Бөхчүүд хоёр “ТОЛГОЙ”-той
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний асуудал одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Өнгөрөгч оны тавдугаар сард МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хуралдаж бөхийн холбооны тэргүүнээр “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг сонгосон. Харин МҮБХ-ны наймдугаар “Их эе” энэ оны гуравдугаар сард хуралдаж МҮБХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон. Ингэснээр үндсэндээ МҮБХ Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэх хоёр тэргүүнтэй болоод байгаа юм. Хоёулаа Монголын Үндэсний бөхийн холбооны тамга тэмдэгтэй.
МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж ээлжит бус “Их Эе” хурлаар сонгогдсон Л.Чинбатад тамга, тэмдгээ хүлээлгэн өгөлгүй явсаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгөөд сар хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Гэвч Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хүлээн авсан тамгыг Улсын бүртгэлээс хүчингүйд тооцож МҮБХ-ны шинэ тамгыг бүртгэсэн байх юм. Улсын бүртгэлийн газраас МҮБХ-нд албан ёсны гэрчилгээг 2010 онд олгосон байдаг. Уг гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулж МҮБХ-ны тамга тэмдгийг шинээр олгожээ. Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэнээр МҮБХ-ны тэргүүн нь Л.Чинбат болж таарч байгаа юм.
Гэвч түүнийг бөхийн холбооны “экс” тэргүүн Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс мөн л эсэргүүцэж, шүүх цагдаа болно байх даа. Би, чи гэж бичиг цаас чулуудалцсаар хоёр жилийн нүүр үзэх гэж байгаа учир Р.Нямдоржийн талаас хариу “цохилт” хийх нь дамжиггүй. Энэ тэмцэл хэзээ дуусч, бөхийн холбоог Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ хоёрын хэн нь удирдахыг таахад бэрх.
Л.Чинбатын талаас “Хэдий болтол бид халх дөрвөдөөрөө, хамаатан саднаараа, аймаг хошуугаараа, ахмад залуугаараа хэн нэгний хатгаасаар сөргөлдөх вэ. МҮБХ-ны шинэ тэргүүнийг дэмжиж, хамтран ажиллахыг нийт бөхчүүд, ард түмнээсээ хүсч байна” гэх уриалгыг гаргажээ.
Үнэндээ энэ уриалгыг байр сууриа булаалдан бүтэн жил “хэрэглэж” буй өөрсдөд нь л хэлмээр байна. Хэдий болтол бөхчүүд хоёр “толгой”-той явах вэ?!
Г.Тэгшсүрэн
URL: