Дотоодын аялагчдын тоо ХОЁР саяд хүрчээ
Монголд аялал жуулчлал гэдэг нь зөвхөн гадаад орноос жуулчин хүлээн авах гэдэг ойлголтоос гадна дотоодын аялал жуулчлал, outbound буюу гадаад руу аялуулах зах зээлд өрсөлдөж, аялагчдын тоо жил ирэх тусам өсөж байна. 2016, 2017 онд хоёр сая гаруй монгол иргэн дотооддоо аялжээ.
Дотоод аялагчдын тоо Монголын хүн амын гуравны хоёртой тэнцэх хэмжээнд өсөж, найз нөхөд, гэр бүлээрээ аяладаг болсон байна. Гаднаас ирэх жуулчдаас гадна дотоодын аялагчдын идэвх өндөр болсоныг дээрх тоон үзүүлэлт нотолж байгаа юм.
Манай улс 2017 онд аялал жуулчлалын салбараас 400 сая ам.долларын ашиг олжээ. Монгол Улсыг зорьж ирсэн жуулчдын тоо 2017 онд 470 мянга хүрсэн.
Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвөөс монголчуудын дотооддоо аяласан тоо баримтын судалгааг гаргажээ. Ингэхдээ жуулчдын аялал жуулчлалын бүс рүү нэвтрэх тасалбарын тоог гол үзүүлэлт болгосон гэнэ.
2017 онд Аглаг бүтээлийн хийд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт тус бүр 500 мянга гаруй иргэд зочилжээ.
Аглаг бүтээлийн хийдэд гэхэд өдөрт очдог хүмүүсийн тоо 200 хүрдэг байна. Хөвсгөл нуурын хувьд өнгөрөгч наадмын өдрүүдэд очсон дотоодын жуулчны тоо 5,000-7,000-д хүрч байжээ.Хөвсгөл далай дээр болсон “Хөх сувд” мөсний баярт гэхэд 15,000 дотоодын аялагчид саатсан байна.
2017 онд Хамрын хийдэд 54,000, Эрдэнэзуу хийдэд 40,000, Хустайн байгалийн цогцолбор газарт 20,000, Орхоны хөндийн Улаан цутгаланд 15,000 дотоодын жуулчид аялажээ.
Чингис хааны төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Дадал сумаар 3,000 гаруй хүн зочилсон байна. Сэлэнгийн Амарбаясгалан хийдийн ёслолд 3,000 хүн оролцжээ. Аймгийн ойн баяр наадам, Их хурд даншиг наадмыг зоригсдын тоо тус бүр 1,000 давсан үзүүлэлттэй гарчээ.
UNWTO буюу НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2017 оны тайлангаас харахад 2017 онд 1.3 тэрбум жуулчин аялсан байна. Энэ нь 2016 оны мөн үеэс 7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2018 онд 2017 оноос 6-7 хувиар өсөх хүлээлт үүсгээд байгаа аж.
Харин 2030 он гэхэд энэ тоо 2 тэрбум давна гэж үзсэн байна.
Ази-Номхон далайн бүс нутагт 2017 онд 324 сая жуулчин иржээ.
URL: