XVII жарны шороон могой жилийн өвөл \1989 он\. Хан Хэнтий нутагт өнтэй сайхан, хэдэн жилийн өмнөхөө бодвол арай л өөр, радио телевизээр залуус үе үе хүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахаар ярьж, “Хонхны дуу”-гаа дуулна. Аливаа зүйлд олон ургальч үзлээр хандаж, Чингис хааныхаа нэрийг хэлж, бахархан ярьж болдог цаг ирсэн байлаа. 12 дугаар сарын 10-даар юм даг, аймгийн утга зохиолын нэгдлээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Алтан үзэг” шүлгийн уралдаан хуучнаар Намын кабинет буюу Хотын захиргааны хурлын танхимд болж, хуучны танил найз Г.Сүхбаатар, Ч.Ганбаатар хоёрын доргиосноор уг нь би оролцохоор очсон ч бүртгэлээс хоцорсон шалтгаанаар хасагдсан юм. МЗЭ-ийн гишүүн буюу аймгийн утга зохиолын нэгдлийн гишүүд болох Г.Пүрэвдагва, Ц.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, Ц.Нэргүй, Л.Нямаа, С.Очиржав зэрэг том аваргуудтай залуу шүлэгчид нийлсэн 14 хүний тоонд нөгөө хоёр маань багтаж, гурван шүүгчээс Утга зохиолын нэгдлийн эрхлэгч Л.Ожгоош гуай ерөнхийлж, гурван цаг гаруй үргэлжилсэн уралдаан нэлээд өрсөлдөөнтэй явагдсаар, Б.Галсансүх, Ч.Ганбаатар гэсэн хоёр залуу аваргуудыг давж, сүүлийн даваанд тунаж үлдсэн юм. Ингээд “Миний эмээ”, “Үнэг” зэрэг шүлгээ уншсан залуу шүлэгч хүү Б.Галсансүх үзүүрлэж, “Би аавыгаа дуурайгаагүй”, “Тамга” зэрэг шүлгүүдээрээ Ч.Ганбаатар найз маань түрүүлж, бидний хэдэн залуус насандаа ч мартахааргүй их баярлан баясаж, эндээс л Дэмбэрэлийн Сүрэнхорлоо, Гомбын Сүхбаатар, Чүлтэмжамцын Ганбаатар, Батмөнхийн Адъяахүү, Цэдэндамбын Ганбаатар, Хээшигийн Ариунбаатар гэх багш, сурвалжлагч, гуталчин, жолооч, тракторчин зэрэг янз бүрийн ажил мэргэжлийн залуус найргийн анд бололцон, хааяа уулзалдан, өмнөх “Алтан үзэг” шагналтнуудын шүлгийн чансаа хийгээд Д.Нацагдорж, С.Буяннэмэхээс эхлэн Монголын шинэ үеийн яруу найрагт Хан Хэнтий нутгаас төрсөн их хүмүүсийн оруулсан хувь, эзлэх жин, Р.Чойномын зарим бүтээл яагаад эзнийгээ шоронд хийх болов? гэх зэрэг элдвийг хөөрөлдөхүй 1990 он гарч, Ишийн Боролзой найз маань үзэл бодол, утга зохиолд дуртай сэтгэлээрээ бидэнтэй нэгдэж, шинээр бичсэн шүлгээ найзууддаа уншихыг яаран амралтын өдрөө хүлээж, уулзан учирч, дарвин даварч их том улс шиг их том ярина, их том мөрөөднө.
Идэр ес шувтрахуй Өндөрхаанд дулаахан хэвээрээ, өдөр Ч.Ганбаа маань ажил дээр гүйж ирээд “Төмөрхуяг хотоос яаруу ирээд ганц хоноод буцлаа. Би очиж жаал ярилцлаа. Биднийг их дэмжиж байна. Гуравдугаар сарын сүүлчээр ирнэ гэнэ ээ. Би сая Адъяа дээр байж байгаад ирлээ. Хагассайнд номын санд уулзъя гэж байна” гээд л гарч одохуй би ч “Манай Ганбаа ер нь их хөдөлгөөнтэй, танил ихтэй, хаана ч л гүйж явдаг, биднийхээ дунд бат бэх холбоос болж явдаг хүн дээ” гэсэншүү юм бодож суулаа.
Товлосон цагт нь Номын санд гүйж очвол Лувсаншаравын Рэнчиндорж ах, хүүхдийн зохиолч Ж.Төмөртогоогийн хүү Цогт-Эрдэнийг дагуулан иржээ. Манайхан ч цуглаж, эхнээсээ л ярьж байсан аймгийн утга зохиолын нэгдлээс тусгаар, чөлөөт залуучуудын клуб дугуйлан, бүлгэм гэдэг дээр дуучин Ц.Төмөрхуягийн Ч.Ганбаатарт захиж зөвлөснөөр улстөрөөс ангид, утга зохиолын тэнхим гэхээр арай л биш, дугуйлан буюу бүлгэм гэвэл зохистой гэж тогтож, бас бус элдвийг ярьсаар нэлээд орой болгосон ч номын санч нэг сайхан зантай эгч Мөнхцэцэг бил үү, \одоогийн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын эхнэр\ биднийг төвөгшөөж, хөөж туулгүй харин ч итгэж “Би хоёр давхарт байж байя, та нар явахдаа хэлээрэй” гэж байсан билээ.
Морин жилийн хавар ардчилсан хувьсгалыг эхнээс нь дэмжиж явсан бид аймагтаа үйл хэрэгт нь оролцож, Ц.Ганбаатар, Б.Адъяахүү, Х.Ариунбаатар нар Ардчилсан холбоо, Л.Рэнчиндорж, И.Боролзой хоёр “Шинэ дэвшилт” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан ба ажлаа ч хийж, уран бүтээлээ ч үргэлжлүүлж, хааяа манайд цуглаж Доён Ганбаагийн хэлдэгээр “шүлэг хөгжөөнө”. Заримдаа Адъяагийндаа очно. Давалгаалж эхэлсэн нийгэмд давстай мэдээллүүд олноор гарч, үнэн худлыг нь ялгах гэж бид өөрсдөөсөө хариулт хайн, “Сохор зоосны дууль”-ийг Б.Явуухулан бичээгүй, “Нэр” шүлэг Ш.Сүрэнжавынх биш гэж хэвлэлээр баахан шуугихад “Хэн тэгээд бичсэн юм бэ?” гэхээр Хэнтийн найрагчид бичсэн ч юм шиг, хаврын өдрүүд үргэлжилсээр…
Ариунбаатар аймгийн Орон нутгийн судлах музейн эрхлэгчтэй уулзан “Яруу найргийн дугуйлангийн залуус уулзаж, шүлгээ уншиж, уран зохиолын тухай яриа өрнүүлэх гэсэн юм. Танайд ажлын бус цагаар нэг цуглаж болох уу” л гэж. Цаадах нь ч манай хүнийг сайн мэдэхийн хувьд “тамхи татаж, хог хаяхгүй, үзмэрүүдэд гар хүрэхгүй томоотой байвал яах вэ” л гэсэн юм байх. Тэгээд л музейд цуглахад 1921 оны Ардын хувьсгалтай нас чацуу МАХН-ын ахмад гишүүн Гэрэлийн Пүрэвдагва ах ирсэн нь залуус бидэнд гайхалтай содон үйл явдал болж хүндэтгэлтэй хүлээн авахуй залуусын утга зохиолын дугуйлан, бүлгэм байгуулж буйгаа хэлэхэд ахмад сэтгүүлч ах маань сонсож, мэдээд ирсэнээ хэлж, соц реалист хэлбэр загвараас гарч, сэтгэлгээний чөлөөт эрхийг эдлэн үгийн урнаар утга санаа гүн гүнзгий бүтээл туурвиж, Монголын уран зохиолд шинэчлэл хийхийг цохон дурьдаад үг нь уран, үзэг нь хурц байхын ерөөл дэвшүүлж, бидэнтэй нэгдсэн билээ.
1992 оны анхны “Оюухай” наадам
Дөрөвдүгээр сарын дундуур өмнө нь музейд цуглахдаа томоотой сайн байсан учир дахин боломж олгосныг сонсмогцоо манайхан бие биендээ зарлан, эргэн цуглаж, шинэ ном зохиолын талаар хүүрнэхүй өөрсдийн бүтээл рүүгээ орж, нэгнийхээ бичсэн шүлэгт анх ярьж байснаараа “хэн ч гэлтгүй, бүгд нэг нэгэндээ багш” гэдэг учир ухааны үүднээс мөр бадгаас нь эхлэн санаа оноогоо хэлж, үнэлэлт дүгнэлтээ өгч, нэгэнт дугуйлан бүлгэм гэж яваагийн хувьд Г.Пүрэвдагва ахаараа цаг харуулан, бүгд нэг сэдвээр таван минутын шүлэг бичиж, дахин дахин уралдаж үзэж, их л тааламжтай байсан даа. Үүнээс хойш бүгд нэгдэж цуглаагүй, цөөхүүлээ л уулзалдаж хөөрөлдсөөр намар болж, рашаан ус, айраг цагаан дээр гарсан улс эргэж, ажил сургууль жигдрэхүй есдүгээр сарын 20-доор Аймгийн музейдээ цуглаж, сүүлийн 100 гаруй жилд Монголд болж байгаагүй том баяр наадам болох “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн их цэнгэл наадмын сонин сайхнаас эхлээд зохиолчдын хорооноос олон зохиолч, яруу найрагчид өрх тусгаарлан гарах тухай, бүр цаашлаад өөрчлөлт, шинэчлэлт, өмч хувьчлал, харь гариг, нисдэг таваг, Орос, Германы мафи гэх зэрэг орчлонгийн бүхий л сонин сайхныг хөөрөлдсөний эцэст шинэ шүлгүүдээ уншин баясацгааж байсан даа. Хэд хоногийн дараа буюу есдүгээр сарын 27-нд радио телевизээр Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо байгуулагдсаныг зарлаж, тэргүүнээр Ш.Гаадамба, дэд тэргүүнээр Ч.Бямбаа сонгогдож, Л.Дашням, Ж.Пүрэв, Ж.Бадраа, С.Дулам, Ш.Сүрэнжав, З.Дорж, П.Хорлоо, Г.Дүйнхэржав, О.Дашбалбар, Ж.Саруулбуян, Ч.Дагвадорж, Н.Энхбаяр, Б.Түвшинжаргал зэрэг зохиолч, яруу найрагчид МЗЭ-ээс өрх тусгаарлав гэлээ. Гэтэл дорхоноо л МЗЭ-ийн дарга Д.Маам, дэд дарга Ш.Цэнд-Аюуш нар тусдаа гарсан хэддээ эд аж ахуй таслан өгөх нь байтугай, “авьяас чадваргүй, адгийн муу хүмүү”с гэх маягийн мэдэгдэл хийж, “Утга зохиол, урлаг” сонинд монгол үгийн санд байх хамаг муухай үгээр шүршиж гардаг юм байна. Би ч тэсэлгүй, “Урагшаа” сонин руу гүйж очвол Адъяа маань “Хэдүүлээ Чөлөөт зохиолчдын холбоог дэмжиж, хөдөөгийн салбар нь болж нэгдье. Сүрэнхорлоо, Ариунбаатар хоёр ч бас ийм бодолтой байгаа. Бас бидэнтэй нэгдэх яруу найраг сонирхдог, бичдэг залуус ч байгаа сурагтай. Маргааш чадвал музейдээ цуглая, цаадуулыгаа таарвал хэлээрэй” гэдэг юм байна.
Маргааш нь музейдээ цуглаад Үндэсний чөлөөт зохиолчдын холбооны салбар болохоо тодорхойлж, “1929 онд Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчид нийлэн бүлгэм байгуулсан байдаг. Одоо ч бас нэгэн шинэ үе эхэлж байгаа юм чинь бүлгэм гэдгээрээ байя. Нэр нь ямар байх вэ?” гэлцэж, бүгдээрээ л өвөрмөц содон нэр бодож “Шинэ цагийн салхи”, “Айсуй ирэх зуун”, “Хэрлэнгийн уянга”, “Өндөрхааны наран”, “Бурхан Халдун”, “Дэлүүн болдог”, “Сэцэнханы үрс” зэрэг нэр хэлсээр л… Тэгтэл Г.Пүрэвдагва ах “Хэрлэн тооно” гэвэл яах вэ” гэдэг байгаа. Би ч “тэгье тэгье” гээд л чанга хэлж, нөгөөдүүлдээ “МНТ-ны 750 жилийн ойг тэмдэглэсэн Хэрлэний хөдөө аралд байдаг уул шүү дээ. Чингис хаан их хар сүлдээ бодилон бүтээсэн, орой дээрээс нь Ауруг ордноо бүх талаас нь харж, дайсан довтлоход мэдээг дотогш шуурхай дамжуулах харуулуудын өндөрлөг уул.
Өндөр гэгээн Занабазар Ойрадын Галдан бошигтоос зугтаж, “өвөг дээдсийн минь шүтээн хайрхан өршөөн аварна” хэмээн гэлэн дээл өмсөж, ядуу банди дүрээр агуйд нь сууж, овоо тахилгын судрыг нь шинэчлэн зохиож өвөлжсөн уул” гээд л одоогийнхоор бол баахан рекламдсан даа. Ер нь тэр үед хүн бүр л өөрийнхөө хэлсэн нэрээр нэрлүүлэхийг хүсэж байсан ч ямар будаан дотор хийгээд шигшилтэй нь биш, тэгсгээд тарсан юмдаг. Орой нь харин Ариунбаатар бодож байгаад “Хэрлэн тооно” уулыг хэн бүхэн мэдэхгүй ч, эртнээс уламжилсан бурхан шашин, түүх соёлоо эргүүлэн сэргээж байгаа энэ цагт даруухан мөртлөө Хэрлэн гэсэн үг бас тоонотой, их түүх агуулсан энэ хайрханы нэрээр нэрлэвэл цаанаа л сонирхолтой юм байна” гэж, маргааш нь Адъяад зөвлөснөөр бүлгэм маань “Хэрлэн тооно” гэдэг нэртэй болсныг арав гаруй хоногийн дараа цуглахдаа мэдэцгээсэн ч есдүгээр сарын 30-ны орой Үндэсний чөлөөт зохиолчдын холбооны салбар бүлгэм болохоо тодорхойлсон, нэрийн тухай удаан ярилцаж, маргааш нь шийдсэн болохоор МҮЧЗХ-ны Хэнтий аймаг дахь утга зохиолын “Хэрлэн тооно” бүлгэм 1990 оны аравдугаар сарын 1-нд байгуулагдсан гэх нь хамгийн зөв ойлголт болох бөгөөд 11 дүгээр сарын 15-наар дээд холбоондоо захидлаар уламжилсан түүхтэй.
Ийнхүү бид харьяалах байгууллагатай, хүнд хэлэх нэртэй болж хөөрч хөгжилдөн байхуй хүүхдийн өгүүллэг, шүлэг, жүжгийн зохиол чамгүй олныг бичсэн зохиолч, ахмад сэтгүүлч Д.Хишигжаргал ах бүлгэмд маань нэгдсэн нь бас нэгэн гайхамшиг болж, бидэндээ үлгэр дуурайлалтай, ахмад хүний хувьд 1960, 1970-аад оны зохиолчидтой найзлан нөхөрлөж, хөглөж хөгжиж, зарим нэгний бүтээлд санаа оноогоо оруулж явсан тухайгаа ярьж, дурсамж нэмэхүй захиргаадалтын үеийн дарга нарын индэр дээрээс, ширээний араас яриа лекц хийж, заавал л нэг онцгой, сондгой байдаг загвараас татгалзаж, аль болох энгийн, үүд, хоймор гэх ялгаагүйгээр сандлаа тойруулан сууж байх нь зүгээр юм шүү гэхчилэн ярьж байдагсан. Дараахан нь 2 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч С.Ганчимэг, Л.Бааваа, З.Хүрэлтогоо, Л.Энхбаатар нар ирж нэгдсэн ба Ариунбаатар маань ажлын болон ар гэрийн зайлшгүй шаардлагаар хот руу шилжиж, Адъяахүү ерөнхийлөх болсон юм. Аль зунаас л цуглахаар нь очно гэсээр ажил нь амжихгүй, удаан хүлээлгэсэн миний багын найз Даваагийн Батбаярыг ирэхэд Адъяа их л сонирхон, дэвтрийг нь авч шүлгийг нь бидэнд уншиж өгч байдагсан.
Морин жилийн өвлийн дунд сар гарсан ч эрх тэгш, чөлөөт нийгмийг хүсэн уухайлах залуусын дуу хоолой, сэмхэн бурхандаа мөргөн залбирах настнуудын гуйлт, жаврын эрчийг зөөллөн байна уу даа гэлтэй, Хан Хэнтий нутаг намраараа л байсан даа. Музейдээ цуглах нь ээ, Өмнөдэлгэрээс А.Сүхболд, Л.Баатарсүрэн хоёр, Д.Эрдэнэхуяг нар ирж нэгдэж бүлгэм хуримтлалтай болж залуу шүлэгчдээ шандасыг нь шалгаж, сунган уралдуулж, урамшуулж байх, цаашлан өөрийн гэсэн сонинтой болох тухай ярилцаж, хандив цуглуулахаар болоход хамгийн эхэнд Сүхболд, Баатарсүрэн хоёр дундаасаа шинэхэн улаан 10-тын дэвсгэрт өгч, бусад хүмүүс ч 5-т, 3-тын дэвсгэрт хандивлан, би зүг бүрийн 21 дар эхийн тоогоор 21 төгрөг өгч, Норовлингийн хэн билээ \сонирхон дэмжигч\ хонь өгөхөөр амлаж, ирж сонирхон дэмжиж суусан аймгийн Хүүхдийн төлөө төвийн дарга Б.Батболд дараа нь “Урагшаа” сонины мэдээнд нийтэлсэн байсан. Тэр үед сонирхон дэмжиж, цуглах бүрт хөгшин, залуу гэлтгүй хол ойроос ирдэг байсан хүмүүсийн дундаас онцлон хаа байсан онгоцны буудлын урдаас ирж сэтгэл зүрхээрээ дэмжин суудаг, “Миний алдрай” дууны аяыг зохиож, Алдрай гэж нэрлэгдсэн Т.Дашзэвэг гуайг магтууштай байх аа.
Ийнхүү “Хэрлэн тооно” бүлгэм хуримтлалтай, маш олон дэмжигчтэй болж өргөжсөөр байхуй аймгийн утга зохиолын нэгдлийн том ах нар үл тоосон янзтай байвч зайнаас тандан ажиглаж байсныг нуух юун. Хэд хоногийн дараа яруу найргийн анхны сунгаа наадмаа бүлгэмийн хэмжээнд бус нийтэд нээлттэйгээр Чуулгын байрнаа зохион байгуулахад яруу найрагч Ц.Нэргүй гуай “Ноён хутагтын сүнс” шүлгээрээ түрүүлж, манай залуу гишүүн Сэр-Одын Ганчимэг “Чойном танаа” шүлгээрээ үзүүрлэсэн билээ. 1991 он гарч, нэгдүгээр сарын дундуур засаг бор шинель, саарал малгайтай, зузаан бор залуу ирсэн нь Социал демократ намын гишүүн Л.Шагдарсүрэн, бас Өлзийтөөс С.Нэргүйдаваа, Биндэрээс Б.Энхжаргал гээд л залуучууд ирж нэгдсээр… Их найрагч Нямдорж гуай хотоос ирсэн сураг сонсогдож, хуучны танилынх нь хувьд Пүрэвдагва ахдаа олж ирэхийг даалгахад цаг ч бололгүй, дор нь л дагуулаад ирсэн юм даг. Найрагч ах ч бидэнд нар шиг гэрэлтэн байж, шүлэг найргаа уншиж, энгүүн яриа өрнүүлсээр биднийг их зөв зүйтэй ажил явуулж буйг сайшаан магтаж, үдшийг хамт өнгөрүүлээд удалгүй уулзахын ерөөл дэвшүүлэн явж одож билээ. Ийнхүү олон сайхан гэрэлт дурсамжуудыг бидний сэтгэл зүрхэнд шигтгэн үлдээсэн цагаагчин морин жил улиран одохуй хонь жилийнхээ золголтыг аймгийн төвийн хэмжээнд цөөхүүлээ хийж, яруу найрагч Ш.Цэндгомбын төрсөн хүү Агваанзундуйн Идэрбаатарыг Ч.Ганбаа маань “яруу найрагт элэгтэй миний найз” гэж бидэн дээр дагуулан ирсэн.
Гуравдугаар сарын эхээр “Шинэ дэвшилт” холбооны Ж.Билэгбат ах ирж нэгдэн, бид ч байнгын байртай болох, сонин гаргах тухай ярилцсаар гуравдугаар сарын сүүлчээр Төв банкны хуучин байшингийн зүүн хойд мухрын жижиг өрөөнд захиргаанаас акталсан хоёр ширээ, дөрвөн сандал авч тавин, бүлгэмийг дэмжих, ирж нэгдэх болон орж гарах хүн бүхэнд нээлттэй байж, банкинд данс нээлгэн, дараа дараагийн найргийн сунгаа наадмуудын ивээн тэтгэгч хайж, хандив хүсэх ажлаа манай Адъяа идэвхижүүлэхүй С.Оюунчулуун, У.Болор-Эрдэнэ нарын манай үеийнхэн, 1 дүгээр сургуулийн сурагч Б.Занданхүү нар бүлгэмд нэгдэж, олуулаа болох тусам хоорондын ярианы сэдэв, утга улам баяжигдахын хэрээр хоёр Ганбаагаа ярих, дуудах нь олширч монгол үсгийн Чү, Цэ гэж ялгаж дууддаг байсан ч зарим яаруу үедээ хөөе Доён, намайг бол багын хийдийн суурингийн Дэлдэн нэрээр дуудах нь ч бий.
Ариунбаатар хотоос түр ирж, бүлгэмийн үйл ажиллагааг мэдмэгц Адъяатай хамт аймгийн Ардчилсан холбоо болон бусад эвсэл хөдөлгөөнүүдийн ерөнхий зохицуулагчтай ярилцан, багахан хандив босгон, Хан Хэнтийн улс төр, нийгмийн мэдээ мэдээллийн чөлөөт “Цагийн өнгө” сониныг гаргахаар болж, Адъяад даалгасан нь манайханд бүр сайн хэрэг болсон хийгээд Билгээ, Ренгээ, Боролзой гээд л сонины идэвхитэн бичигчид маань нийлэн бүлгэмийн мэдээллээ буланд нь тавьж, дөрөвдүгээр сарын сүүлчээр гаргасан ба “Хэрлэн тооно” бүлгэмээс аймгийн хэмжээнд иргэд залуучуудад утга зохиолыг сурталчлах зорилгоор хаврын яруу найргийн сунгаа бага наадмаа “хайрын шүлгийн үсэргээ” нэртэйгээр аймгийн ҮЭ-ийн холбоотой хамтран тавдугаар сарын 23-нд чуулгын байранд зохион байгуулахад үүнийг бичигч бибээр түрүүлж, талархлын хуудас, алтан шаргал үзгээр шагнуулж байлаа.
Энэ үеэр Д.Хишигжаргал ах ЧЗХ-ны “Зохист аялгуу” сонинд захидлаар бүлгэмийн мэдээллээ өгөхийн зэрэгцээ өөрийн өгүүллэгүүдээс явуулсанд МҮЧЗХ-г үндэслэн байгуулагчдын нэг, зохиолч, яруу найрагч, Ардын их хурлын орлогч дарга Л.Дашням гуай ирэхээр болж, зургадугаар сарын эхээр дуучин Ч.Мөнхшүртэй хамт онгоцноос буухад Пүрэвдагва ах, Хишгээ ах хоёр тосч авч аймгийн Намын хорооны байр \тэр үед өрөөнүүдээ түрээслэсэн байсан\-нд буудалд буулгаж, бид зохион байгуулах арга хэмжээний дагуу зар тавин, бэлтгэлээ базааж, зочин дуучин маань АЖ Шархүүхэн тэргүүтэй Хан Хэнтий чуулгын уран бүтээлчидтэй бэлтгэл нийлэн, орой нь Адъяа бид хоёр ганц юм өвөртөлж, зочид дээрээ очиход Хишгээ ах “та хоёр өөрсдөө уухгүй, зиндаархаж том ярихгүй, босож гүйгээд байхгүй, тохитой сууж яриулаарай” гэж захиад гарч одож билээ.
Маргааш нь Хан Хэнтий чуулгын байрнаа “Хэрлэн тооно” бүлгэмээс зохион байгуулсан Утга зохиолыг сурталчлах өдөрлөг болоход Л.Нямаа багш ирж сонирхон үзэж, У.Болор-Эрдэнэ бид хоёрыг “сайн шүлэг уншлаа” хэмээн гар барин, баяр хүргэж билээ. Орой нь манайхан мөнгө нийлүүлж, ганц хоёр юм, гурван авдар ундаа авсан байснаа над дээр авч ирж, би тэр үед аймгийн Ахуйн үйлчилгээний цайны газрыг ажиллуулж байсан болохоор хоол зууш бэлдэж, хоёр зочноо урьж, бяцхан хүлээн авалт маягийн юм хийж, сайхан яриа өрнүүлэн, Л.Дашням гуай яруу найрагт захирах, тушаах, үүрэг болгох, загнах зэрэг хуучин албаны хэрэглээний үгийг оруулахгүй байхыг зөвлөж, “ноднин намар орой яруу найрагч Б.Энхтуяа Хөвсгөл явж, замдаа машин нь эвдрэн хэд хонож, Их-Уул сумаас мотоцикльтой хүн гуйж, арай л гэж нэг очиж, салбар байгуулаад ирсэн. Та нар ч бас тэр орчим бүлгэмээ байгуулсан юм уу даа” гэвэл ам нь халсан Шонх Сүхээ, Адъяа зэрэг манай хэд “бүүр тэрнээс өмнө нэгдсэн юм” гээд л ярьж алдаж, Дашням гуай ч бас их энгийн, тайван сонсож, ярилцсаар тэр нэгэн гайхамшигт үдэш өндөрлөж, маргааш нь хотын зочдоо хоосон явуулахгүй гэсэндээ хонины мах өрөөлдөж, хоёр хайрцганд хийж өгөөд онгоцонд нь суулгасан юм даа.
Дараахан нь Б.Галсансүх хотоос ирж, сонин сайхныг хөөрөлдөхүй саяхан бичсэн гэх олон хуудас шүлгүүдээ Адъяад хүлээлгэн өгч, бас дуучин Цамбалхүндэв ч хамтран ажиллах санал тавьж, Баян-Улааны хэн билээ, эмэгтэй ирж бүлгэмд нэгдэхээ илэрхийлж байсан. За тэгээд л наадам өнгөрч, айраг, тарвага эргүүлдэж сар шахам амарсан хүмүүс эхнээсээ ажилдаа орохуй Адъяа нэлээн ажилдаа шахагдаж, сэтгүүлч, орчуулагч М.Равдандаш гуайтай хамжин “Цагийн өнгө” сониныхоо дугаарыг яаравчлан гаргаж, нэг амьсгаа авахуй бүлгэмийн хэд ч ирсээр улстөр гэхээсээ уран сайхан давамгайлж, цаасны нөөц хангалттай байсан хэвлэх үйлдвэрийн дарга Халзан хэмээх З.Цэдэв гуайтай Адъяагаараа багахан “найраа хийлгэж”, “Цагийн өнгө” сонины хавсралт анхны дугаарыг гаргахаар тохирсон юм. Уг сонины тэргүүн нүүрэнд Р.Чойном агсны зураг, шүлгүүд, арын 3, 4 дүгээр нүүрэнд Б.Галсансүхийнхээ зураг болон “Хэнтийн яруу найргийн сургуульд зориулсан элегия” шүлгээр дүүргэн 1991 оны наймдугаар сарын 26-ны өдөр худалдах үнийг 2 төгрөгөөр тооцон, 1200 ширхэг хэвлүүлэн, “Хэрлэн тооно” бүлгэм сониноо гаргаж эхэлсэн нь бас нэгэн гайхамшигт дурсамжийн эхлэл болсон юм.
1930-1940-өөд оны улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн өвөг дээдсийнхээ ариун нэр төрийг сэргээх сайн санааны буянт үйлс хөдөлгөөнийг манай Ренчиндорж ах аймагтаа үүсгэхэд бид ч бас нэгдэж, хэлмэгсдийн ар гэр, үр ач нарыг судлан олж, хүсэлт өргөдлийг нь дээш уламжлах ажилд оролцож, аравдугаар сарын эхээр анхдугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсан.
Үүний дараахан А.Түмэнбаяр, Д.Гансүрэн, С.Наранчимэг, бяцхан шүлэгч хүү Д.Пүрэвчулуун гээд л бүлгэмд маань гишүүд нэмэгдсээр… Ээлжит яруу найргийн сунгаа наадмаа “Цагаан уул” нэртэйгээр зохион байгуулахуйд 12 дугаар сарын сүүлчээр баяр гуниг хослон байдгийг сануулах шиг Д.Хишигжаргал ах маань биднийгээ үүрд орхин одож, нэг хэсэгтээ л хачин хоосон оргиод байсан даа. Шинэ он гарч, “Хэрлэн тооно” бүлгэмээс цагаагчин хонин жилийн Хан Хэнтийн тэргүүн шүлэгчийг шалгаруулах наадам зохион байгуулах шийдвэрийг гаргаж, ивээн тэтгэгчээ яаравчлан хайж олон, өдрийг товлож, цөөн тооны урилга хэвлүүлж, аймаг, хотын захиргааны удирдлагуудад болон Ардчилсан хүчний нэр бүхий хүмүүст өгөхөөр болж, аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч Ожгоош гуайтай анх эвдэрхий машинаас болж муудалцан, бүр цаашлаад “Урагшаа” сонины дугааруудаар харилцан хэрүүлийн үг шидэлцсэн Сүрэнхорлоогоо урилга өгөх далимаараа сайндаад ир гэж явуулж, бэлтгэл ч хангагдахуй 1992.01.30-нд Чуулгын байрнаа үзэгч, дэмжигчдээр дүүрэн таван даваатай наадамд 21 шүлэгч оролцож, 2-ын даваанаас өрсөлдөөн ширүүсч, “гадны бөхөд наадмаа алдахгүй дээ” гэсэн шиг Сүрэнхорлоо Мөнххааны шүлэгч Дандарбаатарыг давж, гурвын даваанд бяцхан гэлтгүй “Хүрэл тулга”-ын эзэн Пүрэвчулуун Оюунчулуун ахтайгаа хайнцаж үзэж, дөрвийн даваанд С.Нэргүйдаваа тахимаа өгч, наадам хөгжөөж Ц.Нэргүй Аймгийн зохиолчдын нэгдлийн дарга Л.Ожгоош-д зориулсан нөхөрсөг элэглэлээ уншсан юм. Тэрхүү элэглэлд:
Анд нөхөр Нэргүйгээ
Улзын хөндийд цөлсөн
Агваанжамбал, Сүхбаатар хоёрыгоо
Улсын сууцанд хорьсон
Азай буурал Пүрэвдагваа
Авьяаслаг залууст алдсан
Сэтгэл зүйч Ломбын Нямаагаа
Сэргэн мандалтын намд шилжүүлсэн
Гайгүй авьяастай Галсансүхийгээ
Гадаад хэлний дээдэд нисгэсэн
Гуйгаад ирсэн Сүрэнхорлоотойгоо
Гудамжинд гарталаа заргалдсан
Гучаад жил үерхсэн Магсаржавтайгаа
Гуравхан шүлэгнээс маргалдсан
Яг үнэнийг хэлбэл
Ямаагүй шахам ухна
Цэх үнэнийг хэлбэл
Цэрэггүй шахам генерал
Ожгоош дарга минь ээ
Одоохон нэгийг сүйхээлэхгүй бол
“Ардын эрх”-ээс өгсөн ширээгээ тэврээд үлдэнэ шүү
Адаг сүүлд нь тэгээд Цэвэлмаагаа тэврээд үлдэнэ шүү гэсэн байдаг.
Шувтаргын даваанд Ц.Нэргүй үзүүрлэж, Ч.Ганбаатар маань түрүүлж, манай Боролзойн хүсэлтээр дунд сургуулийнх нь анд найз, ивээн тэтгэгчээр оролцсон “МоНо” пүүсийн захирал Н.Чулуунбат болон “Жуулчин” компанийн төлөөлөл С.Дамдинсүрэн нараас 1000, 1000 төгрөгөөр шагнуулахад бид ч бас бүлгэмийн зүгээсээ шагнал болгон шүлгийн түүврүүдийг нь “Хэрлэн тооно” нэртэй бяцхан эвхмэл болгон хэвлүүлж өгсөн.
Хоёр сарын дундуур шиг санаж байна, Төрийн шагналт зохиолч Р.Чойном агсаны гэр музей болон хөшөөний суурь тавих ёслол Дархан суманд болоход МҮЧЗХ-ны Дэд дарга зохиолч Ж.Бямба, Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн зэрэг яруу найрагчид аймгаас төлөөлж захиргааны орлогч дарга Нямдоо ШДХ болон бүлгэмээ төлөөлж манай Боролзой очиж оролцон 300 төгрөг хандивлаад ирж билээ. Социалист нийгэм задран унаж албан үйлдвэрүүд хаагдаж, эдийн засаг унахуй зах зээлийн харилцаанд шууд шилжсэнээр нийгэмд олон бэрхшээл тулгарч миний хувьд хөдөө мал дээр гарсанаар бүлгэмийн хэдтэйгээ өдөр тутам уулзахгүй ч ойр ойрхон ирж зохион байгуулах арга хэмжээнд нь оролцдог болж Чингис хааны мэлмий гийсний 830 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг угтан Хэрлэн Тооно бүлгэмээс “Чингис хааныг хэн сайн мэдэх вэ” сэдэвт яруу найргийн сунгаа наадмыг 5 дугаар сарын сүүлчээр зохион явуулахад “Зохист аялгуу” сонины эрхлэгч Ж.Саруулбуян хотоос ирсэн ба бүлгэмийнхээ ажилд хандив тусламж гуйж сүрхий дадлагажсан манай Адъяа хэвлэх үйлдвэр хувьд очиж заримдаа сонины хэвлэлт саатаж клеше гээд л бага сага зүйлүүд дутагдаад байх юм, олж өгөх арга байна уу гээд гуйхад Саруулбуян ч “бололгүй яахав хот руу нэг орохдоо очиж аваарай” гэснийг сар гаруйн дараа Батбаяр “Цагийн өнгө” сонинд ажиллаж байхдаа очиж олж ирж байсансан. Нямаа багш манай сонин буюу бүлгэмийн байраар ирж сонинуудад тавигдсан шинэ мэдээ материалын талаар болон ойрын сонин сайхныг ярьж хөөрөлдөн гардаг байсан ч Их Хааны 830 жилийн ойг тэмдэглэх түүх соёлын ажлын хүрээнд бүр ойртон хамтарч санал бодлоо солилцож, ахмад сэхээтэн хүнийх нь хувьд асууж мэдэх зүйлс манайханд гардаг, үзэл бодлын хувьд нэг их зөрөлдөхгүй утга зохиол талаасаа их эерэг биднийг дэмждэг байсан болохоор манай хэд ч хүндэлдэг байсан. Ойн арга хэмжээ өндөрлөж намар болоход эерэг элэгтэй сэтгэл нь хэн хэнийгээ татсан юм байлгүй, нэг л мэдэх нь ээ бидэнтэйгээ нийлчихсэн алтан сургаалиа хайрлаж эхэлсэнээр “Хэрлэн Тооно” бүлгэмийн дурсамжинд нэгэн шинэ хуудас нээгдсэн билээ. Удалгүй эртнээс мөрөөдөж төлөвлөж байсан Төрийн Соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай” наадмаа улсын хэмжээнд гэхээр өргөн цар хүрээтэй хийхээр шийдэж аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулах санал тавихад уриалгахан зөвшөөрсөн ба УЗН ч хамтрахаар болж манай хэд ч зар тараасаар бэлтгэл ажил хангагдахын сацуу найрагчийн ээжийг хүндэт зочноор урьж, чуулгын байрнаа 12 дугаар сарын эхээр юмдаг наадамд хотоос Оюут ахлагчтай Монгол телевизийн уран бүтээлчид сурвалжлага нэвтрүүлэг бэлтгэхээр бас хүний гавьяат эмч Дондов, яруу найрагч Уянга гээд л хувь хүмүүс, хөдөөгийн зохиолчдын холбооны тэргүүн Д.Банзрагч, Дорнодоос Л.Дашням, Д.Нямсүрэн гээд шүлэгч найрагчид, Сүхбаатараас Ай.Төмөр-Очир, Даваасүрэн, Дорноговиос Л.Одончимэд, Х.Цэрэндорж тэргүүтэй залуу шүлэгч найрагчид манайхантай нийлээд 32 найрагч оролцохоор болж, халх боржигины их найр цэнгэлийн эрэмбэ жаягийн дагуу улсын тэргүүний уран сайханч, ерөөлч магтаалч Л.Агваанжамбал гуай “Дархан нутаг” аялгуут магтаалаараа салхийг хагалан наадам эхэлж хөгшин залуу ялгалгүй хүмүүн заяатныг уяраан ариусгах найргийн мөрүүд уянгалан шуранхайлсаар хөл гишгэх зайгүй чихэлдсэн олон хүртэхүйн дээдээр баясан уухайлсаар уралдаан тэмцээн л юм хойно ур ухаан, билэг оюуны бяр тэгширч яваа Хэнтий, Дорнодын 2 залуу үзүүр түрүүнд үлдсэнээр Монгол үндэстний уламжлалт ур сэтгэлгээ шингэсэн шүлгүүдээ уншин өрсөлдсөөр Б.Бат-Орших түрүүлж анхны “Оюухай” шагналтан болж, Модернист уран зохиолын нэгэн урсгал Монголд цоо шинэ имперсионист шүлгүүдээрээ Б.Галсансүх үзүүрлэж аймгийн засаг дарга Балдандоржоос шагналаа гардаж авахуй, ивээн тэтгэж оролцсон хувь хувьсгалын гэлтгүй, аймгийн төвийн бараг л бүх албан байгууллагын шагнал үерлэж дараалан хувь хүмүүс, тэр дундаа Өндөрхааны иргэн Ц.Даваадорж Агваанжамбал гуайд 3000 төгрөг, үзүүр түрүү 2 найрагчид тус бүр 1000 төгрөг өгсөн ба хүндэт зочин Рэгзэн гуайг Аймгийн ЗДТГ-аас 10000 төгрөгөөр мялаасан наадам мөнгөлөг, өнгөлөг болж манайхны хувьд хамгийн том анхны наадмаа амжилттай хийсэндээ бахархан байдаг бөгөөд “Хэрлэн Тооно” бүлгэмийн ажлын, амжилтын оргил, яруу найргт элэгтэй дуртай олон түмнийхээ сэтгэл буянаар том бага, олон наадмууд зохион явуулж, хот хөдөө хаа яваа ч ямар нэгэн сэжмээр холбогдсон дэмжигчид гишүүдийн тоо 200 гаруйд хүрч бүгд л найрал шүлгүүдээ “Цагийн өнгө” болон бусад сонинд нийтлүүлсэн. 1991 оны есдүгээр сарын 11-нд Г.Пүрэвдагва ахын эрхлэн гаргасан аймгийн МАХН-ын “Хан Хэнтий” сонинд Ч.Ганбаатар сурвалжлагчаар хамт ажиллаж эвхмэлээ хэвлүүлсэн. Тавдугаар сард Б. Адъяахүү Сэтгүүлчдийн эвлэлийн гишүүн болж тэмдэг үнэмлэхээ авч, “Урагшаа” сонинд редактораар, Л.Шагдарсүрэн сурвалжлагчаар, Ж.Билэгбат ах “Цагийн өнгө” сониноо эрхэлж зургадугаар сард Д.Батбаяр сурвалжлагчаар хамтран аймгийн гурван сонинд манайхан ажиллаж, хөдөө сумдаас Л.Баатарсүрэн голлож бүлгэмийн гишүүд мэдээ материал явуулж тэрийг нь хүлээн авч хариуцлагатайгаар хэвлэлтэнд шилжүүлэн, мөн сонины идэвхитэн бичигч Л.Ренчиндорж, И.Боролзой, Билэгбат нар МҮДН-ын тэмдэгээ энгэртээ гялалзуулсан нь өнгөлөг жавхаалаг харагддагсан. Энэ их ажлыг сэтгэл оюун, биеэ чилээж амжуулахад миний хэлээд байгаа “Манай хэд” гэдэг нь сонины буюу бүлгэмийн байранд байнга орж гарч явдаг аймгийн төвийн Б.Адъяахүү, Ж.Билэгбат, Д.Сүрэнхорлоо, Чү.Ганбаатар, Цэ.Ганбаатар, И.Боролзой, Д.Батбаяр, Л.Ренчиндорж нар бөгөөд бүлгэмээс зохиох бүх ажлаа хамтран шийднэ, сунгаа наадам хийхэд хамтран ажиллах, хандив хүсэхийг Адъяа, Боролзой хоёр голлоно. Албан бичиг, урилга захидал хүргэх, авах талд Сүрэнхорлоо гүйнэ, наадмын шагнал урамшуулал, том жижиг дэвтэр, үзэг, бас бус зүйл олж авах, аж ахуйн ажлыг би хариуцдаг байсан. 1993 он гарч Адъяа, Шагаа хоёр “Урагшаа” сониндоо ажиллаж санхүүгийн бэрхшээлээс “Цагийн өнгө” сонины гаралт саатаж бүлгэмийн зүгээс сунгаа наадам зохиох нь зогсож, байрны асуудал хэцүүдсэн ч тахиа жилийн Цагаан сар гарч, Л.Нямаа багшдаа хүндэтгэн очиж золгоцгоож, урь унахуй Сүрэнхорлоо ч ээжтэйгээ хөдөө гарч, үлдсэн хэд үндсэн ажлаа хийсээр хааяа барилгын 12-т Батбаярындаа цуглаж уулзалдан шинэ шүлгээ уншицгааж сонин содноо хөөрөлдөхүй манай Идэрээ нэлээн завтай, бас Ширээтээс Д.Гансүрэн, А.Түмэнбаяр хоёр маань ирж нийлэн баясан хөгжилдөж байдагсан.
“Урагшаа” сонины хонь жилийн тусгай шагналыг чансаатай олон мэдээ сурвалжлагаараа хүртсэн Л.Шагдарсүрэн СНЭ-ийн гишүүний тэмдэгээр энгэрээ мялааж, бүлгэмд Д.Нарантуул, Ш.Анхтуяа гэх охид нэмэгдэн ирж хоёр дахь “Оюухай” наадам Бэрхэд зохиогдож бүлгэмээс оролцогчдоос нэгдүгээр сургуулийн сурагч манай залуу гишүүн Б.Занданхүү түрүүлж бид бүхнийгээ баярлуулсан бол, удаах “Оюухай”-г Бор-Өндөрт зохион байгуулагдахад Улаанбаатар хотоос оролцогч яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ түрүүлсэн юм билээ. Манай хэд, Билгээ ах, Шагаа, Адъяа, Батбаяр, Идэрээ нар уулзалдаж өмнөх жилүүдийн их амжилтаа санагалзан сэтгэл нь гэгэлзээд ирэхээрээ хөл муутай ч сэтгэл сайтай Доён Ганбаагаа дагуулан аймгаас зүүн урагш 10 км алхан манайд ирж хонон өнжин хөөрөлдөж, алтан үеэ дурсаж, “1992 он–Алтан он” гэж нэрлэж, анхны “Оюухай” наадмаа “Алтан”, дараагийнхыг нь “Мөнгөн” гэхчилэн зохион байгуулсан наадмуудаа тодотгож, чөлөөтэйхөн баясаж аваад, оройхон шиг буцаад л алхдагсан. Ер нь аймагт 1989 оны сүүлчээс 1991 оны сүүлч хүртэлх хоёр жилд бүлгэмийн харьяаны хэн ч бай, манайд ирж гэргий Дууяагийн цайг уугаагүй хүн байхгүй дээ.
1994 он гарч МҮЧХ-ны гишүүн Б.Адъяахүү, багш Л.Нямаа гэх хоёр хүн бүлгэмийн сонин гаргах гэж чармайн, олон ч хүнтэй уулзаж, анх “Цагийн өнгө” сониныг гаргах үед улстөрийн нам, эвсэл олны анхаарлын төвд байсан бол Дорнодын их зайран бөө Цэрэн гэгч нэгэн олны анхаарлыг татаж, манай хоёр тэр тусмаа Л.Нямаа багш бүр жигтэйхэн сонирхон шүтэж эхэлсэн. Үүнийг үл нуршин, “Урагшаа” сонины эрхлэгч И.Байгалмаагийн зөвшөөрлөөр уран зохиолын хавсралт “Хэрлэн тооно” сониныг Ням-Осор захиралтай “Даатгал” банк, Жамъян захиралтай “ХОТШ” банк, Зундуй захиралтай “Барилгачин” хоршооны ивээн тэтгэснээр нохой жилийн хаврын сүүлчээр \1994 оны дөрөвдүгээр сар\ дугаарыг Б.Адъяахүү эрхлэн гаргасан. “Хэрлэн тооно” хавсралтын сонины Редакцийн зөвлөлийн гишүүдээр Л.Нямаа, Л.Ожгоош, М.Равдандаш, Б.Адъяахүү, Ж.Оюунбаатар, Ж.Уртнасан, Т.Эрдэнэбаатар нар ажиллаж, анхны дугаартаа яруу найрагч Н.Нямдорж, зохиолч С.Эрдэнэ нарын зарим томоохон бүтээлүүд төрсөн түүх болон Р.Чойномын нутгийн ах Агваанжамбалдаа болон М.Цэдэндоржид бичсэн захидал, 1970-1980 оны зохиолч, яруу найрагчид болон бөхчүүдийн онигоо, “Хэрлэн тооно” бүлгэмийн шинэ залуу шүлэгчдийн бүтээлийг нийтэлж, Лермонтовын шүлгийг эх хэлээр нь нийтлэн, залуу уран бүтээлчдийн орос хэлний мэдлэг, шүлэг урлах чадварыг дээшлүүлэх зорилгоор орчуулгын уралдааныг дөрвөн сарын хугацаатай зарлаж дүгнэсэн.
Наймдугаар сард Хардэл жанжин бэйс Өвгөн ноён Пүрэвжавын мэндэлсний 150 жилийн ойн арга хэмжээний талаарх мэдээлэл хөтөлбөрийг сониндоо нийтэлж, бүлгэмээс Ренчиндорж бүх арга хэмжээнд нь оролцож, бүгд яруу найргийн баярт нь оролцсон. Есдүгээр сард төрийн шагналт зохиолч Н.Нямдоржийн 60 насны ойг аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхүйд “Хэрлэн тооно” бүлгэм шинэ залуу уран бүтээлчдээр хүрээгээ тэлсээр л…
Он солигдохын өмнө төлбөр мөнгөнөөс шалтгаалан сонин маань хэвлэгдэхээ больсон ч бичихүйн их хүслэн оргилсон залуусын бүтээл ундарсаар…
1996 оны хулгана жил гарахуй модернист найрагч Б.Галсансүхийн Хэнтийн яруу найргийн сургууль гэж нэрлэсэн “Хэрлэн тооно” бүлгэмээс оюун бодол нь цэгцэрч, эрдмийн аянаа дөрөө жийсэн олон залуусаас их утга зохиолын утга учрыг яс махандаа шингээж, өвөг их дээдсийн өнө эртнээс зохион мөрдсөн цаг тооны бичгийн үргэлжлэлийн тодорхой нэгэн үед тодоос тод нэр, мөрөө гаргасан “Хэрлэн тооно” бүлгэмийнхээ хэрэг зоригийг үргэлжлүүлэн, онгодтой одтой яваа та бүхэндээ ууган гишүүний хувьд түүхэн дурсамжаа сэргээж, “маш товчхон” бичиж илгээвэй.
Хэрлэн Тооно ууландаа сүслэн мөргөмүй.
“Хэрлэн тооно” бүлгэмийн ууган гишүүн Боржигид овогт Цэдэндамбын Ганбаатар
Ганбаатар аа чиний энэ нэр дурьдаад байгаа хүмүүсийн хэд нь цагаасаа эрт явсан бол доо.Хувьсгалыг ард түмэн хийж новшнууд үр шимийг нь хүртдэг гэж хэн ч билээ хэлсэн гэдэг.