Монгол улс “Болдоггүй бор”-оороо дэлхийд алдаршлаа
“Болдоггүй бор”-ууд дахиад л Монголчуудын чихийг халууцуулав. Тодруулбал нинжа нар буюу хувиараа алт олборлогчид. Монгол улс байгалийн баялгаараа харийнхны арааны шүлсийг асгаруулж, дэлхийн сонорт хүрч байгаа хэдий ч бас “баллуурдаж” чаддаггүй бантангаараа дэлхийн чихийг соотойлгож байна.
Гэтэл манай урдаа барьдаг хэдэн улстөрчид дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх цаг ойрхон байна хэмээн цээжээ дэлдэж байгаа нь улстөрийн хийрхэл үү, унхиагүй Монгол зан уу.
2008 онд Английн зурагчин Ричард Уэйнврайт Монголд ирэхдээ мөн л траншейны хүүхдүүдийн зургийг авсан нь нэг хэсэгтээ л хөгшин Европод “од” болж Монголхүүхдүүдийг траншейгаар төсөөлөх болсон юм.
Үүний дараа буюу одоогоос хоёр жилийн өмнө Британийн сэтгүүлч Дамиэн Досан Монголд хөл тавьж Монгол улсын тухай мэдээллийг бэлтгэж байсан юм. Гэтэл Монгол улсын зэрлэг онгон байгаль, байгалийн баялаг, нүүдэлчин Монголчуудын ахуй амьдрал гээд үзсэн харсан болгоноо гайхан шагшиж байсан тэрээр нутагтаа очсоныхоо дараахан “Монгол дахь гутамшигт үнэн” гэх нэртэй нийтлэлийг Шинэ Зеландын хэвлэлд нийтлүүлсэн байдаг.
Түүний бичсэн нийтлэлд …Улаанбаатар хотыг тойрон хүрээлж буй уул толгод нь энэ улсын нэн ядуу иргэдийн амь хоргоддог газар ажээ. Гэтэл үүнээс хамгийн аймшигтай нууц нь тэр уул толгодын дунд нь талийгаач бологчдын булшнууд байдаг бөгөөд ядуу иргэд нь ухаж сэндийлсэн булшнууд дунд л амьдардаг аж.
Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгүүрүүд нээгдсэн байх нь энэ сэжиг хүрэм орчинд хүмүүс хэр удаан амьдарч буйг илтгэнэ. Аймшигт нүдэнд итгэмгүй байдлууд харагдаад байх юм. Булшнаас гарсан биеийн хэсгүүд энд тэнд хэвтэж харагдах ба булшны нүхнүүдийг нь үйлдвэрлэлийн, эмнэлэг ахуйн хог хаягдлыг шингээх сав болгон ашигласан байх юм. Бороо орсон үед тэр бохир зүйлс нь урсан оршин суугчдын хэрэглэдэг худаг руу урсан орох аж.
Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бүх хүүхдүүд нь бэлгийн замын өвчтэй бөгөөд, бүр 10 хүртэлх насны хүүхдүүд ч байгаа аж… гэхчилэнгээр Монголын нийгэм дэх болж бүтэхгүй байгааг уудалсан нь Монгол улсыг гэрэл гэгээтэй зүйл байхгүй болгож тэр чигт нь ХАРААР будсан.
Харин өнгөрсөн жил буюу 2010 онд Канадын гэрэл зурагчин Эндрю Роуэт Монголд хөл тавьж мөн л Монгол “гажиг”-ийг гэрэл зургийн хальснаа буулгасан юм.
Гэтэл энэ сарын 4-нд Америкийн “Нью-Йорк Таймс” сэтгүүлд Монголын тухай, тодруулбал “нинжа” буюу хувиараа ашигт малтмал олборлодог иргэдийн тухай нийтлэгджээ. Уг нийтлэлд хувиараа алт олборлогчдын тухай бичсэн бөгөөд 2010 онд Монголд ирж нинжа нарын зургийг авсан Канадын гэрэл зурагчин Эндрю Роуэтийн зургуудаар “чимэглэсэн” байна.
“Нью-Йорк Таймс” сэтгүүлд …Хувиараа алт олборлогчдыг “нинжа” хэмээн нэрлэдэг. Энэ нь “нинжа”-нууд том хавтай түмпэн үүрээд явж байгаа нь “Мэлхий нинжа” хүүхэлдэйн киног санагдуулдаг учраас тэгж нэрлэсэн бололтой юм.
Эдгээр хүмүүс нь майханд амьдарч, маш хүнд нөхцөлд өдөрт 12 цагаар ажиллах хүмүүс XXI зууны алтны өвчинд автжээ. Энэ байдал нь газар авч Сибирьтэй хиллэх Дархан цаазат газар руу орсон байна.
Тэд цианит натри, мөнгөн ус ашиглан аль олборлодог учир Монголын хамгийн цэвэр тунгалаг гол мөрөн, байгалийн үзэсгэлэнт газрууд хордож байна… гэх мэтээр Монголын үнэн нүүр царайг илчилсэн хэдий ч байгалийн баялагаараа дэлхийн тавцанд гарч чадсан Монгол руу зүглэх жуулчдын хормойноос хойш татаж байна гэхэд хилсдэхгүй.
Тэгэхээр уул уурхай, аялал жуулчлалыг хөгжлийн ДӨРӨӨ болгож байгаа Монголчуудын хувьд эхний ээлжинд нийгмийн ГАЖИГ хөгжлөө засахгүй бол энэ мэтчилэнгээр нүүрээ улайлгаж, чихээ халууцуулсаар байх нь.
Ж.Хулан
URL: