Нобелийн энх тайвны шагнал гардуулав

Норвегийн Осло хотноо өчигдөр Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол боллоо. Нобелийн энх тайвны 2011 оны шагналын эзнээр Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон Серлиф, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний тэмцэгч Леймах Гбови, Йемений ардчиллын төлөө тэмцэгч Тамаккол Карман нар шалгарчээ. Эдгээр эмэгтэйчүүд хүний эрх, аюулгүй байдлыг хамгаалахын тулд цусгүй тэмцэл өрнүүлсний төлөө Энх тайвны шагналын эзэд болсон билээ. 2010 онд Хятадын хуульч Лю Сябао Нобелийн энх тайвны шагналын эзнээр тодорч байсан. Нобелийн энх тайвны шагналыг алтан медаль, диплом, 1.5 сая ам.доллартай гардуулдаг уламжлалтай ажээ. Африкийн анхны ерөнхийлөгч эмэгтэй хатагтай Серлиф Либерийн иргэний дайны галыг унтраахаар хүчин зүтгэж яваа юм. Тэрбээр Либерийн ерөнхийлөгчийн сонгууль болохоос ердөө хэдхэн хоногийн өмнө энх тайвны нэр хүндтэй шагналыг авч байгаа ажээ. Тэрбээр Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Африк гаралтай хүмүүсийн үйлсийг үргэлжлүүлж байгаадаа бахархаж байгаагаа илэрхийлжээ. Өмнөд Африкийн арчбишоп Десмонд Туту, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан нар өмнө нь энэ нэр хүндтэй шагналыг авч байсан юм.

Нобелийн энх тайвны шагнал хүртсэн хатагтай Гбови Либерийн иргэний дайнд цэг тавих кампанит ажлыг эхлүүлж, Ерөнхийлөгч Чарльз Тэйлорыг огцруулсан билээ.
Тэрбээр “Энэ шагналыг зөвхөн Либери, Йемен дэх иргэний тэмцлийг үнэлсэн хэрэг биш, хүчирхийлэл, аллага хядлага, иргэний дайнд нэрвэгдсэн Египет, Конго, Зааны ясан эрэг улс, Тунис, Палестин зэрэг дэлхийн өнцөг булан бүх дэх шударга бус дэглэмийг эсэргүүцсэн тэмцэгчдийг дэмжиж буй шагнал гэж ойлгож байна” гэжээ. Харин гурван хүүхдийн ээж Карман 2005 онд хил хязгааргүй сэтгүүлч эмэгтэйчүүдийн байгууллагыг үндэслэн байгуулсан Нобелийн энх тайвны шагнал хүртэж буй анхны араб эмэгтэй ажээ.

Н.Энх

URL:

Сэтгэгдэл бичих