Долоохон настай “ХҮҮ”-г захиалгаар хөнөөлгөсөн бүсгүй хэргээ хүлээх нь битгий хэл,нэр төрөө сэргээмээр байна гэжээ
Өнгөрсөн 2016 оны есдүгээр сарын 6-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт долоон настай хүүг гэртээ ганцаараа байхад нь гар утасны цэнэглэгчийн залгуураар хоолойг нь боомилж, амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарч, нийгмийг цочроосон билээ. Тухайн үед хүүг амиа алдсан байдалтай байхад нь ээж нь анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг бөгөөд хүүгээ амиа хорлосон, эсвэл тогонд цохиулсан гэж бодсон байдаг. Гэвч цагдаагийн байгууллагын үзлэгээр хүүг гадны нөлөөтэй, хоолойг нь боомилж хөнөөсөн болох нь тогтоогдсон.
Улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулсны үр дүнд хүүгийн аминд хүрсэн этгээдүүдийг олж илрүүлсэн юм. Тодруулбал, өөрөөсөө 20-иод насаар ах талийгаач хүүгийн аавтай гэр бүлээс гадуур эр эмийн харилцаатай байсан С гэх, 1992 онд төрсөн бүсгүй өөрийн нагац эгчийн хүүхэд болох, 1998 онд төрсөн Б-д захиалга өгч хүүг алуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэдгийг тухайн үед албаныхан мэдээлж байв.
С гэх бүсгүй өөрөө таван настай охинтой бөгөөд түүнээс гадна талийгаач хүүгийн аав Ц-ээс жирэмсэн болж, зургаан сартай ураг тээж байсан аж. Харин харамсалтайгаар хүүхдээ алдсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ хүүхдийнх нь эцэг болох Ц болон түүний эхнэр М нар нийлж машинаар дайрч, хүүхдийг нь зулбуулсан гэж мэдүүлсэн байдаг аж. Харин мөрдөн байцаалтын явцад С нь өөрийн хүүхдээ өөрөө зулбуулсан нь тогтоогдсон байна. Эл аймшигт хэрэг хоёр жилийн хугацаанд шүүхийн шатанд үргэлжилсэн бөгөөд оны өмнөхөн Хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.
-ТАЛИЙГААЧ ХҮҮГИЙН ЭЭЖ ШҮҮГДЭГЧ НАРТ БҮХ НАСААР НЬ
ХОРИХ ЯЛ ОНООХЫГ ХҮСЧЭЭ-
эх сурвалж http://daam.biz
Уг хэргийн анхан шатны шүүх хурал Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны зургадугаар сарын 22-ны өдөр болж, шүүгдэгч С-д 23 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Б-д 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гарч байсан юм.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны долдугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр шүүгдэгч С-д оноосон ялыг 17 жил 3 сар 10 хоног, шүүгдэгч Б-д оноосон ялыг 13 жил болгон бууруулж шийдвэрлэсэн байдаг. Тиймээс талийгаач хүүгийн ээж Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Дээд шүүхэд дахин гомдол гаргасан юм байна.
Хүүгийн ээж Улсын дээд шүүхэд гомдол гаргахдаа “Миний насанд хүрээгүй дөнгөж долоон настай жаахан хүүг маань С, Б нар гэрт орж бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, санаатайгаар, өс хонзонгоор, захиалгаар, онц хэрцгийгээр хороосон байхад давж заалдах шатны шүүхээс С гэгчид 17 жил 03 сар 10 хоног, Б-д 13 жил хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна.
Шүүхээс гэмт хэрэгтнүүд үйлдсэн онц хүнд хэргээ ухамсарлан ойлгож, гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөхгүй, байнга худал мэдүүлж байгаа, хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйх нь бүү хэл гүтгэн доромжилж байгаа, хохирол төлбөр төлөөгүй, нийгэмд аюултай хэрцгий балмад хэрэг хийсэн байхад ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлж байгааг ойлгохгүй байна.
Монгол Улсын дээд шүүх ялтан С, Б нарт ялын дээд хэмжээ өгнө гэдэгт би итгэлтэй байна. Мод бүхэн үндэстэй, хүн бүхэн үртэй байдаг. Би хэнд ч гэм хийгээгүй, нялх хүүгийнхээ амийг л нэхнэ. Иймд ялтан С, Б нарт оногдуулсан хорих ялын хэмжээг нэмж бүх насаар нь хорих ял оногдуулна уу. Шийтгэж болох хамгийн дээд хэмжээгээр нь ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.
-ЗАХИАЛАГЧ С ОГТ ХЭРГЭЭ ХҮЛЭЭДЭГГҮЙ-
Шүүгдэгч С гурван шатны шүүх хурлын туршид огт хэргээ хүлээгээгүй байна. Тэрбээр “…Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд энэхүү хэрэгт холбогдож гүтгэгдсэндээ туйлын их гомдолтой байна. Б-г ийм хэрэг хийснийг мэдэхгүй. Надад хүний хүүхдийг алаад өг гэх сэтгэл байхгүй. Б-г ийм хэрэг хийсэн гэхэд одоо хүртэл итгэхгүй байна. Би Б-д хэлээгүй, хэлж байгаагүй. Б-н ээж Г эгч миний нагац эгч бөгөөд бид хоёр хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг байсан. Нагац эгч Г, талийгаач хүүгийн ээж М нар найзууд. Тэгэхээр М болон Г нарын явуулгаар Б намайг гүтгэж мэдүүлэг өгсөн гэж таамаглаж байна.
Хулгай хийхдээ асуугаагүй хүн, хүн алахдаа надаас асуухгүй. Б-н өөрийнх нь бодол, үйлдэл юм. Би 11 сар хоригдох хугацаандаа их зүйлийг ойлгож ухаарлаа. Хүн гэдэг ямар их мөс чанараа алдсаныг, хүнд итгэж болохгүйг, тэр бүү хэл нэг гэрт өссөн эгчийн маань хүүхэд ч худал гүтгэж, ямар зорилго санаагаар ийм зүйл хийсэн, цаана нь ямар хүмүүс ятгаж, хийсэн гэм нүглээ далдлах гэж гүтгэж байгаад, мөн өөрсдийнхөө эрх ашиг, нэр хүндийг хамгаалахын тулд хүнийг гүжирдэн хамсаатан болгож харанхуй нүх рүү түлхэж байгаад нь туйлын их гомдолтой байна.
Үр хүүхдийг минь хүртэл бодохгүй намайг гүтгэн, зөвхөн өөрсдийнхөө арьсыг хамгаалах гэж эдгээр хүмүүс болох М, Ц, Б, бусад хүмүүс эвсэн нэгдэж гүтгэсэнд гомдолтой байна. М, Ц нарыг шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэж, намайг хилс гүтгэлгээс чөлөөлж, нэр төрийг минь сэргээж өгнө үү” хэмээн мэдүүлжээ.
-ХҮҮГИЙН АМИНД ХҮРСЭН Б ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ-
Харин захиалгаар хүүгийн аминд хүрсэн Б гэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүгдэгчийн зүгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байжээ.
2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Хяналтын шат буюу Дээд шүүхээр хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч С-д “Хүнийг алах”, “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэрэгт буруутгаж, нийт 20 жилийн хорих ял, шүүгдэгч Б-д “Хүнийг алах”, “хулгайлах” гэмт хэрэгт буруутгаж, 14 жилийн ял оноож хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж Шуурхай.мн
URL: