Дэлхийн Өрсөлдөх Чадварын үзүүлэлтээр Монгол Улс ганцхан Венесуэлийн урд оржээ
Швейцарийн IMD (Institute for Management Development) хүрээлэн жил бүр дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын индексийг гаргаж танилцуулдаг. Өчигдөр тэд 30 дахь жилийнхээ тайланг буюу IMD World Competitiveness Rankings 2018 тайланг танилцуулжээ.
Улс орнуудын эдийн засаг, ажил эрхлэлт, худалдааны статистик, авлигын түвшин, байгаль орчны асуудал, амьдралын чанар, засаглал гээд нийт 258 хэмжүүрээр энэ жил дэлхийн 63 орныг эрэмбэлжээ.
Ингэхэд Монгол Улс 63 орноос 62 дугаар байрт орж, өмнөх оны эрэмбээ хадгалсан байна. Манай улсын ард буюу 63 дугаар байранд Венесуэль улс жагсжээ.
Энэ жил өрсөлдөх чадвараар АНУ тэргүүлсэн бол араас нь Хонг Конг, Сингапур, Нидерланд, Швейцарь улсууд удаалсан байна. Өнгөрсөн 2017 онд Хонг Конг тэргүүлж, АНУ дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байжээ.
Топ 10 оронд Дани, АНЭУ, Норвеги, Швед, Канад улсуур багтсан байна.
Манай хөршүүд болох ОХУ өмнөх оноос нэг ахиж 45 дугаарт, Хятад улс таван байраар урагшилж 13 дугаарт жагсжээ.
Харин сүүлийн 5 байранд Украйн 59, Бразил 60, Хорват 61, Монгол 62, Венесуэль 63 дугаарт тус тус орсон байна.
Бүс нутгийн улс орнуудаас Япон 25, Өмнөд Солонгос 27 дугаарт тус тус жагсжээ.
Эх сурвалж: IMD.org
Р.ТӨМӨР, IKON.MN
URL: