Тэр өдрийн тэнгэр мэднэ, ”тэнэг” намуудын заяа мэднэ
МАН, АН-ын өнөөгийн парламент яг хийсэн ясан гэр гэдэг шиг ялалт авчирсан сонгуулийн хууль батлах гээд бүтэн гурван жил мунгинав. Сонгуулийн хуулиа батлаж чадахгүй цаг нөхцөөх тусам эрх баригч хоёр нам хоёулангийнх нь нэр хүнд унаад байна гэдгийг аль аль нь ухаарах сөхөөгүй явна. Сүүлдээ хууль хэлэлцэх биш оюутнуудын дунд зохиогддог, уран АСК Авхаалж сэргэлэнчүүдийн клуб тэмцээн шиг, бөх, морь, баяр наадмын тайлбарлагч шиг юм болов оо. Сайхансамбуу гэдэг гишүүн юу гэнэв. “Шороотой бөх туг тойрдоггүй” ч гэх шиг ярилцлага өгчээ. Бас нэг гишүүн юу гэнэв. “Хаалгаар хөөгөөд гаргачихаар тооноор ороод ирлээ” ч гэх шиг.
МАН-ын нэг эрхэм гишүүн. “Улсын наадмын түрүү морьд уралдсан уралдаагүй урдуур нь цоллуулдаг” гэх юм. Ардчилсан намын нэг хэтэрхий мэргэн жараахай “Ноёны бөх ч гэсэн барилдаж байгаад давсан болж түрүүлдэг шүү дээ” гэхиймаа. Эрхэм гишүүд эдгээр үгсийг ядаж өөрсдөө хэлчихээгүй юм. Манай сонины уншигчид хүртэл мэднэ дээ. Дээрх цэц мэргэн үгсүүд манай гайгүй нийтлэлийн гарчгууд шүү дээ. Сонгуулийн хууль маань гацсаны учир.
Ардын намынхан парламентад он удаан жил суусан ахмадуудаа болон намын удирдлагуудаа жагсаалтаар оруулах гээд гэдийж нэг үзсэнээ тонгойдог. Ардчилсан намынхан болохоор намын дарга, генсек, олон жил парламентад суусан суугаагүй ялгаа юу байна. Адилхан л нэрээ дэвшүүлээд үзье, сонгогчдоор хагалуулъяа гээд тохирч нэг үзсэнээ буцаж гэдийдэг болов.
Сонгуулийн хууль бол морь уралдуулах, бөх барилдуулах монгол наадмын дүрэм биш.
Ялсан нам нь төр барьдаг ялагдсан нь сөрөг хүчин болдог дэлхийн стандарт. Сүүлдээ сонгууль маань сонины хэлэлцүүлэг болж өөр өөрсдийн хэвлэлүүдээрээ бие биенээ дайрч шоу, шог хошин үзэгдэл хөвөрсөөр… Энд нэг товчхоон түүх хүүрнэе. 1992 онд Ху намынхан өөрснөө гарцаагүй ялна гээд сонгуулийн хуулиа өөрсөндөө зориулж хийв. Нэр дэвшигчээ суулгаж байгаад сум, багаа хүртэл хувааж аваад сонгуулийн хууль болгов. Үр дүн нь яалаа даа. 1996 оны парламентын сонгуулиар “Ардчилсан холбоо” эвсэлд навс тавиулснаа санаж байна уу.
1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвсэл бас л өөрснөө дахиад ялчих санаатай сонгуулийн хуулиа хийв. 2000 оны сонгуулийг Ардчилсан намынхан мартаагүй байх. Албан ёсоор дөнгөж ганцхан суудалтай үлдэж улс төрийн тавцангаас зайлсан гашуун түүх бий. Тэгэхээр сонгуулийн хуулийг “бурхан” хийсэн ч өөртөө ашигтайгаар хийж чаддаггүй л байхгүй юу. Эрхэм гишүүд минь сонгуулийн хуулийг гагцхүү луйвардах бололцоогүй болтол нь хийж өг. Хуулиа хийх нь та нарын үүрэг болохоос саналаа хэний төлөө аль намын төлөө өгөхөө сонгогчид мэддэг юм.
Ийм л үүрэг өнөөгийн парламент хүлээнэ. Хуулиа сайн сурталчил, намууд сонгуульдаа сайн бэлд. Үнэн ярь. Хэн нь хэн бэ гэдгийг, Монголын түүхэнд ямар нам нь онц дүн тавихаар түүхэн үүрэг гүйцэтгэснийг цаашид ямар хоёр нам улс төрийг тодорхойлохыг сонгогчид ялгаад өгнө. Салгаад өгнө. Элдэв өнгийн үнэн, худлаа судалгаа явна. Тэр ялна, энэ ялна гэж мэдмэртэнэ. Тоймч судлаачид, мэргэч төлөгч үзмэрч, бөө ирэх жилийн сонгуулийг байтугай далд ертенцийг хардаг увидаст нар тодроод ирлээ.
Гэвч тэд нэг л зүйлийг тухайлбал сонгууль үйлдвэрлэж чадахгүй. Бас сонгуульд хэн. ялахыг хэлж чададгүй. Харин Монгол ардын нэг сайхан үг байдаг юм. “Тэр өдрийн тэнгэр мэднэ, тэнэг миний заяа мэднэ” гэж тэгэхээр сонгуулийн хуулиа ямраар ч хийсэн” Тэр өдрийн тэнгэр мэднэ,”тэнэг” намуудын заяа мэднэ. Заяа байвал ямар ч аавын хүү “зайсан сууж” гишүүн болж болно шүү дээ.
Г.ДАШРЭНЦЭН
URL: