Намт-Төрт Монгол орон

Монголчуудын амьдрал товчхондоо намаас хамааралтай гэхэд хилсдэхгүй. Ажилд орох, албан тушаал ахих болон бусад олон зүйлд аль нэг /МАН, АН/ намтай хэрхэн холбоотой байхаас л шалтгаалдаг. Энэ бол өнөөдөр хэвшил болчихсон байна даа. Зөвхөн хувь хүний амьдрал намаас хамааралтай байх төдийгүй монголын нийгэм тэр чигээр намаас хамааралтай болчихоод байна. Төрийн дээр нь нам байна шүү  дээ. Төрийн бодлогоор биш харин намын бодлогоор дөрвөн жилийн давтамжтайгаар монгол улс удирдуулагдаж байна. Товчхондоо бол Намт-Төрт Монгол улс болон хувирлаа. Энэ бол монголд шинэ биш л дээ. 90 оноос өмнө Монгол намт төртэй байсан. Гэтэл ардчилсан төртэй буюу ард түмний төртэй болох боломжтой байтал мөн л эргээд намт-төртэй болчихлоо. Төрийн бодлого хүн бүрт тэнцүү бөгөөд хүртээмжтэй байдаг. Гэтэл монголын Намт-Төрийн бодлого хүмүүсийг намаар, мөнгөтэй мөнгөгүй, хөгшин залуу, дуулгавартай дуулгаваргүйгээр нь ялгаж байна.

Энэхүү нийтлэлээрээ өнөөдрийн монголын намт-төрийн бодит байдал ямар байгаа, юу болоод байгаа талаар ард түмэн ойлголт өгөх явдал юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тэнцвэртэй, шударга биш, нэг талыг барьсан, захиалгат мэдээллүүд ард түмнийг үнэн бодит мэдээллийг хүлээж авах эрхийг зөрчөөд зогсохгүй цаашлаад төөрөгдөлд оруулж байна. Тиймээс л энэхүү нийтлэлийг бичиж байна.

Тиймээс өнөөдрийн монголын улс төрийн үйл ажиллагаан нэгэнт л намаас хамааралтай учраас энд улс төр дэхь намуудын хөдөлгөөн, үйл ажиллагаа болон цаашдын үйл ажиллагааг ажиглалт дээр тулгуурлан тодруулцгаая. Нэг намтай Монгол улс Хоёр намтай Монгол улс болон хувирсныг та харах болно. Хаан нүцгэн байна гэдэг шиг Монголын төрд “хаан” шиг дураар аашилж байгаа намуудын нүцгэлцгээе. Бодит байдал ямар байгааг уншигч та харна уу. Энэ бол намуудыг муулах гэсэн бас магтах гэсэн биш харин “ҮНЭН”, “ҮНЭН” бас дахин “ҮНЭН”-ийг бичхийг оролдсон юм.

Эрх баригч улс төрийн хүчин буюу АН ба МАН

2008 оны сонгуулийн үр дүнд өнөөдрийн “стандартын бус” Засгийн газар байгуулагдсан. Энэ сонгууль араасаа монголын түүхэнд хэзээ ч мартагдахааргүй хар мөр үлдээсэн 7-р сарын 01-ны “шударга ёсны төлөөх” ард түмний тэмцлийг авчирсан юм. Энэ тэмцлээр эрдэнэт 5 залуу эрсдэж, олон зуугаараа баривчлагдан, хэлмэгдсэн юм.

Тэр үеийн МАХН сонгуулиар олонхи болсон бөгөөд АН цөөнхи болсон юм. Дэлхийн бусад орны жишгээр бол олонхи болсон нам нь Засгийн газраа бүрдүүлдэг. Гэтэл МАХН дангаараа Засгийн газрыг байгуулалгүй АН-тай хамтарсан юм. Ингээд Монголын УИХ сөрөг хүчингүй болж хяналт, шалгалт болоод  шүүмж үгүй болсон. Ийм л замаар дөрвөн жилийг үдэж, дараагийн сонгуультайгаа тулгарлаа. Сөрөг хүчингүй байна гэдэг хэн ч хэний ч ажлыг шалгахгүй гэсэн үг. Энэ бол хариуцлагагүй байдлыг төрд авчирдаг. Энэ юугаар харагддаг вэ гэхээр Д.Зоригт сайдыг огцруулах 9 үндэслэл гаргаж тавиад ч чадаагүй, Ерөнхий сайдад хариуцлага тооцох талаар өргөх бичиг өгөөд ч дарагдсан. Огцруулах, хариуцлага тооцох эдгээр үндэслэлүүд дэндүү үндэслэлтэй байснийг тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн дөрвөн жилд өөрөөр хэлбэл энэ УИХ, Засгийн Газрын дөрвөн жилд Монгол орон, монголчуудын амьдралд юу нэмэгдэв гэдгийг өнөөдөр дүгнэх цаг нь болсон. Ядуурал өсөж 39 хувьд хүрсэн бөгөөд энэ нь 1 сая, 100 мянган ядуу амь зууж байна гэсэн үг. Ядуу амь зууна гэдэг нь дулаан тохилог орон байргүй, чанартай хоол хүнсээр дутмаг, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломж, бололцоогүй амьдарч байна л гэсэн үг. Дөрвөн жилийн дотор улс орны хөгжилд тустай үйлдвэр уурхай байгуулагдав уу?

Эдийн засаг жаахан л хямрахад л одоо 39 хувьтай байгаа ядуурал маань 70 хүрэх магадлал маш өндөр байгаа бөгөөд эрсдэлтэй амьдралтай олон зуун мянган өрхүүд аж төрж байгааг анхаарахгүй орхиж болохгүй юм. Бид өнгөрснөө мартаад л яваад байх уу?

Одоо 7 сарын дараа 2012 оны сонгууль боллоо. Ирэх сонгууль 2008 оны сонгуулийн хуулиараа явах уу эсвэл шинэ сонгуулийн хуулиар явах уу  гэдэг удахгүй шийдэгдэнэ. Шинэ сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг үргэлжилсээр байна. Гэхдээ хоёр намын зөвшилцөл, тохиролцооноос шалтгаалаад маш их удаж байгаа. Энэхүү хуулийн тухай иргэд сонгогчдын хувьд мэдээлэл хомс байгаа. 48:28 гэсэн энэ тоо ард түмнийг төөрөгдүүлж байгаа. 48 хүнийг олонхиороо сонгох бөгөөд өөрөөр хэлбэл 2008 оныхтой адилаар сонгоно. Харин 28 хүнийг нь нам өөрсдөө нэр дэвшүүлж гаргаж ирнэ гэсэн үг. Өөрөө хэлбэл ард түмэн хэзээ ч сонгохгүй нөхдүүд намын нэрээр орж ирнэ л гэсэн үг лдээ. Тиймээс энэхүү 48:28 гэсэн холимог тогтолцоог тэд сонгосон хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Ажиглаж байхад хоёр намынхан заримдаа асуудлыг зориуд үүсгээд бөөн сүр дуулайн болгоод дараа нь хоорондоо зөвшилцөж, буулт хийж буй дүр үзүүлж, ард түмнээ бодож байгаа эх орончдийн дүрд тоглох нь харагддаг. Нэг л их асуудлыг шийдэж буй мэт сэтгэгдлийг ард түмэнд өгч байна.

Хоёр нам сонгуулийн дараа ч дахин хамтарч магадгүй хэмээн С.Баяр хэлж байгаа нь бид дараагийн дөрвөн жилийг хүртэл төлөвлөчихсөн шүү. Бидний төлөвлөгөөгөөр л явна шүү гэсэн илэрхийлэл болов уу. МАН-ын Бага Хурал 11-р сарын 28-нд болж намын дарга Сү.Батболдын Монголчуудын амьдрал сайн байна гэж эхэлсэн намын Бага Хурлын гишүүддээ тавьсан илтгэлдээ “Манай нам сонгуульд оролцохын төлөө биш харин ялхын төлөө оролцдог нам. Ирэх сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй, ямар ч аргаар хамаагүй сонгуульд ялж, олонхи болно” хэмээн тушаасан. Тэр л тушаалыг биелүүлхээр МАН-ын Монгол орныг бүрхсэн өөрийн хорооны дарга нар болон намын үүрүүдээ дайчлан ажиллаж эхэлсэн сураг байна. Одоо бэлдээд эхэлчихснийг ард түмэн ч мэдэж байгаа байх. Хорооны дарга нарыг гадаадад аялуулж, цайллага, дайллаганд оруулж байгаа сурагтай. Зарим гишүүд нь сонгуульд оролцоно, ялна гэдэгтээ итгэлтэй байгаа сурагтай. Бүүр гадаадаас сонгуулийн сурталчилгааны гэрэл зургуудаа авхуулхаар мэргэжлийн зурагчид хөлсөлж авчирсан яриа ч гарч байна. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байхад дараагийн сонгуульд нэр дэвшиж, ялаад сайдын суудалд суух тухай мөрөөдөгсөд хоёр намаар дүүрэн байна. Хэний төлөө, юуны төлөө сонгогдохыг хүснэ вэ? Өөрийнхөө төлөө бол “нүгэл” гэж зөвлөмөөр.

МАН-ынхан гол өрсөлдөгчөөрөө АН-ыг бус харин салан тусгаарлаад байгаа МАХН-ыг нэрлэсэн. Үнэндээ МАХН бол МАН-ын саналыг тэр дундаа хөдөө орон нутгын сонгогчдын саналыг хуваах өндөр магадлалтай. Одоо хүртэл МАХН-ыг МАН болсон гэдгийг мэдээгүй хүн маш олон байгаа. МАН-ы хувьд МАХН-тай тэмцэнэ гэдэг шууд л Н.Энхбаяртай тэмцэнэ гэсэн үг. Н.Энхбаяр ч өөрөө үүний маш сайн ойлгож байгаа. Аливаа тэмцэлд ялагч, ялагдагч байдаг. Гэхдээ монголд зарим тэмцэл ялагч, ялагдагчгүй өндөрлөдөг. Яагаад гэвэл зөвшилцөл нэрээр тохиролцчихдог. Энд юу хэлэх гээд байна вэ гэхээр МАН, МАХН хоёр эвсчихэж магадгүй шүү гэсэн үг. АН-ынхаан анхааралтай байгаарай далаараа “цэвэр” тавиулав аа.

Эцсийн эцэст хэний төлөө, юуны төлөө, ямар учраас сонгууль явуулдаг вэ гэсэн асуултыг монголчууд асуух цаг нь иржээ.

Өнгөрсөн сонгуулиар цөөнх болсон ч засгийн хамтран барьж бялуу хуваан бялуураад өрсөлдөгч гэдгээ мартчихаад байгаа АН-ын хувьд 12-р сарын 10-даас Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаа хийх сурагтай байна. Хоёр нам дотоод асуудал ихтэй учраас “тэсэрч”, “дэлбэрчихэлгүй” хурлаа хийж, сонгуульд оролцохыг л хичээцгээж байна. АН-ыхан МАН-аас хамааралтай байгаа нь ард түмэнд бүр ч тодорхой болж байна. Хэтэрхий сул үлбэгэр, МАН-ийн бөөрөнд наалдсан байдал нь АН-ын нэр хүндийг улам л унагаж байна. Үнэндээ УИХ дахь МАН, АН-ынхныг хооронд нь ялгахаа ч болсон. Нэг л намын нөхдүүд шиг харагдаж байна. Ямар ч үзэл баримтлал, үнэт зүйл алга, бодлого, төлөвлөгөө алга.

Одоо тэгвэл АН-ынхан дотоод ардчиллаа гадагшаа гаргаж ҮЗХ-ы хурлаараа ах нар шигээ зорилгоо тодорхойлох зориг байгаа болов уу? МАН-ыхан сонгуульд олонхи болох зорилготойгоо зарлалаа. Тэгвэл АН-ынхан зорилгоо хэрхэн тодорхойлох бол хэмээн иргэд харж байна. Сонгуульд олонхи болж засгийн газраа дангаараа бүрдүүлнэ гэж хэлэх нь үү эсвэл эсвэл ах нарыгаа бараадна даа гэж хэлэх нь үү.

Саяхны намуудын рейтэнг тодорхойлох судалгааны дүнгээс харахад хоёр намын рейтэнг түүхэнд байгаагүй доод түвшинд хүрсэн байна. АН-ын 16 хувьтай байгаа бол МАН-ын рейтэнг 14 хувьтай байгаа юм. Энэ нь  монголын ард түмэн хоёр намыг хэрхэн дэмжиж бас итгэж байна вэ гэдэг нь харагдлаа. Үлдсэн 60-70 хувь нь аль ч намыг дэмжихгүй шүү гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл та нарт олон удаа итгэл хүлээлгэсэн, та нар итгэлийг минь даасангүй шүү дээ. Тиймээс бид та нарт итгэхгүй байна. дэмжихгүй гэж байна. МАН түүхэндээ анх удаа рейтэнгээрээ АН-ын доор орсон нь дарга нарыг нь сандаргаж байгаа сурагтай. Тиймээс МАН-олонд нэр хүндтэй хүмүүсийг намдаа авах сонирхол ихтэй байна. Хамгийн сүүлд гэхэд МАН-ыг хамгийн шүүмжилдэг байсан “Алаг салад”-ны Д.Лхагважавыг элсүүлээд авсан. Цаадах нь ч “бодоод байсан чинь хамгийн сайн нам МАН байсан юм байна” шүү хэмээн мэдэн будилаад Бага хурлын гишүүн болчихлоо. Нөгөө эх орон, ард түмэндээ хайртай нөхөр хаачив. Одоо МАН-ын бага хурлын гишүүн, Ерөнхий сайдын зөвлөх болоод ирэх сонгуулиар УИХ-ын гишүүн болчихно доо гээд хатируулж яваа даа. Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг шиг МАНАН дундаас УИХ-ын гишүүн ойрхон гээд л… Ард түмэн нэгэнт МАН, АН-ыг дэмжихгүй байгаа нь илт байгаа учраас МАН-ынхан “МАН-ыг сонговол мандан бадрана” гэсэн маанийг иргэдийг амны уншлага болгохоор ажиллаж байгаа сурагтай. Ирэх  сонгууль “Сонгогчгүй сонгууль болчих вий дээ”

Удахгүй сонгуулийн хууль батлагдана. Энэ дөрвөн жилд монголчууд Оюу Толгой, Таван толгойгүй л болох юм шиг байна. Энэ бол энэ УИХ, Засгийн газрын хийсэн хамгийн том ажил. Тэд өөр олигтой зүйл хийсэнгүй. Үүнийг монголын ард түмэн харж байна. Тэд сонгуульдаа санал тоолох машин ашиглахаар болсон. Энэхүү санал тоолох машин нь олон сул талуудтай тухай хэвлэлүүд бичиж байна. Аль нэг намын саналыг илүү болгож тоолхоор програмчилж болдог бас вирустэх зэрэг сул талуудтай. Үнэндээ машинаар санал тооцох нь хүн ам ихтэй Хятад, Энэтхэг, Америк гэх мэт улсуудад илүү шаардлагатай юм. Манайх шиг цөөн хүн амтай улсад тийм ч чухал биш юм.

Сонгууль будлиантай боллоо гэж хүмүүс заргалдвал машинаар тоолсон учраас ямар ч будлиантах боломжгүй хэмээн амыг нь таглах сайхан арга ч байж мэднэ. Машиныг хүмүүс зохиосон бас өөрийн хүссэнээрээ ашиглах боломжтойгоор програмчилж болдог гэдгийг санах хэрэгтэй болов уу

Гэхдээ хоёр нам сонгуульдаа бэлдсээр л…

Гуравдагч хүчнийг мөрөөдөгсөд МАХН ба БУСАД

Сөрөг хүчингүй, хяналтгүй УИХ, Засгийн газрыг хянах сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ хэмээн нийгэмд зарлан тунхаглаад байгаа “МАХН нам бусад” гэсэн нэг “бөөгнөрөл” бий болсон. Өнгөрсөн жил хуралдсан 26-р хурлаараа МАХН нэрээ МАН болгон өөрчилсөн нь хоёр хуваагдах шалтгаан болсон юм. МАХН-ы нэрийг өгөхгүй гэж олон сараар сунжирсны дараа өнгөрсөн зургаан сард Дээд шүүхээс бүртгүүлж авсан. Үүнийг Н.Энхбаяр Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй тохирсон хэмээн хэвлэлүүд шуугьж байсан. Ямар ч байсан МАХН-ыг Дээд Шүүх зөвшөөрсөн. Энэ нь мэдээж МАН-ийнханд таалагдаагүй. Тиймээс л МАН өрсөлдөгчөөрөө МАХН-ыг сонгосон юм.

МАХН-ынхан зүгээр суугаагүй ээ. “Эх орон  Тусгаар тогтнол Шударга ёс” Үндэсний хөдөлгөөн байгуулсан. Энэхүү хөдөлгөөнд өнөөдөр МАХН, МҮАН /Энхсайханы нам, хуучин нэр нь ҮШН/, Бүгд Найрамдах нам /Б.Жаргалсайханы нам/, Монголын Либерал нам, Ардчилсан Хөдөлгөөний Нам болон сүүлд Монголын Ногоон нам  эвсэл болон орсон. Ногоон намтай эвссэн нь сонгуулийн жагсаалтанд МАХН гуравт бичигдэх зорилготой аж. Учир нь МАХН 19-т бичигддэг харин Ногоон Нам 3-т байдаг юм. Мөн энэхүү үндэсний эвсэлд Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн /Уянга, Батцогт/, Тусгаар тогтнол эвсэл, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Миний Монголын Газар шороо хөдөлгөөн, Үндэсний Аюулгүй байдлын төлөө  зүтгье хөдөлгөөн, Чингис хааны дэлхийн академи зэрэг 18-н иргэний хөдөлгөөнүүд нэгдээд байгаа аж. Эдгээрийг товчхондоо “МАХН ба бусад” гэж нэрлэж болох юм.

Хэвлэлүүдээр эдгээр намууд болон иргэний хөдөлгөөнүүдийг “гомдогсод” цугларчихаж гэж хошигнон бичицгээж байна. Тохирсон л нэр. Яагаад гэвэл энд Б.Жаргалсайхан, Г.Уянга, Д.Батцогт, М.Энхсайхан, О.Магнай болон Л.Цог зэрэг эрээвэр, хураавар хүмүүс. Эдгээрийн зорилго нь ерөнхийлөгч асан Н.Энхбаярын томьеолсноор товчхондоо “Авлигал, ядуурал, хүнд суртлыг бий болгож, улс орныг манантуулж байгаа МАНАН- г арилгах” ажээ. Н.Энхбаяр болон М.Энхсайхан хоёр хүний төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа энэхүү холбоо эвсэл нь өөрсдийгөө “гуравдагч хүчин” гэж нэрлэж байгаа юм. Эгнээнд нь парламентад суудалтай ганц ч нам байхгүй.

“МАХН ба Бусад”-ын бүрэлдэхүүнд багтаж байгаа Г.Уянга, О.Магнай зэрэг хүмүүс “Монгол оронд хувьсгалаас өөр энэ хүнд байдлаас гарах гарц байхгүй юм байна” хэмээн хувьсгалд уриалж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  цацаж байна. М.Энхсайхан бол мэдээж “хувьсгалын эцэг” бөгөөд үргэлж л хувьсгал ярьж байдаг нөхөр. Магадгүй тэд хувьсгал хийхийг мөрөөдөж, тохиромжтой нөхцөл байдлыг хүлээж ч байж магадгүй. Эдгээр цугларсан хүмүүс Н.Энхбаярыг засгийн эрхэнд байсан үед хамгийн их дайрч, доромжилж байсан гэдгийг монголчууд мартаагүй байх. Гэхдээ монголын улс төрд “найз байдаггүй бас дайсан ч байдаггүй” гэсэн ёс суртахууны хувьд, хүн чанарын хувьд дэндүү  “гаж” зарчим үйлчилдэг. Энэ үгнээс л монголын улс төр ямар ч ёс суртахуунгүй, ноён нуруугүй хүмүүсээр дүүрснийг харж болно.

Үнэндээ монголын улс төрийн намуудад зарчим, үнэт зүйл, идеолог буюу үзэл баримтлал гэж байхгүй. МАХН бол зүүний нам, МҮАН бол нэрнээсээ л харагдаж байна шууд барууны нам, БНН бол Б.Жаргалсайхан ч хэлсэн Хөрөнгөтний нам гэж. Тэгэхээр барууны нам. Монголын Ногоон Нам бол мэдээж зүүний нам, Монголын Либерал нам бол барууны нам, Ардчилсан Хөдөлгөөний нам бол барууны нам. Баруун, зүүний үзэл баримтлалаа уландаа гишгэсэн намуудын бөөгнөрөл монголоос өөр газар байхгүй.

Н.Энхбаярт юу хэрэгтэй вэ гэвэл мэдээж эрх мэдэл, М.Энхсайханд юу хэрэгтэй вэ гэвэл мэдээж эрх мэдэл. Зарим жижгүүдэд мөнгө хэрэгтэй. Н.Энхбаяр бол маш их мөнгөтэй.

МАН №1 дайснаараа МАХН-ыг зарласан бол МАХН дайснаараа МАН-ыг АН-тай нь хамт зарласан юм. МАНАН ба МАХН ба БУСАД гэсэн тэмцэл одоо явагдах нь ээ. Энэхүү тэмцэл хэрхэн төгсөхийг цаг хугацаа л харуулна.

Парламентад суудалтай намууд ба бие даагчид

Улс төрийн “өнгө” иймэрхүү л байна.  Парламентад МАН  44 суудалтай, АН 28 суудалтай бол  Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам /Ц.Шинэбаяр/ болон Иргэний Зориг Нам /С.Оюун/ тус бүр нэг нэг суудалтай. Хоёр бие даагчтай. Тэр нь З.Алтай, Д.Энхбат нар. Д.Энхбат Ногоон намын дарга байсан юм. Харин намынхаа гишүүдээс асуулгүй ИЗН-ын С.Оюунтай тохиролцон эвсүүлэх гэж оролдсоноос болж ИЗН-ч үгүй, НН-ч үгүй болсон. Учир нь ИЗН болон НН-ын нэгдлийг дээд шүүх хууль бус гэж үзээд бүртгээгүй. Д.Энхбат гишүүдээсээ асуулгүй дур мэдэн шийдсэн хэмээн үзсэн. Иргэний Зориг-Ногоон Нам гэсэн нэрлэгээ өнөөдөр ч хэрэглэгдсээр л байна. Энэ бол хууль бус. ИЗНН-д бие даагч З.Алтай орно гэдгээ сонингуудаар мэдээлсэн. Учир нь шинээр батлагдаж байгаа сонгуулийн хуулиар бие даагаад сонгогдох ямар ч боломжгүй хэмээн тайлбарласан юм. Бүр жижиг намуудад ч боломж багатай болж байгаа аж. Ер нь тэгээд ч ИЗН барууны нам бол НН зүүний нам. Онлоороо бол нэгдэх эвсэх боломж байхгүй лдээ. Үзэл баримтлал таарахгүй.

ИЗН-ыг С.Баярын эхнэр асан Х.Хулан анх санаачлан байгуулсан гэдгийг бүгд мэднэ. Ер нь ИЗН-ыг МАН тал руугаа нам гэж үздэг.  Тиймээс ч өнөөдөр МАН-ийн нэр хүнд буурч байгаа учраас МАН-ынхан ИЗН-ыг гаргаж ирэх гэж оролдож байна. Өөрөөр хэлбэл МАН-аас гарна уу, ИЗН-аас гарна уу ямар ч ялгаагүй гэж үзэж байгаа бололтой. ИЗН-д З.Алтай эвсэхээ илэрхийлсэн бол МҮХАҮТ-ийн С.Дэмбэрэл элссэн бол хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Д.Энхбат, “Иргэдийн Шударга Шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нэгтэж ард түмний дэмжлэгийг авах гэж оролдож байна. ИЗН-д Үйлдвэрчний Эвлэлийн С.Ганбаатар орох гэнэ гэсэн цуу яриа гадуур байна. “Тоглоомын улс” гэдэг шиг “тоглоомын нам” босож байна.  Хэр ирээдүйтэй юм болдоо.

Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам хамгийн “отгон” нам бөгөөд энэ намд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, философич С.Молор-Эрдэнэ зэрэг хүмүүс бий. “Ард түмний цэвэр улс төр” хийж  20 жил монгол орныг сүйрүүлсэн улс төрчидтэй эвсэхгүй хэмээн МАХН-аас гарч “Хамуг Монгол” тодотголтой Хөдөлмөрийн намыг байгуулсан юм. Тэдний хувьд энд тэнд лекц уншиж, ард түмнийг соён гэгээрүүлж байгаа бололтой.

Эцэст нь

Монголын улс төрийн намууд нэг иймэрхүү өнгө будагтай байна. Монголын ард түмний төлөө улс төрийн хүчин, хүмүүс гарч ирэх нь үү гэсэн хүлээлт нийгэмд байна. Монголын ард түмэн дэндүү хүлээцтэй, тэвчээртэй юм. Тэд эрх баригчдийг өөрсдийнх нь төлөө юм хийгээсэй хэмээн харсаар л… сүүлдээ итгэл алдарч байна. Тиймээс “эрх барьж байгаа намыг дахин хэзээ ч сонгохгүй” хэмээн зарим хүмүүс хэлснийг хэвлэлээс уншлаа. Бас дээр өгүүлсэн намуудын рейтэнг ч харуулж байна. Зарим хүмүүс ерөөсөө сонгууль өгөх ч үгүй хэмээр хурц байдлаар дургүйцлээр илэрхийлж байгаатай ч таарлаа.

Эрх баригч хоёр намын хамгийн их айж байгаа зүйл нь сонгуулийн хүчин төгөлдөр байж чадахгүй бол эсвэл сонгуулийн дүнг ард түмэн хүлээн авахгүй байх тохиолдол. Яагаад гэвэл 2-3 тэрбум төгрөгөөр өөрийгөө сурталчилж, салхинд цацах болно. Эцэст нь сонгогдохгүй бол “шаталт” мөн биздээ. Тиймээс тэд баараггүй ялах сонгуулийн хуулийг батлах гээд бэлдэж буй ч юм билүү. Хэн мэдлээ. Эсвэл төөрөгдүүлж ч байж мэднэ. Монголын намууд нүцгэрч эхэллээ. Ард түмэн минь сайн хараад аваарай.

Философийн магистр: Б.Гансүх


URL:

Сэтгэгдэл бичих