Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?
Оньсого эртний Грекээс үүсэлтэй бөгөөд аливаа юмсын адил төстэй болон ялгаатай талыг хооронд нь адилтган зүйрлэж зохиодог байжээ. Юуг юутай зүйрлэн оньсого зохиож байна гэдгээс тухайн улс үндэстний аж амьдрал, ахуй соёл, сэтгэлгээний онцлог тод томруун харагддаг байна.
Монгол оньсого
Монгол оньсого нь ямар нэг зүйлийн байр байдал, үүрэг зориулалт зэрэг түүнийг төлөөлж чадах гол шинж чанаруудаар нь орлуулан дүрсэлсэн богино хэлбэрийн “шүлгэн” асуулт байдаг.
Монголчууд нарны тухай оньсого хэлэхдээ “Өглөө бүр урд зүгээс улаан халзан бух ирнэ” хэмээн мал ахуйтайгаа холбосон нь мал маллан аж төрдөг ахуй байдлыг нь илтгэхийн дээр энэ нь тухайн ард түмний хувьд чухал байр суурь эзэлдэг болохыг харуулж байна.
Мөн угсаатан зүй судлаачид зөвхөн оньсогыг нь судлахад л монгол гэрийг яаж барихыг мэдэх боломжтой хэмээн үздэг. Тиймээс оньсого нь монгол түмний оюуны чадавх болон ахуй амьдрал, сэтгэхүйн онцлог зэргийг гүн гүнзгий тусгасан байдаг.
Франц оньсого
Франц оньсого нь анх үүсэхдээ далд утгатай үгсийг сүүл, толгой холбож, шүлэглэн таалгадаг байснаараа монгол оньсготой төстэй байжээ. Жишээ нь,
Аавын зоосыг тоолж барахгүй
Ээжийн торгыг эвхэж болохгүй
Эгчийн алимыг идэж болохгүй / од, тэнгэр, сар/
Харин орчин үеийн франц оньсого нь юмс үзэгдлийг ихэвчлэн энгийн, үргэлжилсэн үгээр дүрслэн тайлбарлаж, асуулт-тааврын хэлбэртэй болжээ. Жишээ нь, нарыг
Намайг хүмүүс харахад би улайж харагддаг
Надад байгаа илчээ би цаг үргэлж түгээдэг
Надгүйгээр хэн ч амьдарч чадахгүй учраас
Намайг энэ дэлхийн хаан гэдэг
Би хэн бэ? гэж далд утгаар бус, шууд ойлгогдохуйц үгээр дүрсэлжээ.
Хятад оньсого
Хятад оньсого нь аливаа юмс үзэгдлийг ханз үсгийн зурлагаар нь дүрсэлдэг байна. Мөн хятад оньсогыг хэв маягаар нь сонгодог, нийтлэг, ардын болон энгийн гэж ангилдаг ажээ.
Сонгодог оньсого нь эртний Хятадын үлгэр домог, яруу найргийн сонгомол төрлүүдээс иш татаж бүтсэн байдаг тул жирийн хүн таахад бэрх учир ийн нэрлэжээ. Жишээ нь:
Өчүүхэн ч толбогүй цагаан хас /хаан/
Хаан гэдэг үг нь цагаан, ван гэсэн хоёр ханз үсгээс бүтдэг. Хэрвээ ван гэсэн ханз үсэгт нэг дусал нэмбэл хас гэсэн үг болно. Тиймээс хаан гэдэг үгийг ханз үсгийн зурлагыг харгалзан “Толбогүй цагаан хас” гэж оньсого зохиожээ.
Нийтлэг оньсого нь тодорхой нэг зүйлд зориулан зохиосон хурц уран дүрслэлтэй, уриа лоозонгийн шинжтэй байдаг байна. Жишээ нь:
Хятад улс хөөрөн нислээ /бодис хатуу төлөвөөс хийн төлөвт шилжих/- Хятад улс, хөөрөх гэсэн хоёр ханз нийлж дээрх физикийн үзэгдлийг илэрхийлдэг байна. Энгийн нэг бодисын шинж төлөвийг Хятад улс дээшлэн дэвжиж, хөгжин цэцэглэнэ гэсэн утгаар хэлж байгаа нь нийтлэг оньсогоны гол онцлог ажээ.
Энгийн оньсого нь хүмүүсийн сайн мэддэг зүйлийг өдөр тутам хэрэглэгддэг энгийн үгсээр нь дүрслэн өгүүлсэн тул цээжлэхэд амар, таахад хялбар байдаг аж. Жишээ нь:
Зурахад дугуй
Бичихэд дөрвөлжин /ханз зурлага/
Өвөл богино
Зун урт /нар/ хэмээн дүрсэлжээ.
Америк оньсого
Америк оньсого нь ихэвчлэн танин мэдэхүйн асуулт, тааврын шинжтэй, шог хошин өнгө аястай байдаг.
Монгол оньсогоноос ялгаатай нь юмс үзэгдлийн шинж төлөвийг далд бус шууд утгаар илэрхийлж, үргэлжилсэн үгийн хэлбэрээр дүрслэн таалгах нь элбэг байдаг ч бас шүлэглэсэн оньсогууд ч байдаг аж. Жишээ нь:
Хоол өгвөл амьдарна
Ус өгвөл үхнэ /гал/ хэмээн бичжээ.
Мөн шог хошин өнгө аястай оньсогоноос дурдвал,
“Хэзээ ч өглөөний цайнд идэж чадахгүй хоёр зүйл. Тэр юу вэ?” хэмээх оньсогоны хариу нь өдөр, оройн хоол юм.
Мөн “Нохой бөөс хоёрын ялгаа нь юу вэ?” гэсэн оньсогоны хариу нь нохойнд бөөс байж болно, харин бөөс хэзээ ч нохойтой байх боломжгүй юм.
Энэ мэтчилэн шог хошин өнгө аястай оньсого их байдаг нь тухайн ард түмний чөлөөт сэтгэхүй, хошин шогийн мэдрэмж зэргийг илтгэж байна.
Эдгээрээс үзэхэд улс орон бүрт оньсого нь өөр өөр байдлаар дүрслэгддэг ба зарим нь оюун ухаан хөгжүүлэх, ургуулан бодох чадварыг сайжруулахад чиглэгдсэн байхад, зарим нь алжаал тайлах, зугаацах хэрэглүүр болдог ажээ.
URL: