М.ЭНХБОЛД: Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгана
- “Монголын эдийн засгийн чуулган-2018”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг -
Хатагтай, ноёд оо,
Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.
“Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж байгаа Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогч Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Монголын эдийн засгийг дэмжиж, энэхүү чуулганд оролцохоор манай улсын нийслэлд хүрэлцэн ирсэн гадаадын хөрөнгө оруулагчид, Элчин сайдын яамд, төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хүмүүст талархал илэрхийлье.
2010 оноос хойш Монголын эдийн засгийн чуулга уулзалтыг 8 удаа зохион байгуулсан байна. Чуулга уулзалт бүр өөрийн гэсэн онцлогтой байжээ. Өнөөдрийн чуулга уулзалт Монголын эдийн засаг уналтаас өсөлт рүү хандаж эхэлсэн үед болж байгааг зориуд онцлон хэлэхийг хүсч байна.
Сүүлийн 2 жилийн хугацаанд Монголын хууль тогтоох байгууллагын гаргасан шийдвэрийн дийлэнх нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гаднынхны сонирхолд нийцсэн, Монголын эрх ашигт зохицсон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийх эрхзүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн юм.
Эдийн засгийн уналтад орсон үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль тогтоох байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс зарим нэгийг нь дурьдаж хэлэх нь зөв гэж бодож байна.
2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент байгуулагдахдаа юуны түрүүнд төсвийн цэгцтэй бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн анхны зорилтыг тавьж байсан. Бид улсын төсөв, Хөгжлийн банк, Монголбанкинд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд, “Чингис” бонд, вексель, концесс зэрэг тус тусдаа зардал, санхүүжилт гаргадаг үйл ажиллагааг таслан зогсоож, нэгдсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлж чадсан.
УИХ “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталж, Засгийн газар төдийгүй орон нутагт эдийн засгийг сэргээх чиглэлээр хэн, юу хийх ёстой вэ гэдэг маш тодорхой зорилтыг баталсан. Түүний зэрэгцээ Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Үндэсний төлбөр тооцооны системийн тухай, Мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай зэрэг банк санхүүгийн үйл ажиллагааг зохицуулж байгаа багц таван хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээ авлаа.
Түүний зэрэгцээ бүтээн байгуулалтыг дэмжих боломж бололцоог бүрдүүлэх ёстой гэж үзэж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг Монголд нутагшуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудал ихээхэн чухал байгаатай уялдуулж, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ахлуулан байгуулж, Монголд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг сонсож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж ажилладаг болсон. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч төдийгүй төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ гэсэн асуудлыг хөндөж, ярилцаж, ойлголцож байх Зөвлөлдөх хороог байгуулан ажиллаж байна.
Олон улсын байгууллагууд, ОУВС, хандивлагч улс орнуудтай бүрэн ойлголцож, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Монгол Улсад тулгамдсан өр зээл, төсвийн хүндрэл бэрхшээлтэй байдлыг гэтлэн давах, гадаад орчинд Монголыг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Эдгээр арга хэмжээний үр дүнд улс орны эдийн засаг нийгмийн амьдралд тодорхой ахиц өөрчлөлтүүд гарсан гэдгийг хоёр, гуравхан тоогоор Та бүхэнд танилцуулъя.
Хасах 1.2 хувийн уналттай байсан эдийн засаг сүүлийн 6 сарын дотор 6.1 хувийн өсөлттэй болж чадлаа. Энэ бол хамгийн сүүлийн тоо. Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн газраас 2018 оны нэгдүгээр улиралд Монголын эдийн засаг 6.1 хувиар өслөө гэсэн мэдээг танилцуулсан. 2016 оны нэгдүгээр улиралд улсын төсвийн алдагдал 664 тэрбум төгрөг байсан бол 2018 оны нэгдүгээр улирлын дүнгээр 98 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ бол төсвийн талаар бидний авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн гэж ойлгож болно. Мөн гадаад улс орон, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаатай төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийж чадсан. Улс орны эдийн засаг, зээлжих зэрэглэлд үнэлэмж өгдөг олон улсын байгууллагууд ч биднийг эергээр үнэлж байна. Манай улсын дотоод валютын нөөц 2.4 дахин нэмэгдэж, 3.0 тэрбум ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалтын дотогшлох урсгал 1.6 дахин нэмэгдсэнээр 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Бид 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай улс орон гэж зарлагдаж байснаа 180 сая ам.долларын хөрөнгө оруулалттай болон уруудаж, гадаадын хөрөнгө оруулалт буурч байсан үеийг мартах учиргүй. Өнөөдөр бид энэ үзүүлэлтийг 2.3 тэрбум ам.доллар болгож чадлаа. Хөрөнгө оруулалт нэмэгдэх, бүтээн байгуулалт хийх бололцоо зөвхөн төвдөө биш, орон нутагт ч бий болж эхэлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын байгууллага Үндэсний хөгжлийн газартай хамтарч Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв аймгууд хөрөнгө оруулалтын хурал зөвлөлгөөн, чуулга уулзалтыг орон нутагтаа зохион байгуулсан байна. Хэнтий аймагт ийм чуулга уулзалт зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Ийм боломжийг бүрдүүлэхэд энд сууж байгаа бизнесийн байгууллагын төлөөлөгчид та бүхний хичээл зүтгэл асар их байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Улс орны эдийн засгийг уналтаас өсөлтөд хүргэсэн бизнес эрхлэгчид, бүтээн байгуулагчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Одоо бид цаашдаа яаж ажиллах вэ гэдэг талаар ихийг бодож, дахин алдаа гаргахгүй байхыг хичээх нь хамгийн чухал зорилт юм. Цаашид төсвийн болон гадаад өр төлбөр, зээл, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зохистой бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Макро эдийн засгийг сайжруулах, төрөөс бизнест оролцож байгаа оролцоог хамгийн оновчтой хэмжээнд байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Бизнесийг дэмжсэн бодлого явуулж, үр дүнд хүргэх явдал Монгол Улсын төр, засгийн байгууллагуудын анхаарлын төвд зайлшгүй байх ёстой асуудлын нэг юм. Тийм учраас татварын шинэчлэлийг хийж, татварын багц хуулиудыг хэлэлцэн батлах ёстой гэж үзэж байна. Одоогоос 12 жилийн өмнө татварын шинэ багц хуулийг баталж, татварын шинэ орчин бүрдүүлэн, бүс нутагтаа хамгийн бага татвартай улс орон гэж үнэлэгдэж байсан. Татварын багц хуулийг батлахдаа татварын маргааныг шийдвэрлэх асуудлыг хялбарчилж, ААН-ийн татвар төлдөг журмыг шинэчлэн, татварын шатлалыг өөрчлөх талаар тодорхой шийдлүүд гаргаж, бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой.
Энэ хуулиийн төсөлд 5000 гаруй ААН, байгууллагууд санал хүсэлтээ ирүүлсэн байна. УИХ, Засгийн газар энэ санал хүсэлтэд анхааралтай хандаж, хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг бас УИХ-аар авч хэлэлцэхээр төлөвлөж байна.
Макро эдийн засгаас гадна микро эдийн засгийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгох, микро эдийн засгийн суурь асуудлуудад анхаарлаа хандуулах нь хууль тогтоох байгууллагын ойрын үеийн зорилтын нэг байх ёстой. УИХ-ын гишүүдийн санаачилсан “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэлсэн. 2017 оны хоёрдугаар сард бид оёдол, нэхмэл, хүнс, хөдөө аж ахуй зэрэг таван салбарын, жилдээ 1.5 тэрбумаас доош орлоготой ААН, байгууллагуудыг татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тэгвэл бид 2.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой, 200-гаас доош ажиллагсадтай жижиг, дунд хэлбэрийн ААН-үүдийг татварын 1 хувийн болон зээл, урамшууллын тогтолцоонд хамруулах, тэднийг төрөлжүүлж хөгжүүлэх бодлогыг бий болгож, жижиг бизнес, ажлын байр нэмэгдүүлэх үйл ажиллагааг энэ хуулиар дэмжих ёстой гэж үзэж байна.
Эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах нь юу юунаас чухал байна. Үүний тулд УИХ ойрын үед Өрсөлдөөний тухай, Хөдөлмөрийн тухай, Аялал жуулчлалын тухай, Тендерийн тухай хууль болон хөдөө аж ахуйг дэмжих Хөдөө аж ахуйн хөгжлийн тухай зэрэг хуулиудыг батлах буюу өөрчлөн шинэчилж, эрхзүйн орчныг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно. Энэ бүхний үр дүнд эдийн засаг улам бүр чадваржиж, эрсдэлийн магадлал багассанаар улс орон хөгжих, иргэдийн амьдрал сайжрах нөхцөл бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Мөн УИХ шинжлэх ухаанд суурилсан томоохон инновац төрөн гарах нөхцөл бололцоог бүрдүүлэх бодлогыг баримталж ажиллана.
Дэлхийн банкнаас гаргадаг засаглалын индексийн судалгаагаар Монгол Улс засаглалын хувьд сүүлийн 10 жилд тодорхой амжилт олсон байна гэсэн үнэлэлт өгсөн байна. Харин хуулийн хэрэгжилт, авлигын хяналтын чиглэлд төдийлэн амжилт гаргаж чадахгүй байна гэж биднийг дүгнэжээ. Тийм учраас хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрхзүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно.
Эдийн засгийн энэхүү форум Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг хооронд нь уулзуулж, танилцуулсан, олон олон шинэ гэрээ хэлцлүүдийг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлсэн үр дүнгээр өндөрлөөсэй гэж би хүсч байна. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогодоо дахин алдаа гаргахгүйгээр, бий болгосон боломждоо тулгуурлан, хүчээ нэгтгэн ажиллахыг энэ хүндтэй индрээс Та бүхэндээ, нийт монголчууддаа хандан уриалъя.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
URL: