“Бид хариуцлагатай гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллаа
Баянзүрх дүүрэг энэ оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлаж, Хүүхдийн III чуулганаа амжилттай зохион байгуулсан билээ. Чуулганаас гарсан зөвлөмжийн дагуу дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дэлхийн Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Бид хариуцлагатай гэр бүл” сэдэвт өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
“Хүүхдийн хөгжлийн жил”-ийн хүрээнд болсон өдөрлөгийн гол зорилго нь өрх, гэр бүлийн уламжлал болон өнөөгийн амьдралын дүр төрх, хэв маяг, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргын талаарх мэдлэг, туршлага, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүлийн боловсролын талаарх ойлголт мэдлэгийг өгөх, гэр бүлийн тухай хуулийг сурталчилахад оршсон юм.
Өдөрлөгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваа, дүүргийн ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс, дүүргийн 28 хорооноос болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
“Бид хариуцлагатай гэр бүл” өдөрлөгт дүүргийн 28 хорооны төлөөлөл болох 200 гаруй гэр бүл оролцсон юм. Өдөрлөгийн үеэр НҮБ-ын Хүн амын суурьшлын хөтөлбөр, жендерийн мэргэжилтэн Н.Золзаяа, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэг, Үндэсний аюулгүй байдлын “Стратеги судлалын хүрээлэн”-гийн Эрдэм шинжилгээний ажилтан АУ-ны доктор Э.Энхмаа нар сонирхолтой лекц, илтгэлийг уншлаа. Мөн 84, 97 дугаар сургуулийн авьяаслаг сурагчид өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт мэндчилгээ дэвшүүлсэн юм хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: