Манай 10 гаруй иргэн хар тамхи хил давуулахыг завджээ
Манай иргэдийн гадаад орнуудад зорчих шилжилт хөдөлгөөн ихсэхийн зэрэгцээ тухайн улсын хууль тогтоомжийг зөрчих, гэмт хэрэг үйлдэх, зөрчил гаргах, санаандгүй холбогдох явдал өсч байгааг харгалзан дараах сэрэмжлүүлгийг Та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын иргэд визгүй зорчдог БНХАУ, Малайз, Сингапур зэрэг Азийн орнуудад монгол иргэд бусдын эд хөрөнгийг хулгайлах, хориглосон эд зүйлс, бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх, хууль бусаар оршин суух буюу оршин суух хугацааг хэтрүүлэх зэрэг зөрчил гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлж байна.
Сүүлийн үед биедээ болон ачаа тээшиндээ хар тамхи, мансууруулах бодисыг нууцаар улсын хил нэвтрүүлэхийг завдах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. Зөвхөн 2011 онд гэхэд л Монгол Улсын 10 гаруй иргэн хар тамхи хил давуулахаар завдаж, гадаад орнуудын хууль хяналтын байгууллагад шалгагдан байцаагдаж, цагдан хоригдож байна. Хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын үндэстэн дамнасан хууль бус наймаатай дэлхий нийтээрээ тэмцэж буй өнөө үед энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ялын дээд хэмжээ оноодог хуулийн заалттай.
Иймд гадаад орнуудад зорчих иргэд анхаарал болгоомж, сонор сэрэмжтэй байж, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх, их хэмжээний мөнгө амласан этгээдээс зайлсхийж, бусдын нөлөөнд автахгүй байх, тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмыг сахиж мөрдөхийг сэрэмжлүүлэн анхааруулж байна. Ялангуяа эцэг эхчүүд нь гадаадад зорчиж, суралцаж, ажиллаж амьдарч байгаа хүүхдүүддээ онцгой сэрэмжлүүлэх нь зүйтэй байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
URL: