Төрийн өндөрлөгүүдийн эзгүйд хэдэн “хүүхдүүд” нь дураараа дургив

Өчигдөр гишүүдийн хувьд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн өдөр болов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейтэд, ерөнхий сайд С.Батболд Индонезид, УИХ-ын дарга С.Дэмбэрэл Японд айлчилж байгаа. Тиймээс “толгой”-нууд нь эзгүй байгааг далимдуулан өглөөнөөс хойш түнжин муутай байсан УИХ-ын гишүүд ажлаа цалгардуулж, үдээс хойших чуулганыг цуцлав. Өглөө чуулганы үеэр долдугаар сарын нэгний тухайд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдээсээ уулчлалт гуйх тогтоолын төслийг хэлэлцэх талаар хоорондоо маргаж,  АН, МАН-аараа хуваагдаж ана мана үзэв.

Сонгуулийн тухай хуулийг баталж амжихгүй, баталсан ч Үндсэн хуулийн зарим заалтанд өөрчлөлт оруулах шаардлагатай болоод байгаа энэ үед янз бүрийн шалтаг заан тэд ажлаа хийсэнгүй. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, түүнээс гарсан дүгнэлтийн дагуу чуулган хуралдах байсан ч тус хорооны гишүүдийн ирц бүрдээгүй юм. Тиймээс УИХ гишүүд ердийнхөөрөө гуяа алгадаад тарцгаалаа. Зарим нь гадуур хувцсаа шүүрч аваад сугадалцаад гарч байхад  зарим нь өрөөндөө бяцхан найр хийж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын өрөөнд нэжгээд хүн цуглачихсан, хаалгаар нь виски, виноны үнэр ханхийж, чанга чанга хөхрөлдөх нь сонсогдож байв. Төрийн ордонд байна гэж санаа зовсон ч юмгүй маасайтал инээсэн хүмүүс өрөөгөөр нь байн байн орж гарцгааж байсан.

Уг нь төрийн гурван өндөрлөг нэгэн зэрэг гадаадад томилолтоор явахыг хуулиар хориглосон байдаг аж. Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Засгийн газын тэргүүн нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлдэг тул аль нэг нь эх орондоо үлдэж, хэдэн сахилагагүй “хүүхдүүд”-ээ харах шаардлагатай байдаг. Гэхдээ маргааш буюу 12-р сарын 10-нд ерөнхий сайд С.Батболд Индонезид болж буй Балийн чуулга уулзалтаас ирэх юм. Ингэж ҮАБЗ-ийн гишүүд нэг нь ч байхгүй эзэнгүй үе Монголд ганц өчигдөр тохиов.

Б.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих