Богд хааны ордон музейн газарт барьсан АПУ-гийн барилгуудыг нураахыг шаардлаа

20682

Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд хэд хэдэн компанид хууль бусаар газрын зөвшөөрөл олгосон талаар түүх, соёл судлаач Г.Баттогтох, урлаг судлаач доктор С.Батсайхан болон МУИС-ийн түүхийн тэнхим, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Гандан тэгчинлэн хийдийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн тогтоолд “Богдын ногоон ордны хамгаалалтын бүсийг 5.7 га байна” гэж тусгажээ. Гэвч өнгөрсөн 17 жилийн хугацаанд тус тогтоолыг зөрчин тухайн бүсэд нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгосон байна. Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газраас 2013 оны наймдугаар сарын 12 өдөр Богд хааны ордон музейд ирүүлсэн бичигт дурджээ.

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А492 захирамжаар “Ван трейд” компанид 1.6 га, 2010 оны 415 дугаар захирамжаар “Номуун гэрэл” төвд 5512, 2011 оны 539 дүгээр захирамжаар “Интернэшнл медикал центр” компанид 1319, 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 метр квадрат газрыг тус тус эзэмшүүлж гэрчилгээ олгосон байна.

Түүнчлэн 2011 оны  долдугаар сард нийслэлийн Засаг даргын шийдвэрээр “Грийн эйр гарден” компанид Богдын өвлийн ордны цаана кочид буудал барих зөвшөөрөл олгожээ.

Г.Баттогтох “Эдгээр компаниудыг бид АПУ компанийн охин компани гэж хардаж байна. “Номун гэрэл” төвийг ШУА-ийн академич Д.Цэрэнсодном эзэмшдэг. Түүх, соёлоо хамгийн их мэддэг энэ хүн Богдын ордон музейн газрын асуудалтай холбогдож байгааг гайхаж байна” гэсэн юм.

Саяхан тус хамгаалалтын бүсэд NTV телевиз хөл бөмбөгийн талбай, асар барих гэж байсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Энэхүү түүхэн дурсгалт газрыг хамгаалах, цаашид хөгжүүлэх талаар Төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, нийлэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод хандан захиадал бичжээ. Тэрбээр Богдын ордон музейн газрын асуудлыг нэн даруй шийдвэрлэж, 1911 оны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд зориулсан хөшөөт цогцолбор байгуулах тухай асуудлыг яаралтай шийдэж өгөхийг уриалсан байна.

Тэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандан дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

  1. Богд хааны ордон музейн эзэмшил газарт хууль ёсыг уландаа гишгэн хөл бөмбөгийн асар барьж буйг нэн даруй зогсоох, нөхөн сэргээлгэх
  2. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолд Богдын ногоон ордны хамгаалалтын бүсийг 5.7 га байхаар тусгасан. Уг тогтоолыг зөрчиж барьсан байгууламжуудыг нурааж, музейн хууль ёсны газрыг чөлөөлөн Богд хааны ордон музейд газрын гэрчилгээ нэн даруй олгож, эл түүх соёлын дурсгалт газрыг дархлах
  3. Богд хааны ордон муйзейд байнгын харуул хамгаалалт бүхий түүх, соёлын цогцолбор байгуулах шийдвэрийг нэн даруй гарган хэрэгжүүлэх
  4. Түүх соёлын дурсгалт газрыг тонон, дээрэмдэж буй энэ мэт үйлдлүүдийг дахин гаргуулахгүй байх талаар соён гэгээрүүлэх далайцтай ажил өрнүүлж, хууль тогтоолыг чанд сахиулах зэргийг тусгажээ.

Энэхүү шаардлагын хариуг ажлын гурав хоногт багтаан ирүүлэхийг хүссэн байна.

Ц.Цэнгэл


URL:

Сэтгэгдэл бичих