Хууль сул байгаа нь хар тамхины хэрэглээг гааруулж байна уу
“Үндэсний шуудан” сонин энэ долоо хоногийн онцлох сэдвээр хар тамхи мансууруулах бодистой холбоотой асуудлыг хөндөж, цуврал нийтлэл, сурвалжлага бэлтгэн хүргэж байна.
Цагаан тахлын сүүдэр манай улсыг нөмөрч, хүүхэд залуусыг эрхэндээ оруулах болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өсч буйн гол шалтгаан нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдал, цахим орчин дахь мэдээллийн хяналтгүй урсгалаас гадна цаг үеэсээ хоцорсон хууль, эрх зүйн орчин нөлөөлж байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоогүй байдал нөлөөлж буйг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан онцолсон. Тэгвэл хэрэглэгч, холбогдогчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй цагаан тахлын сүүдэр бидний хойч ирээдүйд хэрхэн заналхийлж байна вэ.
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар болон Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг, Монголын сурагчдын холбоотой хамтарч Улаанбаатар, Эрдэнэт хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаран сурагчдын дунд “Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн эсэх”, “Үүний хор хохирлыг мэддэг эсэх” судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан сурагчдын 26 хувь буюу 200 гаруй сурагч хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэсэн бол 50 орчим нь тогтмол хэрэглэдэг гэсэн байна. Эндээс үзвэл, цагаан тахлын сүүдэр бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүдийг хоморголон хөнөөж буй харамсалтай дүр зураг харагдах буй за. Тиймээс л цагаан тахлаас ангижрах төрийн нэгдсэн нэг бодлого нийгэмд ус, агаар шиг хэрэгтэй болоод байна.
Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс хүн амын удмын санг хамгаалах, үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг төрийн нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах зэрэг олон зорилт бүхий “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2017 онд баталсан юм.
Ингэснээр 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулиас өөрөөр бариад авчих хууль, эрх зүйн баримт бичиггүй шахуу байснаа бодвол, үндэсний хөтөлбөрөө баталж, холбогдох стандартыг орчуулсан нь багагүй ахиц гарсны илрэл юм. Тус хөтөлбөрийн бас нэг зорилт нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэл бүхий байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах эрчимжүүлэх, нэгдсэн бодлоготой болох. Гэтэл хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагынхан одоог хүртэл учир зүйгээ ололцож чадаагүй нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Дэлхийн улс орнуудад сайн дурын, мэргэшсэн байгууллагын оролцоог дэмжиж, хамтарч ажилласнаар цагаан тахлаас хүүхэд, залуусаа хамгаалсан сайн туршлага байдаг. Гэтэл манай улсад төрийн бус байгууллагын дэмжлэгийг барагтай бол үл тоох нь хэр зөв шийдэл вэ. Ингээд Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдээс хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ш.Лхагвасүрэн болон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас авсан ярилцлагыг хүргэе.
Ш.ЛХАГВАСҮРЭН: ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хар тамхи, мансууруулах бодисын чиглэлээр судалгаа хийсэн гэсэн. Судалгааг хэдэн сургуулийн, хэчнээн сурагчдын дунд хийсэн юм бэ?
-2017 оны аравдугаар сараас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон хар тамхи, мансууруулах бодисын хэргээр ял эдэлж байгаа хоригдлуудын дунд ЦЕГ болон Монголын сурагчдын холбоотой хамтарч судалгаа хийсэн. Үүнд Улаанбаатар, Эрдэнэт хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн 1000 гаруй хүүхдээс судалгаа авахад 26 хувь нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж үзсэн гэсэн.Эндээс үзвэл, 6-12 дугаар ангийн нийт сурагчдын 100 мянга орчим нь хар тамхи хэрэглэж үзсэн байх магадлалтай байна.
-Хар тамхины талаарх мэдээллийг хэнээс авсан бэ гэдэг асуулж тавьсан уу?
-Асуусан. Сурагчдын 96 орчим хувь нь интернэтээс мэдээлэл авч хэрэглэж үзсэн гэсэн.
-Давтан хэрэглэсэн хүүхэд байсан уу?
-Судалгаанд хамрагдсан хүүхдийн 200 орчим нь хэрэглэгч. Эдгээрийн 50 нь тогтмол хэрэглэдэг гэсэн. Хамгийн гол нь хэн гэдэг хүүхэд хар тамхи хэрэглэж байна вэ гэдгийг тогтоох ажил огт хийгээгүй. Судалгааг анхнаас нь нэр, усыг нь бүртгэж авсан бол үүнийг тодруулах боломжтой байсан.
-Гэхдээ “Нэр, усаа тавиад судалгаа бөглө” гэвэл хүүхдүүд үнэн зөвөөр бөглөхгүй биз дээ?
-Судалгаа авах олон аргачлал бий. Асуумж авсны дараа уулзаж ярилцах ёстой. Ингэж байж л хожим гарах хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой юм шүү дээ.
-Насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна лээ. Та тэдэнтэй уулзсан уу?
-Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эцэг, эх нь хүүхдээ дагуулж ирэх ёстой. Харин би өөрөө очиж уулзсан тохиолдол цөөнгүй бий. Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн харъяат гээд тогтмол хэрэглэдэг хүүхдүүдтэй уулзсан.
-Хэрэглэх болсон шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ?
-Эхлээд сонирхож хэрэглэсэн. Явцын дунд байнга хэрэглэдэг болсон гэсэн. Миний харснаар эцэг, эхийн хараа хяналтгүй байдал нөлөөлсөн байна лээ. Хүүхдээ сонсдоггүй, хаана юу хийж явааг анхаардаггүй. Ер нь энэ төрлийн бодисоос хүүхдээ хол байлгая гэвэл хүүхдээ хөгжүүлэх хэрэгтэй. Дугуйланд явуул. Хичээл, дугуйлан хоёрын хооронд завгүй явдаг хүүхэд элдэв муу зүйл шохоорхох нь бага. Дээр нь эцэг, эхчүүдэд энэ төрлийн бодисын талаарх мэдлэг алга. Худалч хүнд дох, хар тамхи хоёроо ялгахгүй байна шүү дээ.
-Саяхан хууль хүчний байгууллагад ажиллаж байсан албан тушаалтнууд хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт давтан холбогдсон. Давтан холбогдсон шалтгаан нь хууль эрх зүйн орчин сул байгаагаас болж байна уу, эсвэл хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хор хөнөөлийг таниулах сургалт, сурталчилгаа дутуу байгаатай холбоотой юм болов уу?
-Давтан үйлдэх болсон шалтгаан хууль, эрх зүйн орчин сул байгаагаас үүдэлтэй. “Хар тамхи хэрэглэсэн ч, худалдсан ч хөнгөн ял авах авна” гэсэн хандлагаар ханддаг юм билээ. Дэлхий нийтэд хар тамхины асуудлыг чанга хатуу хуулиар зохицуулдаг. Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд нь хэтэрхий сул учраас хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг тасрахгүй байна. Дээр нь Өмнөговь аймагт хийсэн судалгаагаар тээврийн жолоочдын 90 орчим хувь нь “мими” хэрэглэдэг гэж гарсан. Бүр дунд сургуулийн хүүхдүүд хүртэл хэрэглэдэг гэхээр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлэх цаг ирсэн нь харагдах байх. Манай байгууллага анх 45 хүнтэй ажиллаж эхэлснээс хойш 400 гаруй хүнд туслалцаа үзүүлж. Эдгээрээс 14 хүн хар тамхинаас бүрэн гарсан. Хар тамхи хэрэглэвэл эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирдог. Гэхдээ үүнээс илүү нөхөн үржихүйд маш их хор хохирол учруулдаг. Манай байгууллагаар үйлчлүүлээд хар тамхинаас гарсан хоёр залуу гэр бүл зохиосон юм. Гэтэл хүүхэд нь төрөлхийн тархины эмгэгтэй төрж, жилийн дараа нас барсан. Хүүхдээ өнгөрсний дараахан хосууд салсан. Манай УИХ-ын зарим гишүүд хар тамхи хэрэглэсэн л бол өвчтэй болно гэж ярьж байна лээ. Ингэж ташаа ярьж болохгүй. Давтамжтай хэрэглэж байж л хар тамхины донтолттой болно.
-Гэхдээ анх удаа хэрэглэсэн хүмүүсийн 90 хувь нь давтан хэрэглэдэг гэсэн судалгаа байсан?
-Ийм үндэслэл бий. Яагаад гэвэл, анх хэрэглэх үед онцгой өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг. Нэг ёсондоо урхи гэх үү дээ. Ямар хүн урхинд орох уу гэхээр бие, сэтгэл санааны хувьд тогтворгүй, эсвэл энэ талын мэдээллийг түлхүү сонирхдог хүмүүс давтан хэрэглэх магадлал өндөр байдаг.
-Хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудаас судалгаа авсан гэсэн. Ямар үр дүн гарсан бэ?
-30 хоригдлоос ганцхан хүн л хэрэглэдэггүй гэсэн. Бусад нь тогтмол хэрэглээтэй байсан юм билээ.
-Тэдний биеийн байдал ямархуу байна вэ. Хар тамхинаас гарах шинж байна уу?
-Бие махбод, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлсөн гэсэн. Хорих ангид удаан хугацаагаар хоригдсон учир бие махбод нь хар тамхи нэхэх нь багассан гэж байна лээ. Уг нь үүн дээр нь жаахан дэмжлэг үзүүлчихвэл магадгүй бүрмөсөн гарахыг үгүйсгэхгүй.
-Эрүүл мэндийн байгууллагаас бэлгийн замын халдварт өвчин хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд түгээмэл байна гэсэн. Танайд хандсан иргэдийн хувьд?
-Бэлгийн замын өвчин битгий хэл ХДХВ/ДОХ авах эрсдэл өндөр. Манайд хандсан хэрэглэгчдээс ХДХВ/ДОХ илрээгүй. Илрээгүй гэдэг нь хар тамхи хэрэглэдэг хүмүүс энэ төрлийн халдвар авдаггүй гэсэн үг биш шүү. Зөвхөн манайд хандсан 400 хэрэглэгчийн хувьд илрээгүй. Хамгийн наад зах нь хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудыг энэ төрлийн шинжилгээнд хамруулдаггүй гээд бод доо.
-СЭМҮТ-д сайн дураараа хандаж эмчилгээ хийлгэсэн тохиолдолд төлбөр авдаг. Танайх төлбөр авдаг уу?
-Нэг ч төгрөгийн төлбөр авдаггүй. Өмнө нь ЭМЯ болон “Глобал” сангийн дэмжлэгтэй ДОХ-ын хөтөлбөрт хамрагдах үедээ санхүүжилт авсан учраас төлбөр аваагүй. Харамсалтай нь, манай байгууллага энэ төслөөс хасагдсан.
-Төслөөс хасагдсан юм бол санхүүжилтээ одоо яаж зохицуулж байгаа юм бэ?
-Тэтгэврийн мөнгөөрөө болгож байна.
-Хар тамхины чиглэлээр 2002 оны хууль, Үндэсний хөтөлбөр, зөвлөмжөөс өөр бариад авчих зүйл бараг байхгүй. Таны харснаар эдгээрийн уялдаа холбоо хэр байна вэ?
-Миний харснаар үндэсний хөтөлбөр маш муу хэрэгжиж байна. “Хөтөлбөр батлагдаж, хороо байгууллаа. Одоо ажил хийх байх” гэтэл таг чиг. Яг үнэндээ надад мэдэгдэх юм алга. Би энэ салбарт бараг 20 жил ажиллаж байна. Хаана, хэзээ, хэдийд, юу болсон нь мэдэгдэхгүй. Бид Тайландад туршлага судалсан юм. Тэгэхэд “Энэ байгууллага ийм ажил хийж байна” гэдэг мэдээллийг өдөр бүр тогтмол өгдөг. Гэтэл манайд тийм юм огт алга. Түүнчлэн Урьдчилан сэргийлэх ажлын стандарт гэж бий. Үүнийг өнгөрсөн жил орчуулж дууссан. Гэтэл ажлын хэсгийнхэн нь ийм стандарт байдаг эсэхийг ч мэдэхгүй сууж байна лээ. Ийм байж болох уу.
ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР: МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭВЭЛ ТОРГОХ ЭСВЭЛ 7-30 ХОНОГ БАРИВЧИЛНА
-“Хар тамхи, Мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газраас баталсан. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд хууль, эрх зүйн орчин манай улсад хэр бүрдсэн бэ?
-Монгол Улс НҮБ-ын конвенци, конвенцийн жагсаалтад заасан хууль тогтоомжийн дагуу хяналтад байлгавал зохих эм, бодисын хууль бус эргэлттэй дараах хууль, эрх зүйн актын хүрээнд тэмцэж байна. Жишээлбэл, 2002 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталж, улмаар 2002 онд баталсан Эрүүгийн хуульд дээрх төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг бий болгосон. Мөн 2000-2005 онд “Хар тамхи, мансуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Эдгээрээс гадна 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5, 20.7-20.10 дахь зүйлүүдэд бэлтгэсэн, хадгалсан, өгсөн, олж авсан, борлуулсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдаалсан, улсын хилээр нэвтрүүлсэн, орон байраар хангасан, завшсан, тариалсан үйлдлийг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна. Мөн шинэчлэн найруулсан Зөрчлийн тухай хуулийн 6.4 дэх зүйлд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, экспортлох, үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хадгалах, бүртгэх, хуваарилах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, устгахтай холбоотой дүрэм, журам зөрчсөн болон зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн худалдаалсан, зохих зөвшөөрөлгүйгээр худалдаалсан бол зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэж байна. Зөрчлийн тухай хуулийн 5.1.3-т Мансуурсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасны дагуу энэ төрлийн бодис хэрэглэгчид уг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байна.
-Үндэсний хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн бие бүрэлдэхүүн ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ?
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдүгээр үе шатны төлөвлөгөөний хүрээнд хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий мэргэшсэн албадыг өргөжүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх, хил, гаалийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгайлсан нэгж байгуулах, орон тоог нэмэгдүүлэх зорилт тавьсан. Мөн энэ төрлийн бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх тусгай мэргэжилтнийг бэлтгэх ажлыг чиг үүрэг бүхий байгууллага бүр дангаар болон нэгдсэн байдлаар хамтран зохион байгуулах, үндэсний сургагч багш нарыг бэлтгэх, шаталсан сургалтыг тогтмол зохион байгуулна. Үүнээс гадна мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулж ашиглах, цагдаа, хил, гааль, тагнуулын байгууллагаас үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн талаар гадаад орны эрх бүхий байгууллагатай харилцан мэдээлэл солилцох ажиллах тогтолцоог бий болгох, хараа хяналтгүй хүүхэд, орон гэргүй, оршин суух хаяггүй зорилтод бүлэгт чиглэсэн хэрэглээний нөхцөл байдлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.
-Хар тамхи, мансууруулах бодисын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах тал дээр учир дутагдалтай байна гэх шүүмжлэл байдаг. Эдгээрийн оролцоог ЦЕГ-аас хэр дэмждэг вэ?
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хүүхэд, гэр бүлийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 18 төрийн бус байгууллагуудтай үндэсний хөтөлбөрийн хүрээнд уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Цаашид нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.
-Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах нь энэ төрлийн бодистой тэмцэх хамгийн зөв арга гэсэн. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн сургалтад энэ төрлийн таниулах хичээл хэр хангалттай төвшинд ордог гэж үзэж байна вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ төрлийн бодисын хор хөнөөлийг таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээл, сургалт тусгагдаагүй. Харин ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиуд манай байгууллагад хүсэлт тавьбал сургалт, мэдээлэл өгдөг. Цаашид боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалтын бүх шатны сургалтын хөтөлбөр, сэдвийг баталж хэрэгжүүлж ажиллах шаардлагатай
-Өнгөрсөн жил цагдаагийн алба хаагч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Цагдаагийн алба хаагчдыг хууль бус зүйлээс ангид байж, ёс зүйгээ баримтлах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Цагдаагийн алба хаагчтай холбоотой нэг гэмт хэрэг бүртгэгдэж, шүүхээр шийдвэрлэгдсэн. Цагдаагийн байгууллагын зүгээс цагдаагийн албанд шинээр элсэхээр хандсан иргэдийн мэдээлэлд анхаарал хандуулан ажиллаж байна.
Үндэсний шуудан сонин
URL: