Хятадад 600 гаруй хүүхдийн наймаачдыг баривчилж, 178 хүүхдийг чөлөөлөв
Хятадын цагдаагийн байгууллага хүүхдийн наймаа эрхлэгч гэмт этгээдүүдийг олон сарын турш мөрдөж, шалгасны эцэст өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд 5000 гаруй цагдаа оролцсон тусгай ажиллагааг 10 мужид зэрэг явуулж, 608 сэжигтнийг баривчилжээ. Энэ үеэр хүүхдийн наймааны золиос болсон 178 хүүхдийг чөлөөлсөн байна.
Сычуаньд байрладаг хүүхдийн наймааны гэмт бүлэглэлийн толгойлогч Цай Лян Чао гэгч нь 26 хүүхдийг өөр муж руу тээвэрлэх үеэр хэсэг хүүхэд авто осолд орж нас барсан нь энэхүү гэмт хэргийг илрүүлэх гол сэжүүр болжээ.
Сүүлийн арван жилийн хугацаанд Хятадад хүний наймаа газар авч, хүүхэд, эмэгтэйчүүд золиос болох нь элбэг болсон юм. Хятадын баруун хойд нутаг дахь ядуу амьдралтай айлын бүсгүйчүүд, хүүхдүүдийг хулгайлах юмуу хууран мэхлэх замаар хүний наймааны золиос болгох явдал их болжээ.
2009 оны дөрөвдүгээр сараас эхлэн Хятадын цагдаагийн газар хүний наймаачдыг илрүүлж, баривчлах ажлаа эрчимжүүлснээр 7025 гэмт этгээдийг баривчилж, 18518 хүүхэд, 34813 эмэгтэйг хүний наймааны золиос болох гэж байсныг чөлөөлжээ. Мөн хүний наймаачдаас хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдан авсан хүмүүст хариуцлага тооцож эхэлсэн байна.
Эхний ээлжинд тэдэнд хүн худалдаж авсан мөнгийг нь буцааж олголгүй, зарагдсан хүүхэд эмэгтэйчүүдийг шууд чөлөөлж байгаа аж.
Ийнхүү Хятадын түүхэнд хүний наймааны эсрэг хамгийн өргөн хүрээтэй тусгай ажиллагаа явуулж, хүний наймаа эрхлэгчдэд томоохон цохилт өглөө.
URL: