Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирлээ, асуудал хаашаа эргэх вэ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг прокурорын дуудлагын дагуу эх орондоо ирлээ. Түүнийг өчигдөр 23.00 цагийн үед эх орондоо ирсэн хэмээн эх сурвалж мэдээлээд байгаа юм. АТГ-аас Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж шалгахаа мэдэгдсэн. Тиймээс прокурорын газраас түүнд дуудах хуудас илгээсэн байдаг.
АНУ-ын Денверт байгаа Ч.Сайханбилэгийг эх орондоо ирэхгүй бол албадан авчрах арга хэмжээ авна гэж байсан юм. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй. Цаашид ч гарахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно” хэмээн захиа илгээсэн билээ.
Юутай ч тэрбээр эх орондоо ирлээ. Одоо асуудал хаашаа эргэх бол.
Түүнтэй хамт Дубайн гэрээг хийсэн нөхдүүд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа.
Тэднийг Эрүүгийн хуулийн 20.3 22.1.3 дүгээр зүйл ангид заасан гэмт хэргүүдэд буруутгаж шалгаж байгаа. Тус зүйл заалтад,
20.3 дугаар зүйл. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх
22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэмээн заасан байдаг.
Тэгэхээр Ч.Сайханбилэгт ч гэсэн энэ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй.
Харин Ч.Сайханбилэг уг асуудалд “Ерөнхий сайдын хувьд хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гадны хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгой төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ” гэх тайлбарыг өгөөд байгаа билээ.
Б.Анир
Zaluu.com
URL: