Хоёр сайдыг огцруулах асуудал хаана хүрэх вэ?
УИХ дахь сөрөг хүчний зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлээд байгаа. Тэд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо гэмт хэрэг, авлигын асуудалд нэр холбогдсон хүмүүстэй хамтарч ажиллахгүй гэж мэдэгдсэн. Энэ зарчмаа баримталж хоёр сайддаа хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Огцруулах үндэслэлдээ …Ц.Нямдорж сайд сүүлийн 10 орчим жил “Bella Vista” хотхонд Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцээс АТГ-аар шалгуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Мөн түүнийг УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн хэмээн үзжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд АТГ-т шалгагдаж байгаа. “Хотгор шанага”-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Төсвийн тухай хуулийг зөрчиж, 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй асуудлаар хууль зөрчсөн гэж үзжээ. Ямартай ч ийм үндэслэлээр Засгийн газраас хоёр сайдыг “сугалах” талаар саналаа хүргүүллээ. Энэ асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх юм. Хоёр сайдаа буруутай гэж үзэн, эргүүлэн татах саналаа УИХ-д өргөн барих эрх түүнд бий. Гэхдээ юу юугүй АН-ын хэлснээр огцруулах асуудлыг ярина гэдэг ёстой гонжийнжоо болох байх. Ингэж мухардалд орохыг мэдсээр байж АН огцруулах асуудлыг яагаад Засгийн газарт хүргүүлэв. Энэ нь цаанаа улс төрийн шоу, ямар нэгэн сануулга болсон байж болох юм гэсэн хардлагыг төрүүлж байна. Хэрэв хоёр сайдыг огцруулах асуудлыг АН-ын бүлгээс УИХ-д хүргүүлсэн бол чуулганаар хэлэлцэх учиртай. Тэгээд хоёр сайдын эсрэг гарын үсэг цуглуулаад эхэлбэл байдал улам л хүндрээд явчихна. Харин АН тэгж төвөг удах хүсэлгүй байгаа бололтой. Үүнээс харвал хоёр сайдын асуудал ямар нэгэн зүйлийн өөдөөс шидсэн чулуу байх магадлалтай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.САЙХАН
URL: