Монголчуудын жилийн хэрэглээ 3.2 тэрбум ширхэг тамхийг татвараар хязгаарлая
Хулгана болон мэрэгч амьтдыг устгахад хэрэглэдэг арзен, хорт хийн камерт ашигладаг цианид, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг бохь, донтуулах үйлчилгээтэй никотин агуулдаг зүйлийг та хэрэглэдэг юм биш биз. Энэ мэт 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэлтэй, үүний 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай зүйлийг та худалдан авсаар л байна уу. Хор хөнөөлийг нь мэддэг мөртлөө өдөр бүр, цаг тутамд “нөхөрлөж” эрүүл мэндээрээ хохирч, улмаар амь насаа алдаж буй нь харамсалтай. Тодруулбал, Монгол Улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь, нийт эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татаж байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад эрс нэмэгдсэн үзүүлэлт төдийгүй сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тамхинд хошуурах болов. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаагаар тэдний 22 хувь нь татдаг, 61.3 хувь нь татаж үзсэн гэж хариулжээ. Гэтэл үүний цаана тамхинаас үүдэлтэй өвчлөл газар авч, эрдэнэт хүн олноороо амь насаа алдаж байна. Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчнөөр жил бүр 7.2 сая хүн нас бардаг. Тиймээс уг асуудалд одоо л анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авахгүй бол 2030 он гэхэд арван саяас илүү, энэ зууны төгсгөл гэхэд тэрбум гаруй хүн хорвоог орхиж магадгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/- аас анхааруулж байна. Энэ нь тамхи хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлж буйн бодит жишээ юм.
… Сүүлийн жилүүдэд ид хөдөлмөрлөх насныхан тамхи татсанаас болж зүрхний шигдээс болох нь энгийн үзэгдэл болов. Улсын хэмжээнд уушгины хорт хавдартай 16 мянга гаруй хүн байна. Халдварт бус өвчин үүсгэгч дөрвөн хүчин зүйлийн хоёрдугаарт хорт зуршил буюу тамхи бичигдэж байгаа нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын хүрээний асуудал биш, үүнд бодлогын зохицуулалт, хяналт шаардлагатай…
УУШГИ, ЗҮРХЭЭ ХАЙРЛАЖ, УРТ НАСЛАЯ
Тамхи татдаг хүмүүсийн 90 орчим хувь нь амьсгалын замын хүндрэлтэй төдийгүй уушги, уруул, амны хөндийн хавдар тусах эрсдэл өндөртэй байдгийг эмч нар анхааруулж байна. Мөн буйлны өвчин, шүд сулрахаас гадна цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багасч эрхтэн тэжээлээр дутагдан зүрх, тархины шигдээс үүсгэдэг. Тиймээс эрдэмтэд тамхийг нэг төрлийн өвчин гэж үзэх болжээ. Учир нь, уушгины хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй бөгөөд тамхи татдаг арван хүний ес нь уг хавдраар нас бардаг байна. Тамхи татдаг 40 настай хүний уушги 70-тай хүнийх шиг харагддагийг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Иймд жил бүрийн тавдугаар сарын 31 буюу дэлхийн тамхины эсрэг өдөр болон бусад аль ч цаг үед холбогдох байгууллагаас тамхины хор уршгийг ойлгуулах ухуулга хийх зэргээр шаардлагатай ажлыг удаа дараа зохион байгуулдаг ч хэрэглээ төдийлөн буурахгүй байгаа нь тамхины талаар буруу ойлголттой явдагтай холбоотой. Тухайлбал, “Бусад эрүүл зан үйл, зуршил намайг эрүүл байлгана”, “Зөөлөн, нарийн шүүлтүүртэй тамхи эрсдэл багатай байдаг”, “Би маш олон жил татаж байгаа учраас аль хэдийнэ эд эрхтэн хордсон. Тамхинаас гарсан ч, гараагүй ч ялгаа байхгүй”, “Тамхинаас гарна гэхээр их зовдог”, “Тамхи татахгүй болохоор жин нэмдэг, нүүрэн дээр юм гардаг” гэх мэт өрөөсгөл ойлголт нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Нэг ширхэг тамхи татах бүрт таны нас 7-11 минутаар хорогддог гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Харин тамхинаас “салснаар” нэг жилийн дараа зүрхний өвчлөлд өртөх магадлал тамхи татаж буй хүнтэй харьцуулахад 50 хувиар буурна, таван жилийн дараа тархины харвалтын эрсдэл буурч, амны хөндий, залгиур, улаан хоолой, хавдар тусах магадлал мөн хувиар буурч, арван жилийн дараа дундаж наслалт тамхи татдаггүй хүнийхтэй адил болдгийг эмч хэллээ. Сүүлийн жилүүдэд ид хөдөлмөрлөх насныхан тамхи татсанаас болж зүрхний шигдээс болох нь энгийн үзэгдэл болов. Улсын хэмжээнд уушгины хорт хавдартай 16 мянга гаруй хүн байна. Халдварт бус өвчин үүсгэгч дөрвөн хүчин зүйлийн хоёрдугаарт хорт зуршил буюу тамхи бичигдэж байгаа нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын хүрээний асуудал биш, үүнд бодлогын зохицуулалт, хяналт шаардлагатай.
ТАТВАРЫН БОДЛОГООР ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАСАН ЖИШИГ БИЙ
Архи тамхи, мөрийтэй тоглоом, автомашин, дизелийн түлш гэх зэрэг тодорхой бараа, үйлчилгээний улмаас эцэст нь нийгмийн өртөг өндөр гарах тохиолдол байдаг учраас иргэдийнхээ хэрэглээг багасгах зорилгоор дэлхийн олон улс орон үйлдвэрлэгч болон нийлүүлэгчдэд онцгой татвар ногдуулдаг. Үүний нэгэн адил Монгол Улс тамхинаас хоёр хувийн татвар авч байна. Энэ нь бусад улс оронтой харьцуулахад 2-3 дахин бага үзүүлэлт юм. Тийм ч учраас тамхины үйлдвэрлэл дөрөв дахин нэмэгдэж, импорт 2.5 дахин өсч, тэр хэрээр тамхины хэрэглээ газар авч байж ч болох юм. Иймд олон улсын жишгийн дагуу татварынхаа бодлогоор тамхины хэрэглээг удирдах цаг болсныг дээр дурдсан тоо баримт сануулж байна. Украйн улсад тамхины үнийг 50 хувь нэмэгдүүлэхэд хэрэглэгчдийн тоо 500 мянгаар буурч, 253 хүний амь нас аврагдаж, жилд төсөвтөө 281 сая ам.доллар төвлөрүүлжээ. Мөн ОХУ тамхины онцгой албан татвар нэмэх шийдвэр гаргаснаар 80 мянган хүнийг зүрх судас, уушгины хорт хавдраар өвчлөхөөс урьдчилан сэргийлж чадсан байна. Цаашид үнийг нь 70 хүртэл хувиар нэмэгдүүлснээр 2.7 сая хүнийг тамхинаас гаргаж, жилд зургаан тэрбум ам.доллар төсөвт төвлөрүүлэх боломжтой хэмээн тооцжээ. Тэгвэл манай улс тамхинд ногдуулах онцгой албан татварыг нэг дахин нэмэгдүүлбэл, төсвийн орлого 30-40 тэрбумаар нэмэгдэх боломжтойн зэрэгцээ тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчний тархалт буурах юм. Монгол Улс жилд 57.2 тэрбум төгрөгийг халдварт бус өвчний эмчилгээнд зарцуулдаг байна. Иймд тамхины онцгой албан татварыг зохимжтой хэмжээгээр нэмэгдүүлбэл иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийг хамгаалах бүрэн боломжтой. Аливаа зүйл ялангуяа санхүүтэй холбоотой асуудал олон нийтийн тэр дундаа тухайн бизнесийнхний эсэргүүцэлтэй тулгардаг. Тиймээс зөвхөн өнөөдрийг харж бус ирээдүйг бодож шийдвэр гаргах нь зүйтэй.
ТАТВАРЫГ ДУНДАЖ ОРНУУДЫН ТӨВШИНД ХҮРГЭВЭЛ ИЙМ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ
ДЭМБ, Монгол Улсын 2011-2015 оны тамхины татварын үнэлгээ ба татварыг нэмэгдүүлэх тооцооллоор онцгой албан татварыг ижил төстэй дундаж орнуудын төвшин буюу 0.34–0.64 ам.доллар болгон нэмэгдүүлбэл 75 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт орж, үүгээр 57 цэцэрлэг эсвэл хүүхдийн есөн эмнэлэг барьж болно. Харин 0.34-1.0 ам.доллар болгон нэмэгдүүлбэл улсын төсөвт 146.5 тэрбум төгрөгийн орлого орох бөгөөд энэ нь 112 цэцэрлэг эсвэл хүүхдийн 18 эмнэлэг барих хөрөнгө юм. Үүнээс гадна өрхийн хувьд ч тамхинд зарцуулдаг мөнгөөрөө хуримтлал үүсгэх боломж бий. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар монголчууд жилд 3.2 тэрбум ширхэг тамхи татдаг бөгөөд жилд дунджаар 100 тэрбум төгрөгөөр өвчин худалдан авдаг байна. Нэгэн жишээ татъя. Өрхийн нэг гишүүн долоо хоногт дөрвөн хайрцаг тамхи татдаг гэж бодъё. Нэгийг нь 4000 төгрөгөөр худалдан авдаг гэж тооцвол долоо хоногт 16 мянган төгрөгийг тамхинд зарцуулж байна гэсэн үг. Тодруулбал, жилд 800 орчим мянган төгрөгийг зөвхөн тамхинд зарцуулж, энэ нь өрхийн орлогын 6.4 хувийг эзэлж байна. Тэгвэл өдөрт нэг талхыг 1400 төгрөгөөр худалдан авдаг гэвэл жилд 511 мянган төгрөгийг зарцуулж байна. Үүнээс харахад хүн бусад хэрэглээнээс тамхинд илүү их мөнгө зарцуулдаг нь харагдаж байна. Үр дүнд нь эрүүл мэндээрээ хохирч, эцэст нь эмнэлгийн хаалга татна.
ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ, ЭМНЭЛГИЙН ХААЛГА ТАТАХГҮЙН ТУЛД ИНГЭХ ХЭРЭГТЭЙ
Юуны түрүүнд иргэд идэвх зүтгэлтэй, цаашлаад эрүүл мэндийн байгууллага манлайлахын сацуу салбар бүр тамхины эсрэг нэгдэж, хамтын ажиллагаа түншлэлийг өргөжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Монгол Улсын төр, засаг амьд баялаг болсон хүнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж, тамхины хэрэглээнд хязгаар тогтоож, хууль хүртэл гаргасан. Энэ бол эхний алхам боловч үүнд сэтгэл ханаж болохгүйг олон зүйлээс харж болно. Тиймээс цаашид хэд хэдэн асуудалд анхаарал хандуулж, зохих шийдвэр гарган хэрэгжүүлснээр олон хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах боломжтой. Тухайлбал,
Тамхины татварыг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх.
Тамхины хяналтын тухай хуульд тамхины татварыг нэмэгдүүлж, хэрэглээг бууруулна гэж тусгасан. Мөн 21 -ээс доош насны хүнд болон ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд тамхи худалдаалахыг хориглосон. Энэ мэт тамхины хэрэглээг багасгахад чиглэсэн, оновчтой заалт цөөнгүй бий. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй.
Тамхины хяналтын салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах.
Хүн амын дунд тамхины хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгааны ажлыг эрчимтэй зохион байгуулах.
Тамхины хяналтын чиглэлээр ажиллаж буй төр, төрийн бус байгууллагыг чадавхжуулах.
Сүүлийн үед электрон тамхи хор хөнөөл багатай гэсэн өрөөсгөл ойлголт бий болсон учраас үүнд тавих хяналтыг сайжруулах.
Бусдыг даган дуурайж өсвөр үеийнхэн тамхи татаж буйд эцэг, эх хяналт, багш болон сургуулийн захиргаа шаардлага тавих хэрэгтэй.
Тамхины шууд бус зар сурталчилгаа болон тамхины хууль бус худалдаанд тавих хяналтыг сайжруулах.
Зарлах, зайлсхийх, зөвхөн ус уух, амьсгалах, завгүй байх, залбирах, сүсэглэж зургаан “З”-гийн аргыг ашиглаж, тамхийг биш эрүүл мэндээ сонгоё.
С.Юмсүрэн
URL: