“Сэлэм” С.Бямбацогтыг цагдан хорьж шалгахаар шийдвэрлэжээ

23472813_1910001112593521_9208868156827606814_n-763x570Сэлэм эргүүлэгч, хэргийн эзэн С.Бямбацогт хэд хэдэн удаа дуулиан дэгдээгээд амжсан. Тэрээр Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө түүний сэлэм эргүүлсэн үйл явдал, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэрэг олны бухимдлыг багагүй төрүүлсэн. С.Бямбацогт уг үймээний дараа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суух иргэн Э хэмээх залуугийн гэрт барьж явсан сэлэм болон өөр бусад зэр зэвсэгээ аваачиж түр нуусан нь илэрсэн. Япон загварын жижиг сэлэмнээс гадна заазуур,  бейсболын цохиур мод, мончоок гээд хүн зодож нүдэх зориулалттай олон арван зүйл гарч ирсэнийг цагдаагийхан хурааж авсан байдаг. Гэтэл түүний ах дүүгийнхээ барьж явсан зэвсэгийг тоглоомон сэлэм гэж албан ёсны тайлбар хийж байсан удаатай.

Ингээд зогссонгүй арваннэгдүгээр сарын 14-нд иргэдээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн иргэний гэрт хар, тамхи мансууруулах бодис хэрэглэж байж болзошгүй байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас шалгалтын ажиллагаа явуулахад 25-35 насны гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Энэ хэрэгт мөн С.Бямбацогт холбогдсон аж.  Улмаар хэргийн газраас хар тамхины төрлийн бодис хураан авч, тухайн этгээдүүдийг баривчилж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж, тэдэнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү шилжүүлжээ.

Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд саяхан буюу энэ сарын эхээр хэргийг нь прокурорт шилжүүлжээ. С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар хар тамхи хууль бусаар ашигласан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Хэрэг үүсээд явж байх хугацаанд буюу энэ сарын 15-ны өдөр С.Бямбацогт нарын таван иргэн БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох “мөс”-ийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдан борлуулж байх үедээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлагдсан байна. Улмаар энэ сарын 18-нд БЗД-ийн шүүхээс С.Бямбацогтыг нэг сарын хугацаанд цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих