“СПЭЙШЛ МАЙНЗ”-ынхан ажилчидаа ЦИАНИДААР хордоогүй гэж батлахаар ОРОЛДОВ
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт гуравдугаар сарын 5-нд цианидын уусмал асгарсны улмаас ажилчид нь химийн бодист хордсон гэсэн оноштойгоор бүтэн сар, үүний дотор Хордлого судлалын үндэсний төвд 20 шахам хоног эмчлүүлсэн. Компанийн зүгээс ажилчдаа химийн хорт бодист хордоогүй гэж итгүүлэхийг оролдож буй ч тухайн үед оношилж, эмчилсэн мэргэжлийн эмч нар “химийн бодисын хордлого” гэсэн онош тавьсан нь цаасан дээр баримт болж үлдсэн юм.
Бид эл хэргийн мөрөөр “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрийн цианидын уусмал шахдаг шахуургын товчлуур тодорхойгүй шалтгаанаар дарагдаж, хорт бодисоо хяналтгүйгээр шахан, цианидын уусмал 30 минутын турш асгарсан, тус компанийнхан цианид алдсан тухайгаа холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдээгүйгээс Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрынхан үүссэн нөхцөл байдалтай цаг тухайд нь танилцаж, хяналт, шалгалт хийх боломжгүй болсон хойно буюу 3-4 хоногийн дараа хэргийн газарт ажилласан, ажилчдаа эмнэлэгт хүргэлгүй хугацаа алдсанаас цианидад хордсон нь тогтоогдох боломж бараг үгүй болсон, хэрэг явдлаас хойш бүтэн сар өнгөрсөн ч холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, хордсон, эсэхийг тогтоох шинжилгээний хариу гараагүй нь хэргийг замхруулах тал руу нь явуулж буй юм биш биз гэсэн хардлага төрүүлэх болсон талаар сурвалжилга бэлтгэсэн.
Харин “Спэйшл майнз”-ын зүгээс химийн хорт, аюултай бодис ашиглах зөвшөөрөлтэй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах үүрэгтэй компани гэхэд дэндүү хариуцлагагүй, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулахуйц үйлдлийг нь гаргаж тавьсан сурвалжилгыг маань няцаахаар аудио бичлэг илгээжээ.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч:
-Хагас, бүтэн сайнд бэлдэж байгаад, нэг дэх өдрөөс хэвлэлийн удирдлагуудтай уулзах гэж байгаа. Гурван хүнтэйгээ би сая уулзчихлаа. Ерөнхийдөө ойл… мэдээлэл авчихлаа. Эмчлэгч эмчийн хувьд энэ гурвын биеийн байдал, онош ямар байгааг хэлээд өгөөч?
Эмч: -Гурван өвчтөн ирэхдээ ямар нэг хордлогын шинж тэмдэг байгаагүй. Гурвуулаа суурь, архаг хууч өвчтэй нь тодорхой байсан. Багажийн болон лабораторийн шинжилгээгээр тэр нь батлагдсан. Жишээ нь, Эрболд цөсний архаг болон бөөрний үрэвсэлтэй. Лхам элэг, цөсний архаг үрэвсэлтэй, Амгалан архаг хатгалгаатай, бөөрний архаг үрэвсэлтэй байсан. Тэдэнд тухайн өвчнийх нь чиглэлээр эмийн болон уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээ хийснээр биеийн байдал нь сайжирсан. Одоо энэ хүүхдүүдэд онцгойлсон зовиургүй, зүрх, цус, амьсгалд өөрчлөлтгүй. Эхний хоёр нь өнөөдөр эмнэлгээс гарсан. Амгалан архаг хатгалгаатай учраас эмчилгээг 2-3 хоног үргэлжлүүлнэ. Эдэнд өөр ямар нэг өвчний шинж тэмдэг байхгүй, зөвхөн суурь, үндсэн, өөрсдөд нь байсан өвчнийг эмчилж өгсөн.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Нэг нь тэсэлгээний угаарт хордсон, хоёр нь химийн бодисын нөлөөтэй гээд байгаа шүү дээ.
Эмч: -Манайд ирэхдээ угаарын болон бусад ямар нэг хордлогын шинж тэмдэг байгаагүй. Өмнөх эмнэлэгт очихдоо угаартсан шинж тэмдэг байгаад, тэр нь эмчилгээндээ арилаад эдгэрчихсэн байсан. Манайд суурь өвчнөө л эмчлүүлсэн.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Эмнэлгийн холбогдох төлбөрийг компани нь хариуцаж байгаа юу?
Эмч: -Эмнэлгийн төлбөр болон гадуур хооллох мөнгийг компани нь хариуцаж байгаа юм билээ. Энэ хүүхдүүд нэг төгрөгийн ч зардал гаргаагүй. Мөн Эрболд, Лхам нарын ээж нь хүүхдээ асрангаа хамт сайхан эмчлүүлсэн.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч:-Цианид натрийн хордлого цаашдаа яаж нөлөөлөх вэ. Энэ хүүхдүүдтэй уулзахад цаашдаа яах бол гэдэгт л санаа зовж байна л даа. Ер нь цианидын хордлого хожуу шинж тэмдэг, сөрөг нөлөө илэрнэ гэж байх уу?
Эмч: -Байхгүй. Энэ хүүхдүүдэд цусанд болон эмнэл зүйн лабораторийн шинжилгээгээр цианид натрийн хордлого илрээгүй. Тэгэхээр тодорхой хугацааны дараа илэрнэ гэсэн ойлголт байхгүй.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Тэр дүгнэлт нь байгаа юу?
Эмч: -Байгаа, бүгдийг нь карт дээр нь бичсэн. Энэ хүүхдүүд Хордлого судлалын үндэсний төвд очихдоо угаартсан байжээ гэсэн бодол надад төрж байгаа. Түүнээс цианидаас болоод энэ хүүхдүүдэд эмгэг өөрчлөлт орчихсон юм байхгүй.
Спэйшл майнзыг төлөөлөгч: -Цаашдаа эмчилгээ хийлгэх үү?
Эмч: -Өөрсдийнхөө суурь өвчлөлийг зургаан сар болоод ирж хянуулаарай гэж хэлсэн. Түүнээс цианидаа хянуул гэж байгаа юм биш. Эхнээсээ цианид натри бараг байгаагүй юм чинь тийм хордлого үүсээгүй байх гэж бодож байна. Газрын гүнд ажилладаг болохоор угаартсан байхыг үгүйсгэхгүй л дээ. Тэр бол байж болох асуудал. Гэхдээ их хүнд очоогүй. Би картнаас нь өмнөх эмнэлэгт хийсэн эмчилгээний явцыг уншсан. Тийм цианидаар хордсон шинж тэмдэг гараагүй л юм билээ. Зүгээр харин нэг нь угаартсан байж магадгүй байсан. Нөгөө хоёр нь гайгүй л юм билээ. Би энэ эмнэлгийн зөвлөх эмч учраас байгаа зүйлийг байгаагаар нь хэлж байна. Юм бодитой байх ёстой. Ямар нэг хүн заавал буруутах ёсгүй. Түрүү булчирхай, бөөр, үе мөчний үрэвсэл, толгой нь байнга өвддөг, багадаа шарлаж байсан, хоолны буруу дэглэмээс болоод цөс нь өвдсөн онош л байсан. Харин энэ хүүхдүүд үүнийхээ хүчинд их сайхан эмчлүүлж авсан. Амгалан бол архаг хатгалгаатай. Түүнээсээ болоод амьсгааддаг, цээжээр нь хөндүүрлэдэг байсан. Түүнээс энэ хүүхдэд цианидын, ямар нэг угаарын хордлого байхгүй.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Хэвлэл мэдээллээр бичээд байгаа нь буруу гэдгийг та мэргэжлийн хүний хувьд баталлаа. Би ч сая нүдээрээ хараад ойлгочихлоо. Ташаа мэдээлэл яваад байгаа юм байна.
Эмч: -Сэтгүүлчид ч бай, эмч ч бай аливаа зүйлд бодитой хандаж байх ёстой. Байгаа юмыг байгаагаар нь байгаа газар нь тавьж өгч байх ёстой. Энэ хүүхдүүд энд ирэхдээ ямар нэг хордлого байгаагүй. Өөрсдийнхөө архаг хуучийг эмчлүүлье гэсэн учраас түүнийг нь эмчилж өгсөн.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Анхны илэрсэн реакц нь бол тухайн үед химийн бодис бага зэрэг нөлөөлсөн байх магадлалтай, тийм ээ.
Эмч: -Угаартсан гэсэн бичлэгтэй юм билээ. Ахуйн нөхцөлд ч хүн угаартаж л байдаг. 70 метрийн гүнд ажиллахад хүн угаартах тохиолдол байлгүй яах вэ дээ. (Хожим гарах үр дагавараас сэргийлж, найруулгын алдаатай ярианы хэллэгийг засаагүй болно).
Энэ бол “Спэйшл майнз”-ын ажилчид Хордлого судлалын үндэсний төвд эмчлүүлээд гарсны дараа аваачиж хэвтүүлсэн хувийн эмнэлгийн зөвлөх эмч, компанийг төлөөлсөн бүсгүй хоёрын яриа. Хэрэг явдал болсноос 20 шахам хоногийн хойно, хордлого тайлах олон хоногийн эмчилгээний дараа үзсэн эмчээр ингэж яриулаад, түүнээ бидний бичсэн зүйлсийг үгүйсгэх баримт болгож байгаа аж.
Цианид гэдэг нь маш түргэн үйлчилгээтэй, хүний биед нэвтэрсэн даруйдаа хордуулж, эрхтэн системд нөлөөлөөд, цагийн дараа гэхэд шээсээр ялгараад гарчихдаг, хамгийн удаандаа 72 цагийн дотор цусны шинжилгээнд илрэх магадлалтай, үүнээс хойш бол илрүүлэх боломжгүй бодис гэдгийг тэд мэдэхгүй байв уу. Эсвэл биднийг мэдэхгүй гэж бодсон уу. Маш болчимгүй, ёс зүйгүй гэж болохоор яриагаа баримт хэмээн илгээжээ.
Мөн энэ бичлэгтэйгээ хамт “Прокурор болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гараагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодит бус мэдээлэл олон нийтэд хүргэх, хувь хүн болон байгууллагын нэр хүндэд халдах, үйл ажиллагааг зогсоох захирамж гаргах зэрэг үйлдэл нь холбогдох хууль тогтоомжууд болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл” хэмээн биднийг сүрдүүлэхийг оролдсон өгүүлбэр дайжээ.
Болсон явдлын талаар бид газар дээрээс нь сурвалжилж, бүх үг, өгүүлбэрээ баримтад тулгуурлан бичсэн. Прокурор болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарахыг хүлээсэн бол өнөө хүртэл энэ хэргийн талаар хэн ч мэдэхгүй өнгөрөх байв.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
URL: