МОНГОЛД ЛИМОНЫ БӨӨС ОРЖ ИРСНИЙГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН МЭДЭЭГҮЙ БАЙНА
-БИОЛОГИЙН БАГШ МОНГОЛД ИЙМ ТӨРИЙН ШАВЬЖ ОРЖ ИРСЭН
ТАЛААР ИЛТГЭЛДЭЭ ДУРДЖЭЭ-
Манай улсад гурил, будаа, эрдэнэшиш, элсэн чихэр, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр дамжин байгаль, экологи, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг “Харь зүйл” буюу шавьж, ургамал, амьтан орж ирдэг байна. Тодруулбал, цагаан будаа болон эрдэнэшишийн шөвгөр үзүүрт цох, алимны мөлгөр цох, гурилын жижиг жуулгавч, гурилын цог эрвээхий, усан үзмийн филоксер, Хятадын үрч цох зэрэг орж ирдэг гэх мэдээлэл бий.
Монголд “Хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй, хөнөөлт организмын жагсаалт”-д орсон найман төрөл орж ирсэн байдаг аж. Сүүлийн үед иргэд гэртээ лимоны мод тарьдаг болсонтой холбоотойгоор лимоны бөөс гэх зүйл орж буй тухай мэдээлэл байна.
Энэ зүйл нь лимон болон лимоны модоор дамжин орж ирдэг аж. Тус мэдээллийг МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, дэд профессор, шавьж судлаач У.Айбекийн “Харь зүйл шавьж” илтгэлдээ дурдсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр багагүй шуугив. Энэ талаар бид холбогдох байгууллагуудаас тодрууллаа.
-УЛСЫН ХИЛЭЭР МОД ОРУУЛЖ ИРЭХИЙГ ХОРИГЛОЧИХСОН БАЙГАА ГЭВ-
Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад “Ямар учиртай хаагуур хэзээ орж ирсэн мод вэ? Улсын хилээр мод оруулж ирэхийг хориглочихсон байгаа шүү дээ” гэх хариулт өгсөн юм. Харин “Хилийн мэргэжлийн хяналтын хорио цээрийн газар”-аас тодруулахад мөн л “Мэдэхгүй” гэх хариулт өгч Экспорт, импорт хариуцсан ургамал хамгааллын улсын байцаагчаас асуухыг зөвлөв.
Энэ дагуу Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн “Ургамал хамгаалал хорио цээрийн хяналт”-ын улсын байцаагчаас лимон, лимоны модоор дамжин лимоны бөөс орж ирж байгаа нь үнэн эсэхийг асуухад “Манайд ийм мэдээлэл одоогоор байхгүй байна. Иймд тодорхой хариулт өгөх боломжгүй” гэв.
Манай улсад хилээр харь зүйл орж ирж байгаа тул 2015 оноос эхлэн харь зүйлийн бүртгэл хийж, мэдээллийн сантай болж, 2025 он гэхэд харь зүйл нэвтрэх, түүнийг тархахаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулсан байдаг аж. Гэвч одоогийн байдлаар тус төлөвлөгөөг хэн биелүүлж, хаана хэрхэн хэрэгждэг болох нь тодорхойгүй. Энэ мэт судалгаа шинжилгээний илтгэлээс улбаалсан мэдээлэл мэргэжлийн хяналтын байгууллагынхны овоо хараанд одоо болтол өртөөгүй байгаа аж.
URL: