Охид ( Өгүүллэг)

- Хүүе ээ, нээрээ юу?
- Чи тэгээд ингээд л эмээ боллоо гэж үү?
- Ийм хурдан уу? . . . гэж ирээд л найз хүүхнүүдээ уулга алдан тас тас инээлдэхэд дотор нэг л эвгүйцээд явчихав. “Энэ хэдэд хэрэггүй ч хэлэв үү” гэж бодсон би
- Харин тиймээ. Урд нь хүмүүсийг эмээ өвөө боллоо гэхэд өөрөө болохгүй юм шиг л инээж, хөхөрдөгсөн. Гэтэл нэг л мэдэхэд ач, зээ нар чинь хаалганы цаана ирчихсэн зогсож байдаг юм байна. Юунд тэгж хүмүүсийг шоолж байсан юм бүү мэд гэж эгдүүцлээ нуулгүй хэлэхэд тэд сая нэг юм ухаарсан аятай инээдээ зогсоолоо. Харин тэднийг чимээгүй болсны дараа “Хэрэггүй ч тунирхав уу. Тэгээд ч эмээ өвөөгийн сургаар амаа цууртал нь инээлддэг нь хүүхнүүд бидний л зан шүү дээ. Цагтаа би ч гэсэн л тийм байсан” гэсэн бодол харваж гэмшингүй суулаа. Тэгтэл найз маань эвгүй байдлаас гарах гэсэн мэт
- Үгүй гэхдээ, үр хүүхэд гаргах охин төрүүлсэн байна гэдэг чинь сайхан ш дээ. Тийм боломжгүй охид, хүүхнүүд зөндөө л байна даг.
- Харин тиймээ. Миний найз бас азтай байна
- Нээрээ, хүүхдийн хүүхэд гэхээр хөөрхөн байдаг гэсээн гэж тэд маань миний сэтгэлийг засчих санаатай ам амандаа шаагилдахад би ч гэсэн тэрүүхэн хооронд баясаж орхив. Гэтэл нэг нь
- Хүүе ээ! Эмээ болох гэж байгаа гэхэд чиний үсэнд нэг ч буурал алгаа. Минийх гэтэл зөндөө шүү дээ. Будахгүй л бол болохгүй
- Минийх ч гэсэн ихээ их. Жаахан сөхөх л юм бол бүр язайгаад л гараад ирдэг юм. Харин чамд ер алга гэцгээхэд миний сэтгэл юугаар ч юм тэжээгдэн урамшив. Эмэгтэй хүн гэдэг чинь хариугүй юманд гомдож, хариугүй юманд баярладаг юм хойно доо. Тэгтэл нэг нь дахиад л
- Нээрээ, Эрчүүд өвөө болохоороо эмээтэй яаж унтанаа гэдэг юм гэсэн. Харин чи өвөөтэй яаж унтанаа гээд тас тас инээснээ намайг хараад бас л дуугаа хорьцгоолоо. Харин энэ удаа надад тэгтлээ төвөгтэй санагдсангүй. “Тэгээд ч бид ямар цаг үргэлж уулзаад байх биш. Хааяа нэг уулзчихаад урвагнаад байх юу байна” гэж бодоод
- Тэр чинь харин сонин санагдаад байгаа шүү. Манай өнөөх бүр өвөө дүрэндээ орчихоод яаж ч чадахгүй байх юм биш биз дээ гээд тас тас инээлээ. Тэдэнд миний инээд наргиа гэхээсээ илүүтэй миний хөгжилтэй байдал таалагдаж байгаа бололтой гэдэлзэж годолзон инээлдэв. Миний найзууд ийм л хүмүүс л дээ. “Тиймээ, бид хааяа ингэж л нэг өөрийн дураар хов жив ярьж инээлдэх гэж цугладаг юм. Ялангуяа би сүүлийн хэдэн сарынхаа алжаалыг болж өгвөл тайлах л хэрэгтэй” гэж бодож суутал утас дуугарлаа. Авбал дүүгийн дуу гарч байна.
- Та ээж дээр ирэх үү? Би хурдхан шиг хүнтэй уулзахгүй бол болохгүй нь ээ гэснээр миний найзуудтайгаа хошуу холбох мөч өнгөрөв.
- Би явалгүй горьгүй нь ээ
- Өө, юу гэсэн үг вэ?
- Арай гэж ганц уулзацгааж байж
- Заа, нөхөр мөхөртөө хэлээд аргалчих л даа гэж тэд маань тал талаас шаагилдсан хэдий ч миний шийдэмгий цааргалалтыг хорьж дийлээгүй юм.
Тэднээс салаад ээжийнх рүүгээ жирийлгэлээ. Ээжийн маань бие муудаад бүр хэвтэрт орсныг найзууддаа хэлсэнгүй. Тэгээд ч хааяахан нэг уулзаж байж өвчин зовлон яриад яахав гэж бодсоных. Олон ч жил шаналсандаа муу ээж минь. Өвчин гэдэг чинь нэг зуураад авахаараа салахыг мэдэх биш. Яг л олзоо барьж аваад ноолсоор байж унагах араатан шиг зэвүүтэй. Ээжийнд гүйсээр ирэхэд дүү маань надтай яарангуй зөрөөд гарав. Өвчиндөө шаналсаар тамир нь барагдсан ээж маань амьгүй мэт нүдээр ширтэж байснаа
- Яав? Миний охин. Найзуудтайгаа уулзав уу?
- Уулзлаа, уулзлаа. Сайхан байлаа. Та яаж байна?
- Өө, яахав. Өглөөг бодвол бүр гайгүй. Дүү чинь хүнтэй . . . гээд үгээ тасалж, амьсгаадав.
- Тийм гэнээ. Яаралтай хэрэг бол явалгүй яахав гэхэд
- Муу охиноо ч мөн их зовоох юм даа. Ганц орой ч гэсэн найзуудтай нь тайван байлгахгүй, ээж нь
- Зүгээр дээ ээж. Охин нь уулзахаар барах уу даа. Угаасаа бид тарж байсан юм гэж худал хэллээ. Саяхан ярьцгааж байсан болоод тэр үү ээжийгээ ийм бууралтсаныг анзаарсангүй явсандаа эмзэглэх шиг. Толгойг нь илж суухдаа “Ээж маань анх хэзээ бууралтсан юм бол? Хүний анхны буурал үс яг ямар үед ирдэг бол?” гэсэн сониучхан гэмээр бодол орж ирсэн ч даанч мэдэх юм алга даа. Үр хүүхэд бид ер нь эцэг эхийнхээ толгойд хэзээ буурал ордогийг огт анзаардаггүй бололтой. Миний бодлыг сарниаж ээж
- Охин нь яаж байна? Хордлоготой байна гээд байсан гайгүй юу? Орчлонгийн эм амьтны зовлон барагдах биш дээ, ямар
- Гайгүй ээ, гайгүй. Одоо бараг долоон сартай болчихож байхад хордлого нь өнгөрчихсөн байлгүй яахав гэхэд
- За бараг тийм ч байхаа даа. Ээж нь ер нь ингэж, ингэж зээгийнхээ хүүхдийг үзэхдэг шүү
- Үзэлгүй яахав дээ ээж минь. Одоо цаад тал нь гуравхан сар болоод л төрлөө. Юу байхав гэхэд ээж маань нэг их санаа алдаад
- Гурван сар гэдэг надад бол мөн ч их хугацаа болоод байнаа охин минь
- Заа, ээж юунд тэгж байдаг юм. Хүүхдүүд нь эргэж тойроод л аль болохоор болох бүтэхээрээ байх гээд байхад та дандаа уруу дорой юм ярьж байх юм гэж эрхлэх тунирхахын хооронд хэлэхэд
- Тиймээ тийм. Ээж нь л элдвийн буруу зөрүү юм ярьж охиноо зовоох юм гэхэд нь би гэнэтхэн сэхээрч
- Юу байхав ээж минь. Та бид хоёрыг ингэс тэгэс гээд эргэлдэж байтал гурван сар болчихно. Ингэхэд би төрөхдөө таныг их зовоосон уу? гэж сатааруулах санаатай наснаасаа их сонссон яриагаа давтан асуухад
- Хоёр гурав хоног л өвдөж байсан санагддаг юм
- Пээ, тэгвэл ч таныг мөн их зовоожээ
- Үгүй ээ тэгээд насны бөгсөнд тэр охин маань л асарч байна шүү дээ гээд намайг үнслээ.

Ийм яриа болсноос хойш гурван сар аль хэдийнээ өнгөрчихөж. Энэ бүх хугацааг гэртээ гэхээсээ илүү ээжийндээ өнгөрөөсөн байлаа. Би аяга цай оочлон цонхоор харжээ зогсоход оройн нар жаргаж үдшийн бүрий уй дагуулан бүрэлзээд тэр үү сэтгэлд минь ямар нэгэн юм ягтаа тулж, бүр эцсийн цэгт ирчих шиг мэдрэмж төрнө. Яагаад ч юм сэтгэл түгшиж, санаа нэг л зовиуртай ч юм шиг. Амар тайван байна гэж юу байхав дээ. Охины маань гэдэс тэнгэр шиг л том болж хэзээ мөдгүй төрөх дөхөв. Залуу юм болохоороо л мэдэхгүй байгаа болохоос ядар ч байгаа байлгүй зайлуул. Уг нь миний охин чинь аав ээждээ зээ төрүүлэн өгч бидний энэ хорвоод ирсний, сайхан амьдарсны утга учрыг үргэлжлүүлж байгаа юм шүү дээ. Ээж нь эмээгийнх рүү нь өглөө оройгүй гүйгээд охиноо ч сайн асарч чадсангүй.
Харин ээж маань өдөр, цаг хором мөч өнгөрөх тусам муудсаар байлаа. Тийм болохоор ээжийнхээ хажуугаас хөндийрч үл зүрхлэнэ. Түрхэн зуур анхаарал сарниулахад л ээж маань хаа нэг тийшээ холын холд явчих гээд байгаа юм шиг санагдана. Хүнд өвчинд шаналан байгаа ээжийгээ харах тусам өр өмөрнө. Өр өмрөх тусам бараг худалч хүнд “ингэж зовж байхаар” гэж бодогдмоор. Гэхдээ хүн хэзээ ч тэгж бодож чаддаггүй юм билээ. Хөндлөнгийн хүн бол магадгүй л дээ. Элдвийг бодон суутал утас дуугарлаа.
- За хө, өвдсөн шүү хө. Одоо яах билээ гэх манай хүний сандруухан дуу сонсогдов.
- Яах юу байхав хурдхан эмнэлэг бараад. Сандрах юмгүй. Хий самгардаад хүүхэд айлгачихав чи. Цүнхэнд нь бүх юмыг хийгээд бэлдчихсэн байгаа. Бичиг баримтыг нь аваарай. Чи өөрөө тэргээ бариарай. Хүргэнээр бариулж болохгүй шүү гэхэд утас тасарлаа. Сонссон эсэх мэдэгдэхгүй. Уг нь өөрөө л явмаар. Даанч чадсангүй.
Ээжийн амьсгаа үе үе дээрдэн биднийг сандаргана.

Ах дүү нар маань байж суух газраа олж ядан өрөө, өрөөгөөр босон суун зөрөлдөнө. Тэд юуг ч юм хүлээнэ. Хүнд бас ийм хатуу гэмээр үе байдаг байж. Энэ эмгэнээс хамаг л залуу нас, сайн сайхныг нь авч, мах цус эд эс болгоныг урж тасдан байж төрснөө бодохоор өөрсдөөсөө ой гутмаар. Одоо нэгэнт бүх юм ойлгомжтой болсон мэт санагдавч ээж минь ингээд л яваад өгнө гэхээр хэзээ ч итгэгдэхгүйгээс гадна хэзээ ч зөвшөөрмөөргүй санагдана. Хий дэмий л яах вэ? яах вэ? гэж ам амандаа гаслахаас өөрийг хийж эс чадна.

Би, ээжээс гадна охиндоо санаа зовно. Миний охин чинь саяхан л аав ээждээ нэг сарвайсан юм ирсэн чинь одоо өөрөө ээж болж бас нэг сарвайсан юм авчрах гээд өвдөж байдаг. “Эвий дээ эвий охин минь. Тэсдэг л юм шүү. Эм хүний тавилан гэдэг хатуу. Тэсээрэй миний охин” Хажууд нь байсан бол яг л ингэж хэлэхсэн. Даанч ээж нь дэргэд нь байж чадсангүй гэж бодохтой зэрэг дотор бачуурч, нулимс бүрэлзэнэ. Гэлээ гээд юу юугүй уйлж унжин энэ хэдийгээ сандаргаад яахав гэж санан охин руугаа залгалаа
- Яаж байна миний охин?
- Гайгүй ээ. Үгүй гайгүй ч гэж дээ үе үе өвдөөд л, базлаад л байна.
- Тэгнээ тэгнэ. Миний охин өвдөлт хоорондын зайг сайн анзаарч байгаарай. Ойртоод байвал эмчдээ хэлээрэй. Миний охин сандрах хэрэггүй шүү. Сайн эмч нар байгаа, айлтгүй. Ээж нь, эмээ нь ер нь бүх эмэгтэйчүүд ингэж ээж болдог юм шүү дээ. Тэсээрэй миний охин. Ээжийгээ бодоод тэсээрэй , за юу гэхэд өөрийн эрхгүй нулимс урсав.
- Эмээ яаж байна, гайгүй юу? гэхэд нь юу гэхээ сайн мэдэхгүй хэсэг зогсоод
- Эмээ нь гайгүй ээ. Ямар хүүхэд гарах бол гээд чамайг бас хүлээгээд л байна гэж худлаа хэллээ. Хүнд худлаа хэлэх мөчүүд яаж ийж байгаад л гарах юм даа.
- За би тэснээ ээжээ. Та эмээд хэлээрэй гэнэ.
“Эвий дээ муу охин минь одоохондоо өвдөж эхлээгүй юм байж. Тулаад ирэхээр юун ингэж хэлэхтэй манатай болох биз. Шөнө дунд л төрөх юм байхдаа” гэж бодлоо. Бодох тусам гараад гүйчихмээр. Даанч . . . даанч ээж нь чадахгүй нь.
- Хүүе! Ээж ухаан орлоо гэх дуунаар би ухасхийн ээжийн өрөө рүү орлоо. Ээж маань був буурал толгойгоо үл ялиг хөдөлгөн, хатсан уруулаа шилэмдэнэ. Халбагаар шингэн юм ам руу нь хийхэд чадал шавхан байж залгиад нүдээ нээлээ. Өвчтэй хүнийг олон сараар сахихад тэр хүнээ маш энгийн мөртлөө жижигхэн хөдөлгөөн хийхэд л баярладаг болдог юм билээ. Ээж ус гүйсэн нүдээр биднийг тойруулан харснаа тамир муутай дуугаар
- Ээж нь нэг хэсэг унтчихаж (үнэндээ бол ухаан алдчихсан)
- Харин тийм. Та хэсэг сайхан унтлаа
- Та нар цугаараа байгаа юм уу?
- Тийм. Бид бүгдээрээ байна. Энэ тэр байна, тэр энэ байна. Та харж байна уу? гэж намайг бүгдийг тойруулан хэлэхэд
- Харж байнаа. Хүүхдүүд минь . . . гээд хэсэг чимээгүй болсноо
- Нөгөө муу охин яаж байгаа бол? гэж манай охиныг асуув. Түрүүхэн өвдөөд, аав нь аваад эмнэлэг явсан. Мөдхөн төрж, та гучаа үзэх нь дээ гэж хэлэхэд дүү нар маань
- Харин тийм. Таны анхны гуч шүү дээ гэж батлав. Ээж маань юу ч юм бодох мэт нүдээ алгуурхан аньснаа арайхийж
- Үзэх байхаа . . . гээд үгээ тасаллаа. Миний хамар шархирч, юу ч юм хоолой дээгүүр гүйнэ. Дүү нарын зарим нь нусаа татаж сонсогдоно.
- За ээж одоо хэсэг сайхан, тайван хэвтчих гээд би гарч охин руугаа дахин залгалаа. Утасны цаана
- Ёо ёо! Ээж би одоо ярьж чадахгүй нь ээ. Өвдөөд . . .пү . . . пүү . . . гэж үлээсээр намайг юм хэлэх завдалгүй утас тасарлаа. Одоо л ойртож байгаа юм байна даа гэж бодов. Цонхны цаана үүр хаяаран тэмтэрч байлаа. Үүр хаяарах сонин шүү. Тэртээ холоос ямар нэгэн уянгалаг аялгуу аажим аажимаар наашлах шиг тийм мэдрэмж төрдөг юм. Хэдэн шөнө нойр муутай хоносон болоод тэр үү хоёр нүд хуурайшин аргана.
- Ээж, ээж . . . гэх дүүгийн дуу ард сонсогдлоо. Сандарсаар ороход ээж байдгаараа чармайн эргэн тойрноо хараад
- Ээж нь . . . гээд үгээ залгилаа. Бид дор бүрнээ
- Ээж, ээж . . . гэцгээхэд ээж маань дахин нэг сүрхий том харснаа уртавтар амьсгаа татлаа. Бид бүгд дахин амьсгалахыг нь хүлээж хэсэг зогслоо. Миний хоёр нүднээс нулимс өөрийн эрхгүй сул асгарав. Нулимсан дунд минь цал буурал толгойтой хөгшин ээжийн минь амьгүй төрх хөдөлгөөнгүй атлаа эрхэмсэгхэн оршино. Дүү нар маань чухам юу гэж бодсоныг би мэдэхгүй. Гэхдээ л надад тэгж санагдсан.
- Ээж, ээж, ээжээ . . . гэцгээх дуу тэртээ цаана ч юм шиг эсвэл тэрүүхэн тэнд ч юм шиг сонсогдсоор байлаа. Харин ээжээс минь хариу ирээгүй юм. Тавагны чихэр хуурайлчихаар ээж маань уурсаад дуугаа хураачихдаг шиг тийм мэдрэмж төрж байв. Айсандаа (гэмшсэндээ) миний хоёр нүднээс нулимс аяга аягаар урсана. Хэдий хэр удсаныг мэдсэнгүй. Гэнэтхэн утасны дуу намайг дахиад л цочоов.
- Болчихсон шүү хө. Сая төрлөө . . . охин . . . охин гарлаа. Зээ охинтой боллоо хөгшөөн гэж нөхөр маань амьсгаа давхцуулан хэллээ. Би сонссон хэдий ч нэг хэсэгтээ юм хэлсэнгүй. Тэр ээжийг маань асуусангүй. Гэлээ гээд би ханьдаа гомдсонгүй. Яалаа ч гэж гомдох билээ. Тэртээ тэргүй урсаж байсан нулимс улам бүр ундрав. Яагаад ч юм би зүгээр л охин руугаа явмаар санагдлаа. Ямар нэгэн хий хүлээснээс мултарчих шиг болохоор нь хувцсаа хурдхан шиг шүүрээд гарах гэтэл дүү
- Яасан бэ? Та хаачих нь вээ?
- Охин . . . охин төрчихлөө. Эгч нь хурдхан шиг явчихаад ирье. Та нар түргэн дууд. Хоёр цаг орчим гэрт нь байлгадаг гэсэн. Эгч нь удахгүй ирнэ гээд гарахдаа өөрийнхөө дууны өнгийг ийм мөчид баймгүй хөндий болчихсоныг анзаарав. Тэд надад гомдсон ч байж магад. Гэхдээ энэ бүгд надад хамаагүй юм шиг болчихсон байсан гэвэл хатуудсан болох байх. Ар араасаа хөвөрсөн амьдралын хүнд хүчир агшинууд намайг бүр туйлдуулж, цөхрүүлсэн ч байж мэдэх юм. Хүнд бас ийм үе ирдэг л юм билээ. Магадгүй, эх хүн гэдэг хэзээ ямагт үр хүүхдээ л гэж санаж сарвайдаг бололтой.
Гадаа аль хэдийнээ нар цухуйжээ. Би яг чухам юу бодож, яагаад ингэж гүйж яваагаа ч ойлгосонгүй. Ухаан бодлоо чухам хаах нь явааг мэдэх юм нэгээхэн ч алга. Зөвхөн “Охин минь болоо доо. Ээж минь та гучаа үзэж амжсан шүү. Охин минь амар мэнд төрсөн гэнэ” гэсэн учир замбараагүй гэмээр юм амандаа нус нулимстайгаа зууран гиншиж явсым. Үе үе сэвэлзэх салхи задгайлсан үсийг минь оролдоход үсээ ч самнаагүйгээ санан явуут дундаа шуухуйд яагаад ч юм баруун нүдэнд цагаа унах мэт бүрэлзэхэд нь хэд нухчихаад цааш дэгдлээ. Охин минь, зээ минь, ирээдүй минь намайг хүлээж байгаа . . .

Гадуур хувцасныхаа энгэрийг товчилж ч амжилгүй сандран гүйх бүсгүйн баруун шанханд ганц цагаан үс өглөөн наранд гялтганан цайрна . . .


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих