“МОНГОЛЧУУДЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА НЬ ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСЭГ”
БСШУСЯ, Соёл, урлагийн газар, Үндэсний номын сантай хамтран зохион байгуулж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” нэгдсэн арга хэмжээний албан ёсны нээлт өчигдөр Үндэсний номын сангийн гадна талбайд боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо тэргүүтэй албаны хүмүүс болон эрдэмтэн мэргэд, хүүхэд залуучууд оролцов.
“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” нээлтийг эхлүүлэхээр нийслэлийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 107 сурагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншихтай зэрэгцэн тайзан дээр 17 дугаар сургуулийн багш, уран бичээч Н.Өлзийбадрах монгол бичгийн үзүүлбэрийг таталган сонирхууллаа. Дараа нь нээлтийн ёслолыг албан ёсоор нээж, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ, “15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй үндэсний бичиг үсгээ сурталчлан таниулах арга хэмжээ тавдугаар сарын эхний долоо хоногт тохиодог билээ. Манай яамнаас улс орон даяар олон арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү нээлтийн ёслолын дараа ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Данжуурын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн өнгөрсөн өдрүүдэд Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдаан, эх хэл бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн гээд олон арга хэмжээг зохион явууллаа. Номын мэргэд, хүүхэд залуучууд та бүхний эх хэл бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд амжилт хүсье” гэв.
Ёслолын үеэр БСШУСЯ-ны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдгээр Үндэсний номын сангийн Мэдээллийн сан бүрдүүлэгч Х.Түмэнбаяр, МУИС-ийн багш Д.Лхагвасүрэн, үндэсний бичгээр хөтөлдөг “Викибилиг” сайтын үүсгэн байгуулагч, орчуулагч Н.Гантуяа, Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн багш Д.Гантуяа нарыг шагнаж, урамшуулсан юм. Түүнчлэн соёл, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Чойжин ламын сүм музейгээс эрхлэн гаргасан хэвлэлийн дээжээс Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалуулахаар гардуулав.
Харин Үндэсний номын сангаас Богд хааны “Алтан навчит өргөмжлөл”-ийн хэвлэмэл 20 эхийг Богдын музейд өгсөн юм. Энэ үеэр “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион явуулсан Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-д шалгарсан зургаан хүүхдэд шагнал гардуулсан юм.
Энэ үеэр Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Даяаршиж буй энэ нийгэмд монгол бичгийг илүү сайн мэдэж, түүгээр ярьж, бичиж сурахаас илүүтэй харийн хэлийг урьтал үздэг цаг иржээ. Монголчуудын тусгаар тогтнолын баталгаа нь үндэсний бичиг үсэг. Тиймээс монгол бичиг үсгээр ирээдүй болсон хүүхэд бүр бичиж, уншиж, ярьж чаддаг байгаасай хэмээх ойлголтыг түгээн дэлгэрүүлэхээр энэхүү баярыг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг юм” гэлээ.
Нээлтийн ёслолын төгсгөлд ирсэн зочдод Үндэсний номын сангийн Монгол судлалын уншлагын танхимыг танилцуулсны зэрэгцээ Үндэсний баримтат өвийн бүртгэл мэдээллийн сангийн програмын нээлтийн ёслолыг хийсэн юм. Мөн “Дүрс, дуу авианд шингэсэн соёлын баримтат өвүүд”, “Үндэсний бичиг үсгийн баяр”, “Зохиолчдын фото зураг, гар бичмэл”-ийн үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ.
Б.Бямбасүрэн
URL: