Аварга маань харцага шувууны жигүүр болон одов…

19564

Их хүмүүнтэй холбоотой ганц нэг #Хууч_хөөрье. Өөд болоочийн араас их гашуудах муу гэдэг.

Нэг наадмаар аварга хоцорч ирж гэнэ. Нэг дарга хоцорлоо энээ тэрээ гэж загнаж. Аварга хээвнэг “Чи битгий хуц. Намайг харах гэж наян мянган хүн ирсэн байна. Чамайг харах гэсэн чавганц ч алга” гэсэн гэнэ…

Идэр есийн хүйтэнд пальтоныхоо энгэрийг задгайлцан явж байж. “Та яаж явнаа. Даарахгүй байна уу” гэхэд “Гудамж нарийсаад цээж багтахгүй байхад юун даарах” гэж аархсан гэдэг…

Аварга бага байхын боодгонд жигтэйхэн дуртай хүүхэд байж. Ямар сайндаа хурга хариулж яваад тэсэлгүй нэг хургаа хээр боогоод идцэн гэжугаа. “Таныг тэгээд загнасан уу” гэхэд “Юун загнах. Тэр үед тэгэж нялуурахгүй шд. Хоёр хоног халуурч хэвтэтлээ зодуулсан” гэж үү….

Хад аваргатай багш шавийн барилдлагатай ч байсан, бас нутгийн дүү гээд талтай ч байсан гэдэг. Хамтдаа тарваганд их явна. Дээр үед ангийн хорио тавиагүй байхад ан хийвэл айхтар шийтгэдэг байж. Мани хоёр тэр хорио тавихыг хүлээнэ гэж гонжийнжоо. 3 шил архи аваад л анд явж гэнэ. Тэгээд дүүдээ хэлж “Ангийн байцаагч нар таарвал архиараа аргална шүү. Юм олдохгүй бол хойд энгэрт геологичид байгаа. Тэд нарт бол юу л байна, боодог бий. Харин архи харуулж болохгүй шүү” гэж захиж. Өглөөний гараан дээрээс 3 бурхи тоншиж гэнэ. Өст хүн өлийн даваан дээр гэж байцаагч нар гараад ирж, тарвагаа ч гялс нуучиж. “За хоёр аварга. Олз омог их үү” гэж. “Юун олз омог. Дэмийр. Жаахан шав буудлаа” гэсэн шүү юм яриад аятайхан сууцгааж байж. Ерөнхийдөө ааш аяг зөөлрөөд яриа эвтэй болоод ирэхийн алдад “Хадаа, миний дүү гүйгээд нөгөө 3-аасаа 2-ыг нь аваад ир” гээд архинд явуулж. “За багш аа” гээд л уриалгахан гэгч гүйгээд явж. Тэгтэл 2 тарвагаа сарвайтал нь бариад ирсэн гэнэ. “Дүүрчихсэн тэнэг шаар шүү” гээд л яалт ч үгүй торгуулж дээ. Байцаагч нар дороо хавчганах аваргыг өрөвдсөн ч юм уу яасан ч юм, торгосон боловч тарвагыг нь орхиод, буу сумыг нь хураачиж. Хадаагаа жаал эргүү тэнэгээр нь дуудаж уураа гаргаж аваад цааш явж дээ. Цаадах нь ч их гэмшиж буй болтой толгойгоо маажаад л зогсоод байж. Тэгээд буцах замаа хөөжээ. Хайгуул анги дээр очтол өнөөдүүл нь баахан боодог, нялбага болсон бүүр бялуурсан улс байж. Сүрхий дайлж гэнэ. Тэгэнгээ аваргын гарыг дагуулж хараад л харах царайны архи горидсон улс байж гэнэ. Аварга ч “архи байхгүй” ухааны юм ойлгуулаад л байцаагч нартай таарч буу сумаа хураалгаснаа яриад “Одоо аягүй бол нөгөө муу 3-ыг маань хот уруу оруулахгүй биз. Энд л учрыг нь олохоос. Хадаа, миний хүү яваад өнөөдүүлээ аваад ир” гэж. Өнөөх нь гялс гүйж ирээд “Май багш аа” гэтэл 3 шил архи. “Дүүрчихсэн тэнэг шаар шүү”…

Хэзээ хойно хөгшрөөд шүдгүй болж, хэл яриа нь тод ялгарахгүй болсон үедээ нэг хүнтэй хамт ганц юм ууж. Юм ч дуусаж. Тэгсэн аварга “Хүлээжий, цавь илнэ. Сэлэм босно” гээд байлгаад байж. Тэгсэн тэр нь “Шавь ирнэ. Шил юм босно” гэсэн үг байсан гэнэ лээ…

Нэг шавь нь ирээд “Багш аа, чөлөө авая. Даралт ихдээд, зүрх дэлсээд болохгүй байнаа” гэж. Тэгсэн чинь аварга ярвайгаад “Хмм, яасан хөгшин хүний өвчин ярьдаг хог вэ? Заг хүйтэн, тэмбүү мэмбүү гээд залуу хүний өвчин яриач чи” гэжээ…


URL:

Сэтгэгдэл бичих