна” гэжээ.
Д.Гантулгыг чөлөөлөгдөх хүсэлт үйлдэн, УИХ-ын даргад өргөн барьсны дараа МАН-ын бүлэг шуурхай хурал зарлаж, 19:00 цаг хүртэл хуралдсан юм.
Гэхдээ энэ хурлаар цаашид хэрхэх, яахаа шийдэхийн оронд би, чи дээ тулан маргалдаж, улмаар хатуухан үгс өөр хоорондоо чулуудцагаасан гэж эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын бүлгийн хурал дээр Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай хэмээн санал өгсөн эмэгтэй гишүүд рүү давшилж, буруутгасан утгатай үг шидэлжээ.
Тэрбээр МАН-ыг нэг суудлаа алдахад хүргэсэн буруутан нь эмэгтэй гишүүд мэтээр хэлж, тэднийг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх мэтчилэн аашилсан байна. Түүнчлэн “Би Хэнтийд нөхөн сонгуульд нэр дэвшихгүй” гэчихээд хурлыг хаян гарч оджээ.
Ингээд үндсэндээ МАН-ынхан бүлгийнхээ хурлаас ямар нэгэн шийдэл гаргаж чадалгүй байсаар тарсан бололтой. Хэдийгээр МАН өчигдөр хаалттай хуралдсан өнөөдөр тэдний үг үйлдэл тогооноосоо хальж, юу болсон бэ гэдгийг бүгд ярьж байна. Ялангуяа МАН-ын гишүүд даргынхаа дээрх үйлдэлд шүүмжлэлтэй хандаж, асуудлаас дахиад л бултах гэж байна хэмээн хардаж байгаа аж.
Тэгэхээр У.Хүрэлсүх энэ удаад ч уснаас хуурай гарахаар шийдсэн гэж ойлгогдохоор байна. Өмнө нь 2012 сонгуульд МАН цөөнх болоход асуудлаас зугтахын тулд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл, МАН хүнд байдалд орсны дараа тэрбээр ёстой л сүүлээ хавчин зугтана гэдэг нь болчихоод, 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулмагц гарч ирсэн. Зүгээр ч нэг гарч ирээгүй. МАН-ын дотоод асуудлыг шүүмжлэн, олон нийтэд таалагдах үг бүрийг хэлсээр гарч ирсэн ба Мэргэжлийн Засгийн газрыг унагааж, өөрөө Ерөнхий сайд болсон.
Одоо ч түүний хүмүүс өмнөх Засгийн газрыг муучлах боломжийг алдалгүй шүүрч, Зүүний хүчний холбооныхноос бусдыг нь чичилж, хавирсаар л байгаа. Хамгийн гол нь, одоо мань эр МАН нэг суудлаа алдах уу, эс алдах уу гэсэн эгзэгтэй мөчид бурууг бусдад тохоогоод, хурал хаян байж зугтаж байна.
Гэтэл Д.Гантулга өчигдөр Хэвлэлийн бага хурал хийхдээ чухамдаа намынхаа ах нар, бүр тодруулбал, Хэнтийгээс сонгогдсон эрхмүүдэд хаяглав уу гэлтэй үг хэлсэн. Тэрбээр “Олон удаа та бүхэнтэйгээ энэ индэр дээр уулзах хүсэлт тавьсан боловч боломж олдоогүй. Ер нь бол УИХ-ын гишүүн хувь хүний болон өөрийнхөөрөө шийдвэр гаргах боломжгүй өдрүүд олон байлаа. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн хувь хүн биш сонгогчид, намын хамт олон, Монгол төрийн дээд байгууллага гэх мэт олон шалтгаан байдаг. Гэхдээ би энэ удаад хувь хүний хувьд шийдвэр гаргалаа” гэсэн билээ.
Энэ бол зүгээр нэг хийрхэж, гоморхсон үг биш гэдэг нь илэрхий. Энэ хүн эцсийн цэгт өөрийнхөөрөө шийдвэр гаргаж, бүх дайралт, няцаалт, доромжлолыг нуруундаа тээгээд “бууж өгөв”. Харин түүнд өөрийнхөөрөө шийдвэр гаргах боломжийг эс өгч байсан этгээдүүдийг бараг л нэр цохож болохоор.
Монгол Улсын хууль цаазыг эс ойшоон Д.Гантулгыг өмөөрч, “хир” хүргэхгүй байсан ах нар нь л эцэстээ түүнийг энэ хүртэл явуулж, тэртэй тэргүй сэвтсэн нэр хүндийг нь дахиж сэргэхгүй болтол балбуулсан. Яг үнэндээ түүнийг хүчирхийлэл үйлдсэн гэдгийг тогтоогоогүй байгаа. Тиймээс гэмт хэрэгтэн гэж болохгүй.
Харин гэр бүл, үр хүүхэдтэй, сахин хамгаалах нэр төртэй, түмнээс хүлээсэн итгэл үүрэгтэй нэгнийхээ хувьд тэрбээр том алдаа гаргасан нь үнэн. Тэгэхээр Д.Гантулга гэр бүлээсээ гадуур элдэв асуудалд орооцолдож, нам, төрийн түшээгийн нэрийг хөөдөж, хань ижлийнхээ сэтгэлийг сэвтээснийхээ төлөө эр хүн шиг хүлцэл эрж, уучлал хүсэх боломж, цаг хугацаа даанч их байсан ч тэгээгүй. Иймд бүгд түүнийг буруутгасан. Гэвч түүний хэлсэн үгнээс харахад, тэрбээр ах нарынхаа үгэнд л хэтэрхий орж, автсан байж таарах нь ээ. Гэхдээ одоо түүний гэм буруутай, эсэхийг хууль хяналтынхан тогтоох ёстой.
Харин МАН-ын алдсан нэр хүндийг сэргээж, нэг суудлаа авч үлдэх, эсэхийг яг үнэндээ намын даргынх нь менежмент шийдэх учиртай. Гэтэл нөгөө дарга нь өөрийн хийсэн алдааг бусдад, тэр дундаа эмэгтэй гишүүдэд тохоод өөрөө ард нь чимээгүй үлдэхээр аашилж байгаа нь энэ.
Путин шиг морь унаж, мото жийж нэр хүндийг олно ч гэж юу байх вэ. Энэ бүх хэлбэрийн цаана хийсэн ажил, үр дүн гэх хамгийн чухал үзүүлэлт байх ёстойг МАН-ын дарга У.Хүрэлсүх мартав уу, яав.
Тэрбээр өчигдөр эмэгтэй гишүүд рүү давшилж, нэр дэвших эрхийг нь хасна гэснээрээ жендерийн байр сууриа илэрхийлээгүй байгаасай.
URL: