Дээд хууль ба өрнөөс чөлөөлөх хувьсгал
Дээд хуулийг батлах аян иргэдийн дэмжлэгийг авч өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хан-Уул дүүрэгт үндэсний хөдөлгөөн болж үргэлжилсэн юм. Энэ үеэр “Өргүй Монгол” үндэсний хөдөлгөөний тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү “Дээд хууль ба өрнөөс чөлөөлөх хувьсгал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлснийг товчлон хүргэж байна.
Дээд хуулийг батлах нь тайван замын хувьсгал юм. Аль болох тайван замаар, биднийг зальдаж байгаа, диваажингийн үлгэр ярин мэхэлж байгаа өнөөгийн энэ нөхцөл байдлаас гарах гарц, гаргалгаа, онош, эмчилгээний арга гээд цогц төлөвлөгөө байгаа учраас үүнийг тайван замын хувьсгал гэж нэрлэж байгаа юм. Нэг өдрийн, нэг цагийн өмнө ч гэсэн сэрж, хоорондоо ярилцаж, эвлэлдэн нэгдэж чадвал бидэнд боломж бий.
Бас биднийг өрнөөс чөлөөлөх хувьсгал ч гэж болно. Өөрсдөдөө шалгуур тавьж, сэрж, эвлэлдэн нэгдээд явахад бид энэ хувьсгалыг хийж хэрэгжүүлж чадна. Амар тайван байгаад байвал гадаад, дотоодын мөнгө хүүлэгчдийн тоолуур эргээд өр нэмэгдээд байна. Өнөөдөр 27 тэрбум ам.доллар гэж байгаа өр намар гэхэд 30 тэрбумд хүрнэ. Дээр нь төгрөгийн ханш өдрөөс өдөрт унаж ирэх намар гэхэд ам.долларын ханш 3000 төгрөгт хүрчихнэ. Бид мөнгө хүүлэгчдийн, биднийг өрөнд оруулаад байгаа залтан мэхтэнгүүдийн савраас мултарч, хувь заяаныхаа, өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ эзэн байя гэвэл энэ хувьсгалыг хийхээс өөр аргагүй.
БИД ЯАГААД ӨРӨНД ОРЧИХОВ?
Үндсэн хуулийн тухай ярихаар ухаантай, чадалтай, цэцэн мэргэн нь л ярина биз, бидний төлөө зүтгэдэг эх орончид, тийм хүмүүс нь нийлнэ биз гэсэн хандлага давамгайлаад байдаг. Үндсэн хууль маш энгийн юм. Бидний эвлэлдэн нэгдэж, энэ газар нутагт тусгаар тогтнож, цаашид амьдарч, хөгжиж дэвших зарчмыг тунхаглаж өгдөг баримт бичиг нь Үндсэн хууль гэж 1992 онд оруулж ирж баталсан. Үүнээс өмнө Үндсэн хууль бүхний үндэс гэсэн санаа явж ирсэн нь энэ хуульд шингэсэн. Бид Үндсэн хуульдаа том бүтээн байгуулалт хийж явсан бол 1992 онд дэлхийг захирч байгаа Америкийн банкуудын эзэд санаархалаа шургуулж, эзэнгүй төрийг бий болгож, газар нутгийг дээрэмддэг, ахуй амьдралыг нь доройтуулдаг болсон. Төр байхгүй болсон. Бид төр байгаа юм шиг санаж, “Төрийн сүлд минь өршөө” гэж залбираад олон жил явсан. Гэтэл төр байхгүй, Монголд харийн бодлогыг хэрэгжүүлдэг колонийн засаглал байгаа. Сүүлийн үед МАН, АН гэж яриад байна. Энэ нам биш ээ. Энэ бол тэр намуудын нэрийг ашигласан ам.долларын төлөө, зувчуулсан мөнгөө оффшорт аваачиж хадгалахын төлөө, зөвхөн өөрийнх нь ойр дотныхон, зүтгэдэг хүмүүс нь гадаадад сурдаг, цаг нь ирэхээр гараад зугтчихна гэж боддог бирдүүд шургалсан тоглоомын засаглал. Тэд ард түмнийг зээл, төгрөгийн ханшийн уналт, Засгийн газрын татварууд гэсэн гурван зүйлээс үүдсэн өрийн дарамтад оруулж байна. Ам.долларын зээлийг Засгийн газар нь төлнө биз гэж ард түмэн андуурдаг. Гэтэл Засгийн газар төлдөггүй юм. Засгийн газар өр төлөхийн тулд татвараа нэмдэг. Эцэст нь санхүүгийн бүх заль мэхний золиосонд жирийн иргэд, татвар төлөгчид өртдөг. 1992 оны Үндсэн хуульд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж лоозон төдий үг бий. Санхүүгийн болоод бусад бүх асуудалд авч үзвэл, хүн болгон тэгш гарааны нөхцлөөр хангагдсан тохиолдолд шударга байдал бий болно. Манайд зээл өгөхөөс эхлээд энэ бүхэн зөрчигддөг, 10 хувь, 20 хувь төлж байж зээл ав гэдэг нөхцөлд юуных нь тэгш гараа байх билээ.
БИД ЯАГААД ЭНЭ БАЙДЛЫГ ӨӨГШҮҮЛЭЭД 28 ЖИЛ БОЛОВ?
-Бид үүнийг ухааръя гэж бодохгүй, нэг хүнд, намуудад мухар сохроор итгэсний гай бую мэдлэггүй байсандаа өнөөдөр 30 шахам тэрбум ам.долларын өртэй,газар нутгийнхаа 80 хувийг лиценз хэлбэрээр өрийн барьцаанд тавьчихсан боолууд болж хувирсан. Тэд биднийг мэдлэггүй, дорой болгохдоо ямар арга хэрэглэсэн юм бэ гэвэл, хамгийн эхэнд тархи угаасан. 1992 онд орж ирэнгүүтээ Үндсэн хуулийг хийх 1.6 жилийн хугацаанд чөлөөт хэвлэл нэрээр тархи угаасан. Оюун санааны алуурчдыг Англид аваачиж бэлдээд, урамшуулал олгоод, тархи угаалтаа явуулсан. Үүнийхээ дараа Үндсэн хуулийг баталж, бидэнд өнөөдөр байхгүй төрийг байгаа юм шигээр итгүүлж тоглоомыг засаглалаа бүрдүүлсэн.
Тэгвэл энгийн амьдралаа харъя, 1990 онд бид юутай байв? Монгол Улсын мал 25 сая толгой байсан. Тэр үед бид “Эрдэнэт” гэж ганц үйлдвэртэй, тэр нь хоттойгоо байсан. Тэгвэл 2018 онд мал нь 66 сая толгой, газар нутгийн 70-аас дээш хувь нь уул уурхайн лиценз болж харийн мөнгө хүүлэгчдийн барьцаанд тавигдаж, гадаад өр 30 шахам тэрбум болчихсон байна. Монголчууд 1990 онд 25 сая толгой малтай, ганц “Эрдэнэт” үйлдвэртэй байхдаа ямар амьдарч байв. 1990 онд бид 1950 онд эхлүүлсэн 40 жилийн бүтээн байгуулалттай үлдсэн, сүүлд 2003 онд ОХУ-д 10 тэрбум шилжих рублийн өрийг хоёр хувиар хөнгөлж төлж чадсан. 2009 он хүртэл бас ч гэж барилгажилт явагдаж, эдийн засаг сэргэсэн. Түүнээс хойш Оюутолгойн гэрээ зурснаар уруудах шат руугаа орсон.
Өнөөдөр малын тоо толгой 1990 оныхоос гурав дахин нэмэгдсэн, дээр нь “Эрдэнэт”-ээс илүү ашиг олох баялаг орд бүхий газар нутгийнхаа 80 хувийг тэдний шургуулсан либерал онолын дагуу баяжина гэж бодоод, тэдний хуйвалдаж хийсэн хуулийн дагуу өрөнд тавьчихсан, өөрсдөө 30 тэрбум ам.долларын өрөнд орчихоод сууж байна. Дээр нь хүн болгон, айл өрх бүр банкны зээл, цалингийн зээл, ипотекийн зээлтэй, дээр нь ломбардад өртэй байгаа. Зээл нэртэй ахуйгаар нь барьцаалж байгаад “шахсан” өрөнд автчихаад сууж байна. Үүнийг 1990 онтой харьцуулахад бидний ажил хийх, амьдралаа авч явах, түүний төлөө зүтгэх чадвараас үл хамаарч, бидний мал сүрэг өссөнөөс үл хамаарч, зүгээр л санхүүгийн заль мэхээр өрөнд оруулж шулж идэж байгаа нь ойлгомжтой. Бүх юмаа өгч өөрсдөө хохирдог, өрөнд ордог, оффшорчин, хулгайчдыг бий болгодог “загвар” энэ технологи сүүлийн 60 жил дэлхий дээр явагдсан. Манай улс түүний золиос болсон. Сүүлийн 28 жил дандаа муу уг удамтай, увиагүй улс мөнгөний төлөө явж улс орноо хохироож залилсан, эсвэл албан тушаалын хэнээтнүүд төрд олноор гарч ирсэн. Энэ гашуун ч гэсэн бидний үнэн. Энд хэлсэн төгрөгийн ханшийн уналт,өрийн сүлжээний зургаас бид яагаад өрөнд ороод байгаагаа ойлгох ёстой. Үндсэн шалтгаан нь тэд бидэнд ам.долларын зээл өгдөг, эргэн төлөх болдог, гэтэл бидний цалингаа авдаг төгрөгийн ханшийг унагаад байхаар хэзээ ч өрнөөс гарахгүй. Өнөөдөр ярьж байгаа шиг хулгайч, луйварчдыг барьж ирье гээд С.Баярыг авчирч шоронд суулгаад бид өрнөөс гарахгүй. С.Баярын оронд нөгөөг нь авчирч суулгаад ч гарахгүй. Дараа, дараагийн “бирдүүд”, ард түмнийхээ зовлонгоор тоглодог, улс орноосоо хулгайлдаг хулгайч нарыг гаргахгүйн байхын тулд 28 жилийн тэмцэл, сүүлийн хоёр жилийн зүтгэлийн дүнд бий болсон Дээд хуулийг баталъя. Энэ бол монголчууд бидний хувьд дээдийн дээд шүтээн юм. Христийн шүтлэгтний хувьд библитэй нь адил, Бурханы сургаалыг шүтдэг хүмүүст Зонховын сургаальтай адил, Зөнч Мухамедаа шүтдэг хүмүүст Коран судартай нь адил тийм ариун нандин юм. Гол нь монголчуудын уламжлал болгож ирсэн сургааль, суурь баримт юм шүү. Ард түмэн нь хамаг баялгаа өгч, дээр нь үр хүүхдээ ч мөлжүүлж дуусдаг дэлхийд нүүрлэсэн энэ өрийн сүлжээнээс бид гарахын тулд Дээд хуулиа л батлах ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: