ОХУ руу зугтахаар төлөвлөж байжээ
Испанийн Засгийн газар Европын орнуудад Каталон мужийн захирагч асан Карлес Пудчемонийг баривчлах хүсэлтийг гаргасан байна. Харин энэ үеэр Карлес Пудчемон Финляндад байсан бөгөөд түүнийг баривчлагдахаас зайлсхийх зорилгоор ОХУ руу зугтах боломжийг судалсан байх магадлалтай гэж “El Mundo” сонин мэдээлжээ. Тэрээр Бельги руу аялснаар эхлээд өнгөрсөн сарын сүүлчээр Швейцарьт очсон. Харин дараа нь Карлес Пудчемон Хельсинк руу ниссэн байна. Гэвч түүнийг Финляндын нийслэлд ирсний дараа Испанийн дээд шүүхээс баривчлан саатуулах тушаал хүлээн авсан болохыг мэдсэн байна. Мөн “El Mundo” сонинд тэр үед түүнд баривчлагдахаас зайлсхийх хоёр боломж байсан гэж бичжээ. Тухайлбал, Норвегитой хиллэдэг ОХУ-д очих эсвэл Брюсель руу автозамаар хөрш орон болох Шведээр дамжин очихоор төлөвлөж байсан байна.
Ингэснээр тэрээр нам нэгт зарим гишүүд нь хүлээж байсан Стокогольм руу явсан байна. Харин Испанийн хэвлэлд мэдээлснээр Карлес Пудчемон мөрдөлтөөс мултрахын тулд олон арга хэрэглэсэн ч бүтэлгүйтсэн байна. Тухайлбал,Түүний Бельги орох аялал бүтэлгүйтсэнээр хэрэгжүүлсэн бүх арга хэмжээ нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Харин ч эсрэгээрээ түүнийг өнгөрсөн сарын 25-нд Испанийн дээд шүүхээс тавьсан хүсэлтийн дагуу Германд баривчлан саатуулсан юм. Түүнийг Каталоны тусгаар тогтнолын үйл ажиллагааны үеэр төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан болон салан тусгаарлах хөдөлгөөнийг удирдсан гэж буруутгажээ. Германы хойд нутгийн Шлезвиг Гольштейн мужид түүнийг баривчлан саатуулсан байна. Гэвч тус мужийн орон нутгийн шүүхээс захирагч асан Карлес Пудчемонийг салан тусгаарлах хөдөлгөөнийг удирдсан хэргээр хүлээлгэж өгөхөөс татгалзжээ. Харин түүнийг барьцааны 75 мянган евро төлсөн тохиолдолд түр суллана гэж шийдвэрлэсэн байна. Гэвч одоогоор Германы шүүх захирагч асан Карлес Пудчемонийг авлига авсан хэргээр Испанийн талд шилжүүлэн өгөх эсэхээ шийдээгүй байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛД
URL: