СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ПОНЗИ ЗАЛИЛАНГААС БОЛГООМЖИЛ
Понзи залилан гэдэг үгийг сонсож байсан уу. Тэгвэл энэ луйврын систем Монгол Улсад орж ирээд гэнэн итгэмтгий иргэдийг элсүүлэн, залилан мэхлэх ажлаа эхлүүлсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Ирланд улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын жагсаалтад бүртгэлтэй, 2016 оны сүүлчээр байгуулагдсан гэх “Stamford trading technologies” компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байгааг илрүүлжээ. Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад энэ компанийн санхүүгийн бүртгэл олдоогүй бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон байна.
Тэд иргэдэд “Бидэнд оруулсан хөрөнгө оруулалтынхаа 5 хувийг долоо хоногт ашиг болгон авна. Энэ нь сард 22 хувь буюу жилд 1264 хувь гэх мэтээр өснө” гэж тайлбарлаж байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Ердөө ганц удаа хөрөнгө оруулалт хийгээд өөр юу ч төлөлгүй, ямар ч зарлага гаргахгүйгээр энэ хэмжээний ашиг олно гэдэг нь хэтэрхий бодит бус нөхцөл юм.
Понзи залилан гэдэг нь 1919-1920 онд хөрөнгө оруулагч Чарльз Понзингийн гаргаж ирсэн “хөрөнгө оруулалтын” луйврын систем. Энэхүү схемийн бүтэц нь заавал пирамид байх шаардлагагүй бөгөөд Понзи схемийн удирдагч хүмүүсээс мөнгийг нь “хөрөнгө оруулалт” гэж хэлж авах ч юунд, хэрхэн хөрөнгө оруулалт хийж буй талаар дурддаггүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаас олох ашиг нь хаанаас ирж байна вэ гэдгийг хэн ч мэддэггүй аж. Харин хөрөнгө оруулалтын ашгаа хүртсэн хүмүүсийг даган дуурайж хөрөнгө оруулахаар ирсэн шинэ хүний төлбөрөөр өмнө элссэн хүнээс авсан өрөө төлөхөд л ашиглагдана гэсэн үг гэдгийг энэ төрлийн хууль бус ажиллагааг судлаач, мэргэжилтэн хэлж байна.
URL: