ХАТГАЖ, ХАНУУР ЭМЧИЛГЭЭ ХИЙДЭГ Т.ДАГМИДАД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ
Архангай аймгийн Хашаат сумын иргэн, олноо “Хатгадаг Дагмид” нэрээр алдаршсан Т.Дагмидад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” худалдааны төвийн ард байрлах “Мандах” цайны газарт иргэн Т.Дагмидийн хануур эмчилгээ хийж буй үйл ажиллагаанд дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд, зөвшөөрөлгүйгээр эмчилгээ үйлчилгээ эрхэлж байсныг зогсоожээ. Улмаар түүнд Прокурорын хяналтан дор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хэрэг үүсгэсэн тул шалгах ажиллагаа явагдаж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Дашрамд дуулгахад, хэдхэн хоногийн өмнө Т.Дагмид сумынхаа Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машин бэлэглэжээ. Уг машиныг Т.Дагмид гуайд өмнө нь өөр хүн бэлгэнд өгсөн байжээ. Тэрбээр “Хөдөө газар энэ машиныг унахгүйгээс хойш хэрэгтэй газраа байж, эмч нар хүн ардад эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байсан нь дээр” гэжээ.
О.Сайхан
Оллоо.mn
URL: