”МҮБХ”-ны Ерөнхийлөгч Гацууртын Чинбат гэв үү?
Монгол түмний хийморь морь, бөх л гэдэгсэн. Морио уралдуулж, бөхөө барилдуулж чадахаа болих нь. “Дүнжингарав-2018” уралдааны үеэр соёолон насны морьдыг шөнө уралдуулж хэдэн ч хүүхдийг гэмтээж, бэртээсэн билээ. Яг ийм цаг дор МҮБХ-ныхон хуралдаж өдгөөгийн Бөхийн өргөөг босгосон Р.Нямдорж, Д.Данзан нар халаагаа өгсөн. Ер нь, монгол хүний муухай зан байдаг. Нүцгэн хүүхнээс монгол бөх үнэгүй байна гэсэн 1990-ээд оны үед л Р.Нямдорж нар ард түмнээсээ хандив гуйж, чадах, ядахаараа зүтгээд өнөөгийн Монголын Бөхийн өргөөг босгосон юм. Төрөөс гуйгаагүй юм шүү. Бэлэн юм руу дайрдаг муу зан бидэнд бий. Монгол бөхийн өргөөг мөнгө болгож хараад удсан хэсэг бүлэг хүмүүс бөхчүүд дунд байгаа нь нууц биш. Одоо бүр ил цагаандаа гарчээ. МҮБХ албан ёсоор хуралдаж дархан аварга Б.Бат-Эрдэнээр удирдуулахаар болсон.
Гэтэл Л.Чинбат тэргүүлдэг гэнэ. Түүнийг газар тариалан мэдэхээс Монгол бөхөд элэгтэйг нь ард түмэн мэдэх болов уу. Шадар түшээгээр нь Үржингийн Хүрэлбаатар сууж. Тэрбээр, “Л.Чинбат бол МҮБХ-ны албан ёсны тэргүүн” гэж ичихгүйгээр мэдэгдэж, Л.Чинбат нь “Надад МҮБХ-ны тэргүүний тамгыг аваад ирвэл Их эеийг нь хуралдуулж болох л юм” гэж бүр дүрдээ орсон байх юм. Үржингийн Хүрэлбаатар гэж нэг нөхөр бий. Болор цомд шүүгчээр сууж л байдаг, Мисс шалгаруулах тэмцээнийг шүүж л байдаг, Морин хуур наадмыг дэнсэлж л суудаг. Түүнд оролцдоггүй зүйл гэж байхгүй. Бас суудалгүй Төрийн бус байгууллага гэж үгүй. Тийм нэг сэтэрт дуртай, хязгааргүй шуналтай хүн шиг билээ.
Монголын үндэсний бөх шүлэг бичдэг, сургууль дампууруулдаг Ү.Хүрэлбаатарт юуны хамаа. Хүн өөрийгөө голдоггүй гэдэг л энэ. Тиймээс өөрийгөө МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга хэмээн ичих ч үгүй нэрлээд, сонин хэвлэлд ярилцлага өгөөд явж байх.ОӨУБЕГ-аас Л.Чинбат ганцхан өдрийн дотор МҮБХ-ны тэргүүн гэсэн тусгай зөвшөөрлийг авсан байх юм. Тэр нь 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр. Ямар ч их мөнгөтэй юм бэ. Л.Чинбат төмсөө тариад, Үржингийн Хүрэлбаатар дууны шүлгээ бичээд явж байвал таарна гэж зэвүүрхэх бөх цөөнгүй байна. Тэр хоёрт МҮБХ юуны хамаатай.
Зүгээр л бөхийн өргөөг мөнгө олох арга хэрэгсэл гэж хараад байгаа болохоос биш Монгол бөхийн хөгжлийн төлөө юу хийх юм бол. Тэдэнд мөрийн хөтөлбөр, төсөл байна уу. Л.Чинбат Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувийнхаа хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбай байгуулаад өгье гэж хотын даргад хандаж цахимаар баахан шоудсан юм даг. Энэ саналынх нь мөрөөр асууж сураглахад хотын дарга байтугай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагад энэ тухайгаа албан бичгээр хандаагүй байсан. Зүгээр л шоу. Би ийм сайхан ажил хийх гэсэн чинь энэ нөхөд зөвшөөрсөнгүй гэсэн заль. Үндэсний бөхийн холбоог эд нар авч явж чадах уу. Хууль, шүүхийн байгууллагыг “аргалаад” шийдвэр гаргуулдаг юм байж. Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. МҮБХ-ны хаалга үүдийг нүдэж, балбаж яаж увайгүйтлээ. Цаана нь Л.Чинбат, Ү. Хүрэлбаатар нар л байж шүү дээ. Энэ бүхэн нь гуравдугаар сарын 22-ны өдөр болсон үйл явдал.
Ард түмэн ч, бөхчүүд ч эл үйлдлийг таатай хүлээж аваагүй байх. Улсын Гарьд Н.Ганбаатар “Аавын минь бие тааруухан байхад та нар хүч түрлээ” гэж бухимдсан, МҮБХ-ны дэд тэргүүн асан Д.Данзан “Та бүхэн Даваа гарагт бичгээ аваад ирнэ үү” гэж учирласан. Тэд ойлгохыг хүлээн авахыг хүсээгүй. Ёс журамтай зүйл тэр л дэг жаягаараа явах учиртай. Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар хоёрын шунал тээсэн хүслээр ч болдог юм биш. Хэрэв энэ хоёр хүн МҮБХ-г тэргүүлнэ гэвэл Монгол бөхийн, үзэгч түмний хийморь лүндаа гундах байх даа. Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар нар МҮБХ-г тэргүүлэхийн тулд амиа өгөхөөс ч буцахааргүй болжээ. МҮБХ-ны шинэ удирдлага дархан аварга Б.Бат-Эрдэнэ ч бас шударгаар тэргүүн болсон гэхэд хэцүү. Түүнийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн голдуу бөхчүүдийг хайрцагласан гэдэг. Улсын заан Магалжавт МҮБХ-ны дэд тэргүүнийг амалж, дагаварт нь Цэцдийн зөвлөлд хүссэнээрээ хүмүүээсээ оруул гэж хэлсэн тухай яриа гарсан. Энэ бүхнээс харахад МҮБХ-ны жинхэнэ тэргүүн нь хэн юм бэ гэсэн эргэлзээ ард түмний дунд үлдлээ.
А.Эрдэнэ
Эх сурвалж : Factnews.mn
URL: