АВЛИГАТАЙ, АЛТТАЙ МОНГОЛД ТАВТАЙ МОРИЛ

Манай улс сүүлийн хэдэн жил, ялангуяа өнгөрч буй  2011 онд дэлхий дахины анхаарлын төвд оров. Тун дажгүй.

-Энэ хоёр “А”-гаар дэлхийд биднийг андахгүй болов-

Оюутолгой, Таван­толгой маань гарч ирээд л улс гүрнүүд өчүүхэн муу Монголыг минь тоож байна гэж жигтэйхэн. Энэ намар юу болов оо. Ганцхан сарын дотор Солонгосын Ерөнхийлөгч, АНУ-ын  дэд Ерөнхий­лөгч, Германы канцлер, Хятадын том дарга, бас Финляндын Ерөнхийлөгч гээд түүхэнд байгаагүй айлчлалууд цувсан. Цувсан ч гэж, овоорсон л доо.

Уул уурхай, газар доорхи баялгаараа ингэж нэг дэлхийн анхааралд орж авав. Тавантолгойг маань одоо хүртэл дээрх мэтийн улс гүрнүүд булаацалдсаар л байна.

Харин саяхан манай Монгол Улс дахин нэг “гайхамшиг”-аараа дэлхийн анхаарлыг татаадахав.

1996 оноос эхлээд судалгаа хийж байгаа Германы Берлинд байр­ладаг Олон улсын “Transparency International” байгууллага улс орнуудын авлигын индек­сийг шинэчлэн гаргасан байна.

Энэ жил уг судалгаанд 183 орон хамруулснаас манай улс 120 дугаар байрт шалгарчээ.  Амжилт шүү. Яагаад гэвэл,  одоогоос долоон жилийн өмнө буюу 2004 онд “дөнгөж” 85 дугаарт орж байжээ. Тэр үед 145 орон судалгаанд хамрагдсан байна.

2005 онд өмнөх жилийн амжилтаа 158 орон “өрсөлдсөнөөс” давтсан бол, 2006 онд 163 орноос 99, 2007 онд 179 орноос мөн л 99 дүгээрт орж байж. Үүнээс хойш 2008 онд 180 орноос 102, 2009 онд 180 орноос шууд 120 хүртэл “дэвшиж”, өнгөрсөн онд 178 орноос 116 дугаарт орсон байна. Тасралтгүй өссөн байгаа биз.

Ингэхдээ авлигын ин­дек­сийн үнэлгээ тогтмол буураад байсан байгаа юм. Авлигыг үнэлэхдээ 1-10 гэсэн үнэлгээгээр үнэлдэг бөгөөд нэг рүү ойртох тусам авлигын индексийн үзүүлэлт муу, 10 руу дөхвөл сайн гэдэг аж.

Харин манай улс 2004 онд гурав гэсэн үнэлгээ­тэй байсан нь жил ирэх тусам буурсаар энэ жил 2,7 гэсэн тоонд хүрчээ. Нөгөөх “1” гэсэн тоонд нэлээн дөхсөн байгаа биз.

Бас болоогүй ээ, манай хойд хөрш ОХУ авлигаараа өнгөрсөн онд 2,1 хүртэл дор орсон бол энэ жилийн судалгаагаар 2,4 болж наашилж. Урд хөрш маань ч ялгаагүй. 2004 онд 3,4 үзүүлэлттэй байсан бол энэ жил 3,6 болтол авлигаа устгасан байна.

Ер нь бол Орос, Монгол хоёр авлигын төвшингөөрөө нэлээд ойр болохыг энэ судалгаа харуулав.

Юутай ч энэ мэтээр Монгол Улс авлигаараа, авлигачдаараа дэлхийд данстай болов. Уг нь авлига гэрлийн хурдаар өссөн сүүлийн жилүүдэд бид АТГ хэмээх сүрхий байгууллагыг бий болго­сон. Жилд энэ газрын төсөв гэж 7-8 тэрбум төг­рөг зарцуулдаг гэж байгаа. Гэсэн ч өгсөн үр дүн нь энэ. Харамсмаар байгаа биз.

Түүнчлэн АТГ байгуу­лагдсан цагаасаа л зарим нэгний эрх ашигт ний­цэхгүй байгаа нь тодорхой харагддаг

.Анхны дарга нь гадаа­дад томилолтоор ажиллаж байгаад учир битүүлгээр нас барсан. Энэ хэргийг хуулийнхан саяхнаас сэргээн шалгаж эхэлсэн тухай яригдаж байна. Удаахь дарга нь мөн л таатай бусаар суудлаасаа холдсон. Дэд дарга, Гүй­цэт­гэх албаны дарга нарынхаа хамт жил тойрон шоронд хоригдож байгаад сар шахмын өмнөөс тэнсэн харгалзах ялтай­гаар суллагдсан.

Харин саяхан Ерөн­хий­лөг­чийн санал болгос­ноор Н.Ганболд, Б.Хурц нарыг УИХ-аас АТГ-ын удирдлагад томилов.  Тэд өөрийн биш хүмүүсээ толгой дараалан халж байгаа тухай мэдээлэл ойрмог­хо­ноос хэвлэлүү­дээр гарч эхлэв. Энэ бай­дал цааш хэрхэн үргэлж­лэх нь тодорхой бус.

Ер нь бол олон нийт АТГ байгуулагдсанаас хойш хэдэн  хэрэг, хэрхэн шийдэж байгаа зэргийг огт сонирхсонгүй. Сонир­хох шалтгаан ч байсангүй. Энэ хооронд зөвхөн хэ­нийг халж, хорьж, хэн гээчийг оронд нь томилох гэж байна гэсэн асуулт АТГ-ын саарал байшин­гаас томоор тавигдсаар ирсэн.

Ийм нөхцөлд энэ газар авлигыг хороосон уу гэх асуудлыг сөхөх нь илүүц хэмээн учир мэдэх хүмүүс, судалгааны байгууллагууд ч тодорхойлж байна.

Алт сонирхоод дөтлөх гаднын хөрөнгөтнүүдэд “Алттай ч, бас авлигатай Монголд минь тавтай мо­рил” хэмээн үнэнээ хэлээд урьсан нь дээр бололтой.

Б.ГАРЬД


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих