Дархан аварга Жигжидийн Мөнхбат бурхны оронд заларлаа
Эдүгээгээс 50 жилийн өмнө дэлхийн аваргын анхны медалийг хүртэж байсан бидний хайртай аварга Жигжидийн Мөнхбат аварга өнөөдөр зуурдаар таалал төгсч, бидэнд хүнд гарз тохиолоо.
Тэрээр Энэтхэгийн Шинэ Дели хотноо 1967 оны арваннэгдүгээр сарын 12-14-нд болсон бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 87 кг-ын жинд зодоглохдоо 1965 оны дэлхийн аваргын тавдугаар байрын шагналт, 1967 оны Пан Америкийн наадмын аварга, АНУ-ын бөх Б.Баухманд оноогоор ялагдсан ч Шведийн бөх А.Антонсонийг 3 минут, 30 секундэд цэвэр, ХБНГУ-ын бөх Ю.Иоллыг 8 минут, 30 секундэд мөн цэвэр ялж хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Энэ хүрэл медаль монголчуудын хувьд дэлхийн дэвжээнээс хүртсэн бүх медалийн ууган медаль гэдгээрээ спортын түүхэнд тод бичигдэн үлдсэн түүх билээ.
Жигжидийн Мөнхбат аварга үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ. Түүний өмнө Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар л зогсдог билээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л 3-т орох амжилт үзүүлсэн дархлагдсан аварга билээ. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа 6 даван шөвгөрч улсын заан Р.Гансүхэд унасан билээ.
“Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан” бахархалт амжилт, анхны медалийн цуурайн чимээтэй түүхэн цаг 1967 он Монголын спортын амьдралд чухам ямраар бичигдэж үлдсэнийг Танин мэдэхүйн “БАХАРХАЛ ТӨВ”-өөс эрхлэн гаргасан “Дэлхийн анхны медальт МОНГОЛ буюу Ж.Мөнхбаттай 1967 он” баримт, судалгааны номоос харж болно.
Түүний бага нас:
Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат аварга нь 1941 оны намар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу буюу одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Сайхан Бригадын нутаг “Хадан хошуу” гэдэг газар эцэг Чанцал болон эх Хажид нарын 10 дахь хүүхэд болон мэндэлжээ. Эх Хажид нь хүүхэд төрүүлээд удаагүй бие нь тэнхрээгүй байхад нь ах Жигжид нь ирж олон бага хүүхэдтэй бие нь сул дорой байгааг нь анзаарч сая төрсөн хүүхдийг нь үрчилж авахаар шийдэж авч явжээ. Үүнээс хойш нагац ах Жигжидийн нэрээр овоглож Мөнхбат нэртэй болжээ. Аварга багаасаа л ой ухаан сайтай сэргэлэн цовоо хүүхэд байсан тул хүний хэлж ярьсан зүйлийг сайн ойлгож авдаг байжээ.Бага насаа Эрдэнэсант сумын Сайхан бригадын нутаг Буянтуул, Баян хар, Мөөрийн гол,Цахирын цагаан нуур зэрэг эр хүний хийморь сэргэсэн уул, ус жигдэрсэн байгалийн үзэсгэлэн хосолсон нутагт морин дэл дээр өнгөрөөсөн байна. Ж.Мөнхбат эцэг эхийн талаас бөхийн удамтай, аав нь бөх их сонирхдог яггүй сайн барилддаг хүн байснаас бөхийн барилдааныг багаасаа сонирхож барилдаж эхэлжээ. Бөх болоход нь ааваас нь гадна маш их нөлөөлсөн хүн бол Тангад багшийгаа гэж нэрлэдэг. Энэ хүн тайж гаралтай хүний хүүхэд бөгөөд лам хүн байжээ.Бөхийн барилдах ур чадварыг төгс эзэмшсэн барилдааны олон мэхийг сайн мэддэг байснаас Мөнхбатыг бөхийн эрдэмд сайн сургасан байна.
Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат Эрдэнэсантын долоон жилийн дунд сургууль, санхүүгийн техникум, эдийн засгийн дээд сургуулийг төгсжээ.1958 оны Майн-баяраар сумандаа барилдаж аймгийн заан Дагватай үлдэж түрүү, үзүүр булаалдсан нь барилдах сонирхлыг улам төрүүлж эхэлжээ. 1960 онд техникумд суралцаж байхдаа техникумуудын үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдааанд оролцож амжилттай сайн барилдаж түрүүлж байжээ.
Барилдааны амжилтын хувьд:
Үндэсний бөх:
1961 оны Улсын баяр наадмын өмнөхөн болсон баяр наадмын Монголын бүх ард түмний анхдугаар спартикиадад аймаг, нийгэмлэгүүдээс шалгарсан шилдэг 28 бөх тойргийн барилдаанд хоршоолол нийгэмлэгээс шалгаран оролцож , хөдөө аж ахуйн дээд сургуулиас шалгарсан Улсын заан Ж.Чойжилсүрэнтэй хамт 28-25 давж 1-2-р байрыг хуваан эзэлсэн амжилтыг нь үнэлж баяр наадмын төв комиссын 1961оны 7-р сарын 13- ны өдрийн 1-р тогтоолоор Улсын заан цол олгосон байна.
-1961оны У.Б.Н-д 6 давж идэр шаламгай чимэг
-1962 оны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд Улсын заан
Л.Сосорбарамд унаж 2-р байр эзэлжээ.
-1962 оны У.Б.Н-д 3 давж 4-т Өмнөговь аймгийн арслан Б.Манлайжавт өвдөг шороодсон нь том сургамж болжээ.
-1963 оны УБН-д 9давжтүрүүлж арслан цол -1964 онд 9давж түрүүлж улам нэмэх чимэг -1965 онд 9давж түрүүлж Улсын аварга цол -1966 онд 9давж түрүүлж Дархан аварга цол -1967 онд 9 давж түрүүлэхэд чимэг олгоогүй
-1968 онд 7давж олныг баясуулагч чимэг
-1969 онд 7давж хаялцаагүй удсан тул хасагдаж чимэг олгоогүй
-1970 онд олимпын наадамд оролцсон тул барилдаагүй
-1971 онд 6 давж бат нягт чимэг
-1972 онд 8 давж үзүүрлэж далай даян чимэг
-1973 онд 7давж даяар дуурсагдах чимэг
-1974 онд 9 давж түрүүлж баяр наадмын манлай чимэг
-1975 онд 8 давж үзүүрлэж түмнээс төгөлдөр чимэг
-1975 оны Монголын бүх ард түмний 5-р спартикиадад 30-26 давсан амжилтаар 3-р байр эзэлж Улс даяар гайхамшигт чимэг
-1976 онд гадаадад тэмцээнд явсан тул барилдаж чадаагүй
-1977 онд 7 давж өнөд баясгалант чимэг
-1978 онд 8давж үзүүрлэж далай дайчин чимэг
-1979 онд 7 давж бүхнээ дурсгалт чимэг
-1980 онд 8давж үзүүрлэж манлайн баясгалант чимэг
-1981 онд 7 давж үлэмж бадрахчимэг
-1983 онд 7 давж тод сонин үзэсгэлэнт чимэг
-1984 онд 4 давж 5-д У/арс/1. Сосорбарамд өвдөг шороодов.
-1985 онд 6 давж бат нягт чимэг
-1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудын баяр наадамд тус бүр 4 давж аймгийн начин Ж.Даваажав , аймгийн арслан Б.Жавхлантөгс, улсын начин Ц.Дамдин , аймгийн арслан Д.Адъяатөмөр , залуу бөх Р.Гансүх, аймгийн арслан Х.Амараа нарт цол ахиулах боломж олгожээ.
-1994 онд 6 давж өнөд түвшин хотлоор баясгагч чимэг.
Түүний цол чимэгний хувьд: Улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга
Чөлөөт бөх:.
1967 онд Энэтхэгийн нийслэл Дели хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 87 кг жинд барилдаж хүрэл медаль.
1978 онд Мексикийн Мехико хотод болсон зуны 19-р олимпийн наадамд оролцож мөнгөн медаль хүртсэн юм.
Тэрээр хонгодох, ачих, тонгорох, хутгах,тойгдох мэхнүүдийг дархан хийдэг байсан бөгөөд төв цэнгэлдэх хүрээлэнд байсан хүмүүсийг үнэхээр огшоож суудлаас нь дагаж өндийлгөж хүмүүс дагаж хөдлөх нь холгүй байдаг байсан хэмээн хүмүүс одоо ч хуучилж байсан юм. Хоёр мөнхийн барилдаан үнээ саалгаадаггүй байж билээ хэмээн тэр үед яриа гарсан байсныг одоо бодоход үнэхээр гайхалтай барилдаанууд үзүүлдэг байсан ойлгомжтой бизээ. Чөлөөт бөхийн спортоор хичээллэж Дэлхийн шилдэгүүлийг өмнөө сөхрүүлж эр бяраараа дэлхий нийтэд гайхагдаж явсан аатай аварга юм. Ж.Мөнхбат аварга нь Монгол улсын чөлөөт бөхийн анхны шигшээ багийн гишүүн. 1967 онд Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс эх орондоо анхны хүрэл медаль, 1968 оны олимпийн наадмаас анхны мөнгөн медаль авчирч байсан тамирчин юм. Түүний тив,дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг удаа дараа дуурсгаж байсан болон үндэсний бөхөөр үзүүлсэн амжилтыг нь төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж 1967 онд гавьяат тамирчин, 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээснээс гадна 1990 оноос төрийн түшээгээр сонгож, Монгол улсынхаа анхны ардчилсан хуулийг батлалцаж явсан алдар цуутай аварга байсан юм.
Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, тууштай зарчимч эрхэм нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр хамт олон, түүний олон шавь бид бүхний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан байх болтугай
URL: