Монгол бичгийг үү, дэлхийн соёлыг уу
Уйгур бичиг бол Монголын үндэсний бичгийн их соёл мөн. 1940 –өөд оноос Бүгд Найрамдах Монгол Ард Улс сургалтдаа кирилл бичиг хэрэглэх түүнд шилжих ажлыг албан ёсоор эхлүүлсэн түүхтэй. Кирилл бичгийн цагаан толгойг эрдэмтэн зохиолч Ц. Дамдинсүрэн тэргүүтэй хүмүүс орос бичгээс авч одоогийн 35 үсгийг зохиосон байна. Энэ үеэс монгол хүн кирилл бичигтэй болж түүгээр дамжин дэлхийн их гүрэн Зөвлөлт Холбоот Улсын соёл иргэншилтэй танилцаж “Билгийн нүд”-ээ нээсэн гавьяатай. Орос улсын түүх соёлоор дамжин дэлхий нийтийн зан заншил, түүх соёл, үзэл бодол ялангуяа түүний доторх утга зохиол, урлагтай танилцсанаар бусдын эрхшээлд олон зуун жилээр байж харанхуй бүдүүлэг явсан Монгол Улс орчин цагийн соёлт улс болтлоо дэгжин дээшилж хөгжсөн юм.
Энэ үгийг Монголыг мэдэх түүх бүхэн өнөөдөр үгүүлнэ. Кирилл бичигтэй болсноор монгол хүн оросын хийгээд түүнд нэгдсэн олон үндэстний сая саяар тоологдох бичгийн их бүтээлүүдтэй танилцаж судалсан нь агуу их ололт байсан бөгөөд түүний үр дүнд монгол эх орондоо социалист нийгмийг цогцлоон байгуулж явсан түүхтэй. Ер нь ямар ч нийгэм байлаа тэр нь хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийн тодорхой дэвшил, түүхэн шат байдаг. Ийм учраас тийм нийгэм сайн, тийм нийгэм муу гэх аргагүй аж. Уйгур буюу монгол бичиг нь бидний өвөг дээдсийн бичиг учраас орхиж болохгүй, гээж мартаж болохгүй соёл мөн. Тиймээс ч ерөнхий боловсролын сургуульд заадаг. Энэ бол үндэсний нэгэн соёлоо таниулж, өвлүүлэн залгамжлуулах үндэсний бодлогын нэг хэсэг яах аргагүй мөн. Харин хэтэрхий товойлгон тунхаглах нь үр дүн муутай бөгөөд явцгүй юм. Монгол бичгийг авч үлдсэн цорын ганц орон бол Өвөрмонгол. Монгол бичгээр бичдэг өөр улс байхгүй. Энэ утгаар нь монгол бичгийг явцуу хүрээтэй бичиг гэж хэллээ. Хүн бүхэн өөр өөр болохоор сургуульд заалгасан монгол бичгээ цааш гүнзгийрүүлэн сураад эртний түүхт судар бичгийг судлан орчуулж улс орондоо түүхэн үүрэг гүйцэтгэж яваа нэг хэсэг байна.
Монгол бичгээ сонирхож өдөр тутмынхаа бичгийн хэрэглээ болгож яваа хүмүүс ч байна. Энэ нь даанч цөөхөн юм. Ийм хүмүүс бол үндэсний бахархал мөн.
Гэтэл монгол бичгийн анхан шатны мэдэгдэхүүнтэй хэвээрээ үлдэж байгаа бас нэгэн хэсэг байна. Ямар ч байлаа эд бүгдээрээ монгол бичгийн их соёлоо өвлөн хөгжүүлж, авч яваа хүмүүс мөн. Энэ бол сургуульд үндэсний монгол бичгээ заасны гавьяа. Монголчуудын хувьд монгол бичгийг ийм л түвшинд авч явахад болно. Гэтэл сүүлийн үед монгол бичгийг төрийн бичиг болгох, бүх нийтээр монгол бичигтэй болох тухай их тунхаглах боллоо. Угаас суурь муутай монгол бичигт бүх нийтийг тайлан сургах, төрийн хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болтол хамгийн багадаа 30 жил шаардагдах бол уу. Энэ бол Монгол Улс бичиг соёлоо бүр эхнээс нь дахиад эхэлнэ гэсэн үг.
Гэтэл шинжлэх ухаан техник, дэлхий нийтийн соёлын хөгжил цагаар биш хормоор хурдлан урагшилж байгаа одоо үед бид монгол бичигтэйгээ зууралдсаар мөн ч хол хоцорно доо. Хөгжил биднийг хүлээхгүй. Бид кирилл бичгийг 78 жил зааж, хэрэглэж байж бичиг соёлын өнөөдрийн түвшинд ирсэн. Кирилл бичигтэй учраас орос, англи, латин … бусад бичгийг ч амархан сурч, эзэмшиж байна. Бичгийн зөв соёл гэдэг ийм л чухал үүрэгтэй аж. 1991 онд сургуульд орсон хүүхдүүдийг монгол бичгээр дагнан дөрвөн жил сургаад үр дүн нь юу болж дууслаа даа. Тэр хүүхдүүд монгол бичиг ч үгүй, кирилл бичиг ч үгүй болж их зүдэрснийг бүгдээрээ мэдэх л ёстой. Тэд өнөөдөр ч кирилл бичигт сайн биш хэвээр байна. Монгол Улс кирилл бичгийг халж, монгол бичгээ хэрэглэлээ гэж бодъё. Тэгвэл дараах сөрөг үр дагавар бий болно.
Нэгдүгээрт, Монгол бичгээр бичсэн бидний бичгийг зөвхөн өвөрмонголчууд л уншина. Өөр хэн ч уншихгүй . Хоёрдугаарт, Хойшоо бичдэг бичгийг Монголын хойч үе мэдэхгүй болж, өснө. Ингэснээр монгол хүн дэлхий нийтийн бичиг соёлоос тасарч, цаашдаа дэлхийн соёл иргэншлээс хоцроход хүрнэ.
Гуравдугаарт, Доошоо гүйлгэн бичдэг бичигтэй болсноор хөндлөн бичдэг бичгээс холдож хөндийрнө. Ингэснээрээ орос , латин, англи болон бусад улсын бичгийг сурахад хүндрэлтэй болно.
Дөрөвдүгээрт, Олон арван жилийн явцад монголчуудын оюун санаа, хүч хөдөлмөрөө заран байж кирилл бичгээр бүтээсэн бичгийн их бүтээл туурвил ашиглагдахгүй болж нэг ёсондоо хэрэггүй болно. Хүн төрөлхтөн мэдсэн дээрээ тулгуурлан мэдэж, сурсан дээрээ дөрөөлөн сурч, хийсэн бүтээснээ нандигнан хадгалж, хайрлан хойч үедээ үлдээж, түүгээрээ дэлхий дахинд гайхуулж явдаг байхад монголчууд бид бичиг соёлоороо ухарч дэлхий нийтийн соёлоос хоцрох уу. Кирилл бичиг л монгол хүнийг соён гэгээрүүлж дэлхий нийтийн дунд бардамнах соёлтой, барьж үзүүлэх бүтээлтэй, хэлэх ам бардам үгтэй, хараа дээгүүр явдаг болгосон доо. Үүний улмаас ч сүүлийн үед дэлхийн дэвжээнд монгол хүн гайхагдах болж байгаа ч байж мэдэх. Тоглож болдог болдоггүй юм гэж байдаг гэдэг. Улс үндэстний бичгийн соёлоор хэдхэн хүн тоглож арай болохгүй байх. Бичгийн их соёлын ард бүхэл бүтэн улс үндэстний хувь заяа оршиж байдгийг хэн ч, хэзээ ч мартаж болохгүй. Ер нь ч Монгол Улсын бичиг соёлын асуудлыг Монголын ард түмэн өөрөө л шийдэх ёстой. Ард түмэн өөрөө хүсээд бүх нийтээрээ монгол бичгээр бичье гэдэг хүсэлт тавьсан ганцхан тохиолдолд монгол бичгийг төрийн бичиг болгож болох юм. Энэ бол тийм бэлтгэл ард түмэнд нэгэнт хангагдсан, үндэснийхээ бичгээр дэлхийн улс орнуудтай хэрхэн харилцаж болох, үндэсний бичиг соёл бусад улс оронд ямар үүрэг гүйцэтгэх зэргийг нэгэнт бодож тооцоолсон, бичиг соёлыг чинь бусад улс орон сонирхон судалдаг болсон зэрэг нийгмийн тохироо,нөхцөл нэгэнт бүрдсэн байна гэсэн үг. Тэгтэл монгол бичгийн хамрах хүрээ бага, дэндүү явцуу учраас тийм боломж одоохондоо байхгүй юм. Харин үндэсний монгол бичгээ хайрлан дээдэлж, зааж эзэмшүүлэн их багагүй өөрийн хэр хэмжээндээ мэддэг байх нь л одоохондоо бидний бахархал байх юм.
Дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхана, дэлхийн жишигт хүргэнэ гэж их ярьдаг мөртлөө яагаад ийм явцуурхах бодлого барих болов оо. Олон өнцгөөс харвал олон санаа харагдах шиг. Монгол Улсыг бичгийн соёлоор нь хязгаарлаж, дэлхийн бичгийн соёлоос таслах гэсэн санаа харагдах аж. Цаашлаад өнө урт хугацаанд нөхөрлөж ирсэн Орос, Монголын найрамдалт харилцааг таслах гэсэн санаа ч байх шиг. Ер нь 90-ээд оноос хойш Монгол Улсыг Оросоос салгах бодлого, үйл ажиллагааг багагүй явуулсаар ирсэн. Монголын аюулгүй байдлыг сахин хамгаалж байсан оросын цэргийн ангиудыг Монголоос гаргасан. Энэ үйлдэл нь Орос гүрний дургүйг ямар нэгэн хэмжээгээр хүргэсэн л байж таарна. Монголд ажиллаж, зааж зөвлөж байсан оросын мэргэжилтнүүдийг бас л гаргасан. Гэтэл 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн хувь эзэмших эрхийг Оросоос бас л авсан. Энэ бол Монголыг буруу зүг рүү залах гэсэн санаатнуудын хувьд сүүлчийн боломж байсан болов уу. Ийм үйлдлүүд нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд сэв суулгах нь мэдээж. Цөөхөн монгол бид их гүрний бичиг, соёл иргэншлээс хөндийрөөд хэн болох билээ. Үүнийг монгол хүн бүхэн бодох хэрэгтэй. Хамгийн осолтой нь, Ар Монголыг бичиг үсгээр нь явцууруулж, бичиг соёлын хувьд Өвөрмонголтой нэгдэхээс өөр аргагүй болох тийм хэмжээнд хүргэх гэсэн алсын бодлого, бэлтгэл ажил ч байх шиг … Улс орныг эзлэн авахын тулд юуны түрүүнд бичиг соёлыг нь устгаж, өөрийнхөө бичгийг тулган шахдаг хэвлэгдээгүй зарчим дэлхий нийтэд үйлчилсээр ирсэн түүхтэй. Энэ ажлыг хэн санаачлаад, хэн хийгээд байгаа юм бол оо. Ухаантай, шударга хүмүүс ээ, бодох цаг ирсэн байна шүү. Хэдийгээр бид чинь монгол бичгээрээ бахархах ёстой ч гэсэн кирилл бичгийн гавьяаг мартаж, адлан үзэх эрхгүй юм шүү. Харин ийм нэгэн бичигтэй болсон нь монголчуудын хувьд аз завшаан шүү. Өвөг дээдэс минь кирилл бичгээс буулгаж ийм бичиг зохиогоогүй бол монгол хүн дэлхий нийтийн соёлтой өнөөдрийн хэмжээнд хүртэл мөр зэрэгцэн явж чадах байсан болов уу. Өвөрмонголчууд дэлхийн соёлоос нэг их хол хоцроогүй нь үнэн. Тэр нь бүх нийтээрээ хятад бичигтэй болсонд оршино. Хятад бичиг бол тэдний хувьд дэлхий нийттэй харилцах гол хэрэглүүр. Эндээс харвал уйгуржин бичиг нь Ар, Өвөрмонгол үндэстний хувьд соёлын бахархал, дайвар бичиг л байхад болох нь харагдаж байна. Эцсийн эцэст монголчууд бид кирилл бичгээс салах нь замын дунд итгэлт унаанаасаа салахтай адил эмгэнэлт явдал болно гэдгийг л хэлж чадах байна. Ухаантнууд нь олон болохоор буруу зам руу орохоос Монголыг аварна гэж найдах л үлдэх шив дээ.
Д.РАГЧАА
URL: