2030 онд “сүйрч” мэдэх азийн таван орны тоонд Монгол багтлаа

Mongol-768x479Түүхий эдийн үнээс хамааралтай Азийн таван орны эдийн засаг 2030 онд “сүйрч” мэдэх тухай тайлбарласан нийтлэл www.nationalinterest.org цахим хуудаст гарчээ. Эдийн засаг нь “сүйрэх” Азийн таван орны нэгээр Монголыг нэрлэсэн байна. Орчуулан хүргэж байна.
Дэлхийн эдийн засгийн төв нь Ази тив болж магадгүй тухай ярьдаг. Гэхдээ энэхүү бүүмд Азийн бүх орон хамрагдахгүй. Орон бүр өөрийн гэсэн асуудалтай. Дор дурдсан Азийн таван орны эдийн засаг 2030 онд ч асуудалтай байх төлөвтэй байна. Учир нь доорх таван орны эдийн засаг түүхий эдийн үнээс шууд хамааралтай юм. Тиймээс энэ таван орныг эдийн засгийн аюултай бүсэд хамруулж байна.
1. Хойд Солонгос
Азийн хамгийн муу эдийн засагтай орны тоонд тус эзэнт улс багтаж байгаад гайхах зүйл ерөөс байхгүй. Коммунистуудын эрхшээлд байдаг Хойд Солонгос нь Эдийн засгийн эрх чөлөөний индексээр 2016 онд сүүл мушгиж, 100 онооноос ердөө 2.3-ийг авчээ.
Ингэснээр тус улс нь бизнес эрхлэхэд хамгийн таагүй орон болж буй. Иргэдэд нь хувийн өмчтэй байх эрх байхгүйгээс гадна нэг хүнд ногдох ДНБ ердөө 1800 ам.доллартай тэнцэж байна.
Тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш унаж, гиперинфляцитай нүүр тулсан 2009 онд валютаа дахин үнэлсэн байдаг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард НҮБ-ын шаардлагаар БНХАУ Хойд Солонгост худалдааны хориг тавьсан. Тус улсын нийт экспортын 90 хувь нь БНХАУ руу гардаг ба дийлэнх нь нүүрс болон алт байдаг аж.
2. Папуа Шинэ Гвиней
БНХАУ-ын эдийн засаг цойлж байх үеийг дагаж сэргэсэн орон бол Папуа Шинэ Гвиней юм. Тус улсад “Exxon Mobil” компани байгалийн хийн төсөл хэрэгжүүлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт дээд цэгтээ тулжээ. Ингэснээр өнгөрсөн онд тус улсын эдийн засаг урьд хожид байгаагүй ихээр тэлжээ.
Гэхдээ тус улсын нэг хүнд ногдох ДНБ 2700 ам.доллартай тэнцэж байна. Азийн хөгжлийн банкны тайлангаас харахад, тус улсын эдийн засаг 2015 онд 10 хувиар өсөж байсан бол энэ жил ердөө 2.4 хувьд хүрэх нь. Харин ОУВС ирэх жил тус улсын эдийн засаг ердөө 1.4 хувиар өснө гэж таамаглаж буйгаа танилцуулсан байна.
Түүхий эдийн үнэ уруудах үе нь Засгийн газрын зардал өссөн үетэй давхацсан нь тус улсыг их хэмжээний өртэй болгожээ.
3. Монгол
Монголын эдийн засгийн нөхцөл байдал Папуа Шинэ Гвинейгийнхтэй тун төстэй. Түүхий эдийн ханш өндөр байх үед Монголын эдийн засаг хурдтай өссөн. Тус улсын хөрш БНХАУ аж үйлдвэрийн салбараа томруулж байсны ашиг тусаар “Minegolia” гэдэг нэрийг авсан байдаг. Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өссөн байдаг. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд 2014 онд аварга том, алт, зэсийн Оюутолгой төслийг зогсоох үед гадны хөрөнгө оруулалт ширгэжээ. Ингээд эдийн засаг нь 2014 онд 7.8, 2015 онд 2.3 хувиар өссөн байна. Энэ тоо 2016 онд 0.8 хувьтай тэнцэх төлөвтэй байгаа гэж Дэлхийн банкнаас мэдээлжээ(2016 оны ДНБ-ий өсөлт 1 хувьтай тэнцсэн орч.).
Монгол Улсын таван хүн тутмын нэг нь ядууралд өртсөн байгаа энэ үед монголчууд Хятадаас хамаардаг байдлаа бууруулах хэрэгтэй. Тус улсын нийт экспортын 90 хувь нь БНХАУ руу гардаг.
4. Азербайжан
Азербайжаны орлого гэнэт өсөж, ядуурлаа бууруулж чадсан түүх бий. Гэхдээ тус улсын ДНБ-ий 40 хувийг газрын тос болон байгалийн хий бүрдүүлж байгаа нь төсвийг эмзэг болгож байгаа юм.
Социалист орны бүрэлдэхүүнд багтаж байсан Азербайжаны эдийн засаг 2016 онд агших нигууртай. Харин 2017 онд ДНБ 1 хувиар өснө гэсэн таамаг бий. Тус улс Монгол болон Папуа Шинэ Гвинейтэй адилаар түүхий эдийн экспортоос хамааралтай байдлаа засаж, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай нүүр тулж буй. Азийн хөгжлийн банкнаас санхүүгийн байгууллагын чанараа сайжруулж, жижиг дунд бизнест зээл өгөх замаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөж буй юм. Ингэснээр Азербайжаны эдийн засаг эрсдэлээ тараан байршуулах боломжтой болох гэнэ.
5. Казахстан
Азербайжантай адил хуучин социалист орны бүрэлдэхүүнд багтаж байсан Казахстаны эдийн засаг газрын тосны үнийн өсөлт, бууралтаас шалтгаалж байдаг. Тус улсын эдийн засаг 2015 онд ердөө нэг хувиар өссөн бол 2017 онд 0.7 хувиар өсөх төлөвтэй байна.
Тусгаар тогтнолоо зарласнаас хойш Нурсултан Назарбаевийн удирдлагад байгаа тус улс БНХАУ-ын “Торгоны зам” төслөөс ихийг хүлээж байна. Тус улсын Засгийн газар мөнгөн тэмдэгтээ дахин үнэлж, бизнесийн орчинд шинэчлэл хийж буйгаа зарлаж, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаа. Гэхдээ эрх зүйн орчин болон хүнд суртлаас болж хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа гэнэ.
Тус улсын Ерөнхийлөгчийн “Kazakhstan 2050” хөтөлбөрийн хүрээнд тус улс 2050 он гэхэд ТОП 30 эдийн засагтай орны нэг болох зорилго тавьжээ.
Эх сурвалж: UB.LIFE


URL:

Сэтгэгдэл бичих