Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат “зөнөжээ”
Үхэн үхтэлээ дарга хийх юм шиг суудлаа тавьж өгөхөө мэддэггүй, хэдэн “зөнөсөн” хүмүүс төрийн албанд байна аа.
Тэдний нэгээр Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат хэмээх настаныг нэрлэж болно. Энэ настан Н.Багабандийг УИХ-ын дарга байх үед хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгч болсных нь дараа Оюуны өмчийн газрын даргаар очсон.
Насаараа хуулийн байгууллагад ажилласан туршлагадаа эрдэж, монголчуудын оюуны өмчийг хамгаалж чадна хэмээн сэтгэл шулуудсан нь энэ аж. Харамсалтай нь өдий олон жил өнгөрөхөд Н.Чинбатад хийж бүтээсэн, гараас нь гарсан гавьтай юмгүй, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргын суудлыг ялзартал суулаа.
Гэтэл сүүлийн үед энд тэнд очиж, өөрийгөө Монголын оюуны өмчийн шинэ тогтолцоог бий болгоход гар бие оролцсон хэмээдэг болжээ. Түүний оюуны өмчийг хамгаалаад байгаа шинэ тогтолцоо нь хаана ч байгаа юм, бүү мэд.
Настай хүн өөрийгөө улайм цайм магтаж, хүүхэд шиг зан гаргаад эхлэхээрээ зөнөсний шинж гэдэг. Н.Чинбатыг тэр гай л дайраад байх шиг.
“Зөнөсөн”-өө хүлээн зөвшөөрч, залуу үедээ суудлаа тавьж өгвөл янз бүрээрээ дуудуулахгүй. Ядаж л нэрэнд цэвэр юм даа.
Настан дарга юуг, яаж, хэнээс хамгаалахаа мэдэхгүй дүлэгнэж байтал оюуны гэх бүхий л өмч аль хэдийнэ хулгайлагдаад дуусав. Үүний бодит жишээгээр өнгөрсөн жилийн турш шуугисан хөөмий зэрэг соёлын биет бус өвийг дурдаж болно.
Үндэс угсаагаараа нотолж байж нэг юм Монголынх гэж бүртгүүлсэн. Гэхдээ энэ ажлыг Оюуны өмчийн газар хийчихээгүй юм шүү.
Яг үнэндээ Н.Чинбатад “Би тэр хүний оюуны өмчийг хамгаалсан” гээд хэлчих зүйл алга. Түүний толгойлсон байгууллага оюуны өмчийг хамгаалах тал дээр хүсэлт гаргасан хэн нэгний гомдлыг барагдуулахын тулд дэлгүүрийн лангуунаас хэдэн цүнх, хулхи CD, DVD хурааж авснаас цаашгүй.
Хамгийн сүүлд Н.Чинбатын шуугиан дэгдээн байж устгасан цүнхнүүдийн асуудлыг сөхье.
“Талст” дэлгүүрээс LV брэндийн цүнх авсан нэгэн эмэгтэй худалдан авсан цүнх нь хуурамч байна гэсэн гомдол гаргажээ. Худалдан авагчийн гаргасан гомдлын дагуу дэлгүүрийнхэн цүнхийг нь сольж өгөөд л байж.
Нэг биш, хоёр биш, бүр 4-5 удаа цүнхээ солиулжээ. Худалдан авагч нь цагтаа бас л од болж явсан эмэгтэй. Тэрбээр заль гаргаж, нэг цүнхийг 1-2 сар барьж байгаад дахин ирж, элдэв үгээр дарамтлан “Энэ чинь бас хуурамч байна” гээд л солиулдаг байсан аж.
Нэлээд олон удаа дарамтлуулсан дэлгүүрийнхэн хуурамч цүнх зарсныхаа төлөө нэг эмэгтэйн цүнхний хэрэглээг хэдэн жил даах юм бэ хэмээн бухимдаж эхэлжээ. Улмаар зургаа дахь удаа цүнхээ солиулахаар ирэхэд нь тас гүрийж, хэрэлдэн маргаан үүсгэсэн байна.
Гэтэл гомдол гаргасан худалдан авагч нь явж явж Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатын ихэд дотны, хувийн харилцаатай хүн нь байж таарчээ.
Н.Чинбат ч юуны тулд Оюуны өмчийн газрын дарга боллоо гэсэн шиг дэлгүүрт нь шалгалт оруулж, бусдын оюуны өмч хулгайлсан хэмээн бөөн өр төлбөр нэхсэн байна. Үүн дээр нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан орж, байцаагч нь хулгай хийсэн хэрэгт холбогдож, жинхэнэ холион бантан хутгасан аж.
Хэрэв тэр дэлгүүрийнхэн Н.Чинбат даргын дотны эмэгтэй гэнэ лээ гээд цүнхийг нь сольж өгөөд л байсан бол хэзээ ч ийм асуудал үүсэхгүй байв.
Үндсэндээ дотныхоо эмэгтэйн гомдлыг тайлах гэсэн Н.Чинбатын энэ балгаар ШӨХТГ-ын Д.Мандах дарга шаварт унаж, нэр нүүргүй болсон.
Гэвч Оюуны өмчийн газарт авгай хүүхний хэрүүлээс өөр хийх ажил толгой дээрх үснээс ч их байгаа.
Хэвлэл мэдээллийн салбарынхаа хүрээнд ярихад л мэдээллийн ертөнцөд оюуны өмч гэдэг зүйл утгаа алдсан. Хэн нэгний цаг зав, оюун ухаанаа зориулан байж бичсэн сонин хэвлэлийн материалыг гарсан даруйд нь аль нэг сайт, телевизээр хуулчихдаг. Гэхдээ ямар ч бичсэн эзэнгүй материал болж цацагдана. Тэртэй тэргүй хуулсан нь үнэн юм чинь ядаж сонинынх нь нэрийг тавьчихаж болно оо доо.
Бас болоогүй ээ. Нэг сайт дээр хулгайлж тавьсан материал нь дараагийн сайтад хулгайлагдахдаа гарчигных нь ганц хоёр үсэг өөрчлөгдөнө. Ингэж явсаар нөгөө мэдээллийнх нь агуулга, утга алдагдаж, юу ч биш болно. Эрүү, иргэний хэрэг үүсэхэд нөгөө л муу сонинууд хариуцлагад татагдана.
Мэдээллийн ертөнцийн оюуны өмч иймэрхүү л байдалтай хулгайлагдаж байна гэж асуудал тавихаар нотлох үндэслэлгүй гэж буцаана.
Гэтэл энэ настан дотны эмэгтэйг нь гомдоосон нөхдийг хорхойтой араандаа зууж байгаад бут авдаг ажил хийж чадаад л байгаа биз дээ.
Гэхдээ Н.Чинбатын залуу зандан насандаа хийж бүтээсэн бүхнийг үгүйсгэх гэсэнгүй. Цагтаа Монгол Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, УИХ-ын даргын хуулийн зөвлөх гээд хуульчдын оргил болсон бүхий л албанд зүтгэж явсан. Харамсалтай нь эрийг нас, уулыг цас гэдэг шиг Н.Чинбат “зөнөж”, дааж авсан байгууллагынхаа ажлыг хийж чадахаа больжээ.
URL: