Хөх хотын Гран при тэмцээнд манай 28 жүдоч ур чадвар, хүчээ сорино
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй Гран при тэмцээн өнөөдөр /2018.05.25/ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо эхэлж байна.
Жүдо бөхийн Хөх хотын Гран при тэмцээнд 49 орны 399 бөх зодоглох бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 28 жүдоч хүч, ур чадвараа сорино. ОУЖБХ-ны ерөнхийлөгч Мариус Визер бөхчүүдэд хандан өчигдөр видео мэндчилгээ дэвшүүлэхдээ “Өвөрмонголд эхлэх Гран при тэмцээн нь 2020 оны Токиогийн олимпийн наадмын сонгон шалгаруулалтын эхлэл болно” гэж онцолжээ.
Хөх хотын Гран при тэмцээнд түрүүлсэн бөх 3000 ам.доллар, мөнгөн медаль 2000, хүрэл медаль 1000 ам.долларын мөнгөн шагналтай. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаан болж аваргуудаа тодруулна. Харин маргааш эрэгтэй 73, 81кг, эмэгтэй 63, 70 кг жингийн барилдаан болно. Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гарагт хүнд жингийн барилдаанууд болж, Гран при тэмцээн өндөрлөнө.
Энэ тэмцээнд хүч үзэх монголын жүдочдыг танилцуулахад: Эрэгтэй 60 кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, Б.Гаажадамба, 90 кг-д Г.Алтанбагана, Б.Бандихүү, 100 кг-д Л.Отгонбаатар, О.Цэцэнцэнгэл, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр тус тус барилдана.
Харин эмэгтэй: 48 кг-д М.Уранцэцэг, Э.Гэрэлмаа, 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн, Л.Нинжин, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, А.Бадамгарав, 78 кг-д Л.Уранчимэг, Б.Хонгорзул, +78 кг-д С.Сэржмядаг, Б.Мөнхтуяа тус тус хүчээ сорино.
2017 оны Хөх хотын Гран при тэмцээнд манай 27 жүдоч барилдаж, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж байсан билээ.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: