Уяачид хугацаа дууссан малын эм, витаминаа зориулалтыг бус газар хаясан уу
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 32 дугаар хорооны Эмээлт уулын баруун тал Хүй долоон худгийн орчим Герман улсад үйлдвэрлэсэн 3 нэр төрлийн 300 ширхэг орчим малын эмийг зориулалтын бус газарт хагалж хаясан байна.
СХД-ийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч болон Нийслэлийн мал эмнэлгийн газрын шинжлэгч эмч нар газар дээр нь очиж хяналт шалгалт хийхэд 2009 оны 06 дугаар сард үйдвэрлэсэн 100 мл-ийн савлагаатай Витамин Б комплекс, 2007 оны 03 дугаар сард үйлдвэрлэсэн Ivermectin 1%, 2010 оны 01 дүгээр сард үйлдэрлэсэн Pen strep зэрэг эм, витаминууд байжээ.
Байгаль орчныг бохирдуулж, Эм, эмнэлгийн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчсөн дээрх үйлдлийн эзэн холбогдогчийг тогтоож хариуцлага хүлээлгэх, өөрийнх нь зардлаар ачиж устгал хийлгэхээр дүүргийн мэргэжлийн хяналтын газраас Цагдаагийн 1-р хэлтэсд хандсан ч одоо хир нь ямар байгуулага, иргэн хаясан болох нь тогтоогдоогүй байгаа аж.
Химийн гаралтай эм, бэлдмэлийг ил задгай газар удаан хугацаагаар байлгах нь аюултай тул дүүргийн мэргэжлийн хяналтын газраас Улаанчулуутын хогийн цэг дээр байрлах эмнэлгийн гаралтай хог хаягдал устгах зориулалт бүхий газарт хүргэж устгал хийлгүүлэх асуудлаар нийтийн тохижилт үйлчилгээний газарт ханджээ.
Одоогоор мэргэжлийн байгууллагаас дээрх эм бэлдмэлийг уяачид хаясан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ба эзэн холбогдогчийг нь олж тогтоохоор цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн ажиллаж байна.
Б.Отгон
Zaluu.com
URL: