Дуулдаггүй бөх, зугаагүй шоу олширлоо. Яах вэ
Интертайнмент гэдгийг олон улсад уг нь зугаа цэнгэл, алжаал тайлах урлаг гэж тодорхойлдог юм билээ. Гэтэл манайд аль дуртай телевиз нь хэдэн “дурны хонгио” цуглуулаад шоу гэх нэртэй, дунд сургуулийн хүүхдүудийн уралдаан тэмцээнээс дор засалттай тайзан дээр тэднийгээ дуулж хуурдуулдаг болсон байна. Үүнд өнөө цагийн наадмын ногоон дэвжээний тэргүүлэх эгнээнд жагсч, баруун зүүний дагавар магнайд гардгаас нь эхлээд улсын цолонд ойрхон яваа, олны хүндэтгэлийг хүлээдэг аймаг, цэргийн цолтой бөхчүүд ч оролцдог болжээ. Хүн л юм чинь дуулж хуурдалгүй яадаг юм бэ гэж өмөөрөх нэгэн байхад бөх нь уран сайхан мэх, хүч чадлаараа зүлэг ногоон дэвжээгээ чимж, дуучин нь төрөлхийн авьяас, дуу хоолойгоороо урлагийн тайзнаа гайхуулж явах нь зохистой гэж үзэх хэсэг ч байна. “Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай” гэж өөрсдийгөө дөвийлгөдөг монгол эрчүүдийн тухайд сүүлийнх нь хамгийн сайн сонголт болох биз ээ.Үүнийг яг үнэндээ Монголын үндэсний бөхийн холбооныхон өөрсдөө эвдэж, “Хийморь дагасан аялгуу” тоглолтыг анх зохион байгуулж, улсын арслан (энэ удаа нэрийг дурдахаас татгалзав)-гаас авахуулаад аймаг, сумын цолтнууд хүртэл оролцож байлаа. Дараа нь Соёлын тэргүүний ажилтан, дуучин О.Баянмөнх “Мартахгүй” тоглолтоо улсын цолтой бөхчүүдээр “чимж” байсан юм. Энэ байдал бага багаар ахиж “газар авсаар” сүүлийн үед “Малчин” телевиз уяачдаар дуулуулав. Монголын эрийн гурван наадмын нэг нь сурын харваа болохоор “Сурчид дуулж байна” гэсэн ямарваа уралдаан тэмцээн зохион байгуулсан байх магадлалтайг тооцоолж “Google”-ээс хайсан боловч мэдээлэл олдсонгүйд баярлах ч шиг. Бас нийгэмд түгээмэл ажил мэргэжпийн хүмүүсийн ийм шоу уралдаан байдаг эсэхийг шалгасанд улсын хэмжээний юмуу телевизийн шоу байдаггүй бололтой юм. Одоохондоо ингээд зогссон нь яамай даа. Эс тэгвэл цаашдаа “Уурхайчин дуулж байна”, “Сувилагч бүжиглэж байна”, “Сэтгүүлч хөгжимдөж байна” гэсэн ажил мэргэжил бүхний авьяастныг тодруулах уралдаан тэмцээн (шоу гэвэл арай өөр юм байх болов уу) зохиогоод эхэлбэл юу болохсон билээ. Ямар сайндаа мэргэжил нэгтэн маань “Твиттерчид дуулж байна” шоу зохиохыг уриалсан байх вэ. Энд хэн нэгний дуулж хөгжимдөж, бүжиглэж наадахыг хориглох гэсэнгүй. Зөвхөн аливаа юм өөрийнхөө байранд, хэн нэгэн хэр хэмжээндээ байхыг л сануулах гэсэн хэрэг.
URL: