Допингийн эсрэг үндэсний төвийнхөн нэр төрөө сэргээлгэнэ гэв
Допинг бол спортын шударга өрсөлдөөнийг үгүй хийж, тамирчдын амь, эрүүл мэнд, үр удамд ноцтой хохирол учруулдаг учир дэлхий нийтээр спортод хориглох болсон. Түүнчлэн тамирчдын санаачилгаар Дэлхийн допингийн эсрэг агентлаг байгуулагдаж, харьяа бүс төв буюу Допингийн эсрэг үндэсний байгууллагыг ихэнх улсад байгуулсан.
Тус байгууллагуудын нэг нь Монгол Улсын допингийн эсрэг үндэсний төв юм. Эл байгууллага нь ямар нэг спортын холбоо, хувь хүнээс хараат бус үйл ажиллагаа явуулж, тайлангаа жил бүр Төв Азийн бүсийн допингийн эсрэг байгууллага болон Дэлхийн допингийн эсрэг агентлагт тайлагнадаг хараат бус, биеэ даасан олон улсын харьяа байгууллага юм. Тус төвөөс энэ талаараа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус байгууллагын гүйцэтгэх захирал Г.Сүхбат “Допингийн шинжилгээ хийх үйл явц нь олон улсын шинжилгээ авах стандартын дагуу дээд зэргийн нууцлалтайгаар хийгддэг.
Гэтэл допингийн шинжилгээний дээжийг сольж болдог, допинг илэрсэн тамирчдыг чөлөөлж болдог гэсэн утга бүхий хуурамч мэдээллийг олон нийтэд түгээж буй нэр бүхий сайтууд манай байгууллага, хувь хүмүүсийн нэр төрд ноцтой халдлаа. Энэ талаар бид удаа дараа сануулсан ч энэ гүтгэлэг зогсохгүй байна.
Үүний цаад учир нь өөрсдийнхөө хууль бус үйлдлийг бусдад тохохыг оролддог муу зуршил Монголын үндэсний бөхийн зарим тамирчинд бий болсон байна. Иймээс энэ хэвлэлийн хурлаар дамжуулан бидний нэр төрд халдсан цахим мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүсийг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэв.
Допингийн эсрэг үндэсний төв нь 1,000 гаруй тамирчин, дасгалжуулагч болон олон тооны спорт холбоодын ажилтан, эмч нарыг допингийн эсрэг сургалт сурталчилгаанд хамруулжээ. Өнгөрсөн жилд л гэхэд спортын 20 төрлийн, 270 гаруй тамирчнаас тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээ авч,
ДДЭА-ийн итгэмжлэгдсэн БНСУ-ын Допингийн лабораторид илгээж шинжлүүлсэн аж. Энэ тамирчдын арав гаруйд допинг илэрсний тав нь үндэсний бөх байсан гэнэ. Дээрх хэвлэлийн хурлын үеэр Допингийн эсрэг үндэсний төвийн их эмч Д.Энхмаа “Өнгөрсөн онд баяр наадмын үеэр 16 бөхөд, түүнээс хойш нийт 31 бөхөд шинжилгээ хийсэн. Манай төв допингийн шинжилгээг авсны ард итгэмжлэгдсэн лаборатори руу илгээдэг. Харин допинг илэрсэн тамирчдад хариуцлага тооцох үйл ажиллагааг тухайн байгууллага нь шийддэг. Манай байгууллага шинжилгээг авах, явуулах, ирсэн хариуг холбоонд мэдэгдэх үүрэгтэй” гэлээ.
Мөн тэрбээр шинжилгээ авах үйл явцын хувьд “Эхлээд Допингийн эсрэг үндэсний төвөөс тамирчинд мэдэгдэл өгөх буюу хяналтын хуудсыг бөглүүлж гарын үсэг зуруулдаг. Хуудсан дээр тамирчны сүүлийн долоо хоногт хэрэглэсэн эм тариа, сүүлийн 30 хоногт хэрэглэсэн цусны бүтээгдэхүүн болон шаардлагатай бусад бүх мэдээлэл багтдаг.
Тамирчинг тэмцээнээ дуустал хянагч ажилтан дагаж, допингийн шинжилгээ өгөх байранд ирдэг.Тамирчин тухайн үедээ шээх боломжтой байвал шээсний савнуудаас сонгож шинжилгээ өгдөг. Хамгийн багадаа гурван савнаас дурын саваа сонгох боломжтой. Мөн тамирчин өөрөө саваа үзээд лац нь гэмтсэн байна гэж үзвэл өөр сав сонгох эрхтэй. Шинжилгээний бүх үйл явц тамирчны өөрийн гараар хийгддэг. Бид зөвхөн ажиглаад мэдээллээ авч, хуудсаа бөглөх л үүрэгтэй.
Шээсний савны дээд хэсэгт улаан гогцоо байдаг. Тэрийг нь аваад таглахад шил дахин гараар онгойлгох боломжгүй болж, лаборатори дээр тусгай аппаратаар л нээгдэнэ. Сав болон хайрцаг нь адил дугаартай байдаг. Сав, шээс солигдох ямар ч боломж байхгүй. Шинжилгээний хэрэгслүүд нь ДДЭА-ын баталгаажсан үйлдвэрээс захиалгаар ирдэг” гэсэн юм.
Сонирхуулахад, ДДЭА-аас жил бүр хориглосон эмийн жагсаалтыг гаргадаг бөгөөд нэг жилд уг жагсаалт дунджаар хоёр, гурван эмээр нэмэгддэг аж. Тиймээс эдгээр эмийн жагсаалтад орсон бодисоос хэрэглэсэн байх нь тогтоогдвол допинг хэрэглэсэн гэж үздэг байна.
М.МЯГМАРНАРАН, ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL: