ГАНЦ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МААНЬ УЛААН ЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГИЙН НЭГ САЛБАР БОЛЖЭЭ
Өнөө өглөө агаарт гарах санаатай “Үндэсний” гэх тодотголтой цэцэрлэгт хүрээлэн рүү явж очтол айдас хүйдэс төрж, гутрахын дээдээр гутарч ой гутав. Салхитайг хэлэх үү? Гялгар уут нисэлдэж байна. Казакстаны Ерөнхийлөгч Назарбаев манайд ирээд Ерөнхийлөгчид хандаж, “Танайхан ядаж энэ ам таглачих гээд байгаа гялгар уутаа нэг тийшээ болгооч” гэсэн байгаа юм. Арга барагдаад хэлж байнаа даа. Тэр чигээрээ гялгар уут, ундааны сав, цаас овоорч яг л Улаан чулуутын хогийн цэг дээр ирсэн шиг санагдлаа. Гадаадын хүн явж байх юмаа, үхтэлээ ичив. Үнэндээ Улаан чулуутын нэг салбар болчихжээ гэхэд эргэлзэх юм даанч байхгүй. Хогийн савууд нь уруугаа харан уначихаж. Хөшөө, шатны гишгүүрийн хавтан (плита) хагарчихсан, уначихсан нь энд ер нь эзэн байна уу? гэмээр. Зүлэг ногоог хайр найргүй гишгэлж талхалжээ. Өчигдрийн “Хүүхдийн баяр” ийнхүү зэрлэгүүдийн ул мөрийг “дархлан” өнгөрчээ.Үүнд эцэг эх, сургууль, багш нар ч хамаатай. Багш нар ядаж даасан ангийн 3О хүүхдэддээ хаа явсан газраа хог цаас, уут саваа хамаагүй хаяж болохгүй гэдгийг яагаад голд нь ортол ойлгуулж, хэвшүүлж чаддаггүй юм бэ? Энэ бол ариун цэврийн гэмт хэрэг, үзэшгүй муухай бүдүүлэг явдал гэдгийг жигшүүлэх хэрэгтэй юм биш үү?
Өглөө 5. ОО цагийн үед хэдхэн бөртийсөн ажилчид цаас, уут савыг цэвэрлэж байна, шөнөжин ажилласан бололтой. Хогийн тэрэг гээд нэг муу өөдсөн чинээ пургонд хахаж гоожтол ачиж харагдана. Асрыг буулгаж, баахан гялгар ухуулга зэргийг ачиж байгаа хүмүүсээс зүлэг дээр ичих ч үгүй шээж байх юм. Аяа энэ мунхаг, бүдүүлэг, соёлгүйн дотор агаар бүчимдэж, зэвүүцэл төрсөөр бушуухан холдов. Эндээс хөдлөөд л хотын гудамж талбайд гоожиж унах нь тодорхой.
Саранчимэг гэдэг дайчин бүсгүйн өнгөн дээр ёстой парк шиг парк байсан, цэцэрлэгт хүрээлэн шиг хүрэлэн байсныг нийслэлийнхэн андахгүй. Түүнээс хойш өдөр өдрөөр, сар сараар улам л лойж, навсайж гүйцжээ. Намрын сар гараад хог ургамлаар багсайтал дүүрээд ирнэ. Үүнийг одоо цэцэрлэгт хүрээлэн гэх үү? Бээжингийн зүгээр нэг хороо, хорины, нэг дунд сургуулийн цэцэрлэгт хүрээлэн манай үүнээс хэд дахин том буюу цэв цэвэрхэн тохитой байдгийг олон хүн хараа байлгүй. Гайхуулах юм алгаа,манайд… “Хотын даргын үзлэгийг” энэ паркт ажил хэрэгчээр явуулж, шат дараалсан арга хэмжээ авах цаг болжээ. Хүнээ хал, барь гээгүй шүү. Хотын дарга Э. Бат-Үүл өөрийн эсрэг гарын үсэг зурсан гээд Саранчимэгийг халсан. Энэ муухай улс төр үү? Хүнийг ч, эх орныг ч сэглэж дууслаа.
Нью-Йорк, Токио гэхнээ болиё, нөгөөх дооглох шахаад байдаг Умар Солонгосынхон гудамж талбайгаа нунтагаар угааж байхыг харсан. Ширхэг үс ч байхгүй, цэцгэн дунд умбадаг юм билээ. Цагаан оймстой явахад халтардахгүй. Манайх хотын гудамж талбайг угаахад ус хайран биз.Саарал ус байдагсан бол угаахсан, гэвч ундныхаа усаар машинаа угаадаг улсыг юу гэхэв дээ. 2-хон газрыг л угаая. 1-д Сүхийн талбай, 2-т энэ үндэсний паркийн талбайгаа… Зориуд хорлонтойгоор ундаа асгаад халтардуулчихсан байх юм
Нөгөө алдарт ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ яасан бэ? Задгай талбайд хог хаягдалтай тэмцэж, тэр хуулиа хайр найргүй хэрэглэмээр байна. Бяцхан хүүхдийг яахав гэе, түүнийг хөтөлж яваа гарын эзэн эцэг эхийг яалтай билээ. Энэ мэт нийтийн нүсэр том үйл ажиллагааны үеэр “ариун цэврийн цагдаа” ажиллуулмаар байна. Ийм бохир заваан үед юун САЙХАН МОНГОЛ ХҮН, САЙХАН МОНГОЛ ОРОН, ЮУН АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР ВЭ?
2О18. О6. О2
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Бүх зүйлийн буруутан нь дандаа л багш болж байна уу. Өөр хэлчих олигтойхон юм алга уу.