Шинэ жилийн цэнгүүнд УИХ-ын даргын дэргэд суувал 500 $ төлнө гэнэ
Шинэ он гарах дөхөж байгаатай холбоотойгоор энд тэндхийн шинэ жилийн баярын янз бүрийн “үнэтэй” урилга гэмээр юм уу, “такс” ч гэмээр зүйлүүд эзэддээ хүргэгдэх боллоо. Манайхан нэг хэсэг үндэсний баяр болох цагаан сараараа бэл бэнчингээ гайхуулж баярхацгаадаг байсан энэ нь эдүгээ шинэ жилийн арга хэмжээнд ч бас халдварлажээ. Зарим шинэ жилийн томоохон цэнгүүнд зөвхөн бэл бэнчинтэй хүмүүс л оролцохоор тооцож төлөвлөгддөг бололтой юм байна.
Тэр тусмаа энэ жилийн хувьд нэр хүндтэй, улс төрчид, урлаг соёлын одод оролцсон шинэ жилийн цэнгүүний “ТАХ” 200-300 $ -оос эхэлж байгаа юм байна. Жишээлбэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүний тэргүүлдэг Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулах Шинэ жилийн цэнгүүний урилга /ТАХ/ нь хэний ширээнд, хэнтэй зэрэгцэн суухаас хамааран үнэ ханшийн огцом зөрүүтэйгээр байхаар төлөвлөгджээ. Хэрэв та эл цэнгүүнд оролцох бол юуны өмнө 150 $-тай байх ёстой. За тэгээд УИХ-ын гишүүний ширээнд хамт суух бол 300 $, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй нэг ширээнд хамт сууж, шинэ жилийн цэнгүүнд оролцох бол 500$ гэж байгаа.
Тэгэхлээр шинэ жилийн цэнгүүнд оролцоно гэдэг нь нэлээд бэлтэй хүмүүсийн асуудал болоод явчихна. Нэг талаас харахад өндөр “ТАХ”-тай урилга хүлээн авагч нь УИХ-ын даргын ширээнд хамт суунгаа, түүнтэй зоог барин, нутгийн ахтайгаа “нарийн асуудлаа шивнэн” ярьж, шийдвэрлүүлэх боломжтой гэж зохион байгуулагчдын зүгээс тооцсон бололтой. Үүнд нь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн гишүүд “дурамжхан” байгаа боловч эрхэм гишүүний нэгэнт “зарлигдсан” үүргийг биелүүлэхээр дор бүрнээ сандарч, 150 $-оос эхлэх Ховдын шинэ жилийн цэнгүүний “ТАХ”-ыг бусдад гуйх, тулгах маягаар тарааж байгаа сурагтай. Нөгөө талаас С.Бямбацогт гишүүн, бизнесмен хүний хувьд Нутгийн зөвлөлийн сангаа жаахан ч гэсэн арвижуулаад авъя гэсэн санаа байж болох юм.
Энэ жил УИХ-ын дарга, гишүүд, нийслэлийн болон намын удирдлагууд, олны танил хүмүүс, урлаг соёлын одод оролцсон Шинэ жилийн цэнгүүний “ТАХ”-ийн үнэ “өндөр” байх нь тодорхой боллоо. Хамгийн сонирхолтой нь өөртэй нь нэг ширээнд суух “ханш” ийм өндөр үнэтэй байгаа гэдгийг УИХ-ын эрхэм дарга Д.Дэмбэрэл гуай мэдэхгүй байгаа юм болов уу, эсвэл мэдэж байгаагаар барахгүй С.Бямбацогт гишүүн тэр хоёр хамтарч энэ чиглэлд “халтуур” хийж байгаа юм болов уу, бүү мэд. Ямартай ч ийм хандлагыг С.Бямбацогт гишүүн бизнесмен хүнийхээ хувьд овсгоо гарган эхлүүллээ.
Шинэ жилийн олон цэнгүүн эхлэллээ, бид нэг хэсэгтээ баян хүмүүс шиг тансаглан, хундага тавилгүй найрлах цаг хаяанд ирлээ. Яасанч тансаглаж, найрлаж, наадамлаж дуусдаггүй ард түмэн вэ бид чинь…
Ц.Гомбосүрэн
URL: