Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд “САЛХИ” оруулах цаг болжээ

19221

Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол орон байгаль цаг уур, өөрийн хэрэглээний онцлогтоо тохируулан “ногоон” эх үүсвэрийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуулт эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр дулааны цахилгаан станцаас хэрэглэгчдэд хүрч буй 1кВт.ц цахилгааны дундаж үнэ 145 төгрөг байгаа бол нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 422, салхиных 230 төгрөг гэх мэт асар их үнийн зөрүүтэй байдаг.

Энэхүү зөрүүтэй үнийг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд заасны дагуу дэмжих тарифаар нөхөж, зохицуулсаар иржээ. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчний үнэ өртөг дэмжих тариф нэрээр иргэдийн цахилгааны төлбөр дээр 1кВт.ц тутамд 11.88 төгрөг болж нэмэгдэж байгаа гэсэн үг. Нөгөө талаар жилээс жилд өссөөр байгаа сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэлбэлзэл, цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Тиймээс “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрчим хүчний эрчим хүчний нэгдсэн сүлжээний найдвартай ажиллагаа болон хэрэглэгчдийн нуруун дээр анаа болон ирж буй дэмжих тарифын дарамтыг шийдвэрлэх боломжтой хэмээн салбарынхан ярьцгааж байна. Энэ талаарх Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, “Диспетчерийн үндэсний төв”ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Балдорж нарын байр суурийг хүргэе.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД Т.ГАНТУЛГА: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АРВИН ИХ НӨӨЦӨӨ ЦАХИЛГААН БОЛГОН ХУВИРГАЖ, ЗҮҮН ХОЙД АЗИ РУУ ЭКСПОРТЛОХ ТОМ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛСЭН

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталж, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулинд дахин нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юу, үгүй юу гэдэг дээр зарим хүмүүс эргэлзэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг анх боловсруулж байх үед нөхцөл байдал ямар байсан вэ гэдгийг эхлээд ярих хэрэгтэй байх.

Тухайн үед эрчим хүчний хангамжийг сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байсан. Нөгөө талаар ам.долларын ханш өнөөдрөөс бараг хоёр дахин хямд байсан. Тиймээс гаднын хөрөнгө оруулагчдыг татах, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор энэ хуулийг 2007 онд баталсан. Хуулинд сэргээгдэх эрчим хүчний үнийг их нарийн тогтоож өгсөн.

Жишээлбэл, “Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллар” гэх мэтээр тогтоосон заалт бий. Хууль баталж байх 2007 оны үед ам.долларын ханш 1,200 төгрөг байсан бол өнөөдөр 2,400 төгрөгт хүрсэн байна. Ханшийн зөрүүнээс болж сэргээгдэх эрчим хүчний үнэ, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ хоёрын хооронд асар их үнийн зөрүү гарсан.

Тиймээс 2015 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, нар, салхины эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно гэсэн заалтыг тусгаж өгсөн. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэгчдэд үнийн дарамтгүй, эрчим хүчний салбарынхаа найдвартай ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хөгжүүлэх шаардлага гарч байна.

УИХ-ын зарим гишүүд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Энэхүү төсөл дээр яамны мэргэжилтнүүд, салбарын инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулагчдыг  оролцуулан хэлэлцүүлэг хийж, хамтран ажиллаж байна. Мөн эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадалд уламжлалт эх үүсвэр болон сэргээгдэх эрчим хүчийг зохистой харь-цаагаар хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

-Өнөөдөр сэргээгдэх эрчим хүч нийт системийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ?

-Нийт суурилагдсан хүчин чадлын 12 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эзэлж байна.

-Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт бий. Энэ бодлогын баримт бичигт 2020 гэхэд сэргээгдэх эрчим хүчийг нийт суурилагдсан хүчин чадлын 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэнэ гэсэн заалттай. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын явц ямар байгаа вэ?

-Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдэн орсон. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор хүлэмжийн хийн ялгаралтыг 14 хувиар бууруулах үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа юм. Энэхүү үүргийн дагуу 2020 гэхэд сэргээгдэх эрчим хүчийг нийт суурилагдсан хүчин чадлын 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний хөгжил маш эрчимтэй явж байгаа.

Өнгөрсөн онд Цогтцэцийн 50 МВт-ын салхин цахилгаан станц, тус бүр нь 10 МВт-ын хүчин чадалтай нарны хоёр станц шинээр ашиглалтад орлоо. Өнөөдрийн байдлаар гурван байршилд нийтдээ 40 МВт-ын хүчин чадал бүхий нарны станц, нэг байршилд 55 МВт-ын салхин станцын барилга угсралтын ажил эхлээд явж байна.

Товчоор хэлбэл 2018 онд 95 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр ашиглалтад орж, 2019 он гэхэд Эрчим хүчний төрөөс баримтлах бодлогын баримт бичигт заасан 2020 гэхэд сэргээгдэх эрчим хүчийг нийт суурилагдсан хүчин чадлын 20 хувьд хүргэнэ” гэсэн зорилт биелэх юм.

-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх хариуцлага хүлээсэн орон. Дээр нь манай орон нар, салхины эрчим хүчний их нөөцтэй. Энэ нөөцөө хэрхэн ашиглах вэ?

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд төрөөс тодорхой бодлого барьж ажиллах учиртай. Цаашид бид дамжуулах сүлжээнд ажиллах их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд хөгжүүлэхийн зэрэгцээ түгээх сүлжээнд айл өрхийн хэмжээнд ашиглагдах тархмал үүсвэрүүдийг ашиглахаар зорин ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 10,000 нарны дээвэр хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Ингэснээр бид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлээд зогсохгүй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчийг экспортлох эх үүсвэр, шугам сүлжээгээ барьж байгуулах шаардлагатай. Олон жилийн турш яригдсан Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах судалгааны ажил явагдаж байна, энэ оны сүүлчээр судалгааны дүн гарна. Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр Францын компани судалгаа хийж байгаа.

Орос, Монгол, Хятад, Япон, Солонгос гэсэн таван орны дунд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам барьж, эрчим хүч экспортолж, импортлох үйл ажиллагаа явуулна гэсэн үг л дээ. Энэ судалгааны ажлын үр дүн нааштай гарвал бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Монгол орон нар, салхины асар их нөөцтэй. Энэ их нөөцөө цахилгаан болгон хувиргаж, Зүүн хойд Ази руу эрчим хүч экспортлох том зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болно.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН: ХУУЛИАР ТОГТООСОН ӨНДӨР ҮНИЙГ ӨӨРЧИЛЖ, ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛД ШИЛЖҮҮЛСНЭЭР СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРЭЭС ҮЙЛДВЭРЛЭХ ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

–Өнөөдөр дулааны цахилгаан станцаас үйлдвэрлэж байгаа 1кВт.ц эрчим хүчний үнэ, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэж байгаа 1кВт.ц эрчим хүчний үнэ хоёрын хооронд асар их зөрүүтэй байгаа. Яагаад ийм зөрүү гарч байгааг хэрэглэгчид төдийлөн сайн мэддэггүй?

-Эрчим хүчний хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос бүх төрлийн эх үүсвэрийн үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ тарифыг баталж байна. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасан хязгаарын дагуу тогтоож байгаа. Энэ хуулинд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн дээд, доод хязгаарыг ам.доллароор тогтоосон.

Өнөөдөр төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 11 эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч худалдан авч байна. Хэрэглэгчдэд худалдаж байгаа 1кВт.ц цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 145 төгрөг, гэтэл нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 422, салхиных 230 төгрөг байгаа. Энэ бол их зөрүү.

Энэ зөрүүг нөхөхийн тулд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу дэмжих тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоож байгаа. Сэргээгдэх эх үүсвэрүүд шинээр ашиглалтад орж төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх болгонд энэхүү дэмжих тариф нэмэгдэх болчхоод байгаа юм.

-Өнөөдөр дэмжих тарифын хэмжээ яг хэдэн төгрөг байгаа вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт орж, 2015 оноос дэмжих тарифыг мөрдөж эхэлсэн. Салхитын 50 МВт-ын салхин цахилгаан станц ашиглалтад орсны дараа дэмжих тарифыг анх дөрвөн төгрөгөөр тогтоож байсан юм билээ. Дэмжих тариф өөрөө тогтмол тариф биш. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт нэгдсэн сүлжээнд нэмэгдээд байвал хэрэглэгчээс авах дэмжих тарифын төлбөр нэмэгдэнэ.

Өнгөрсөн онд Цогтцэцийн 50 МВт-ын салхин цахилгаан станц, Дархан-Уул аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт тус бүр нь 10 МВт-ын хүчин чадалтай нарны хоёр станц шинээр ашиглалтад орж, үйлдвэрлэсэн цахилгаанаа Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэлсэн учраас дэмжих тарифт өөрчлөлт орж, хэрэглэгчид 1кВт.ц цахилгаан тутамд 11.8 төгрөгийн дэмжих тариф төлж байгаа.

-Өнөөдрийн байдлаар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хэчнээн тусгай зөвшөөрөл эзэмшигч байна вэ?

-Манай улсын хэмжээнд нийтдээ 143 МВт-ын хүчин чадал бүхий зургаан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч байна. Үүнээс гадна нийтдээ 1200 МВт-ын хүчин чадал бүхий нар, салхины эх үүсвэр барьж байгуулахаар 34 тусгай зөвшөөрөл авсан байна. Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 1293 МВт байдаг. Гэтэл суурилагдсан хүчин чадалтай тэнцүү хэмжээний цахилгаан үйлдвэрлэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулагчдын гар дээр байна.

Сэргээгдэх эрчим хүчний техник, технологи сайжирч, хөрөнгө оруулалтын зардал багасаж, өнөөдөр дэлхийн зах зээл дээр сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байгаа. Манай улс нар, салхины асар их нөөцтэй, бас дээр нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдаж авах үнийг өндөр тогтоож өгсөн хуультай учраас гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхож байна.

Гэхдээ Сэргээгдэх эрчим хүчний хуулинд өөрчлөлт оруулахгүй бол хэрэглэгчид үнийн асар их дарамтад өртөнө. Дээрх 34 төсөл бүгд хэрэгжвэл хэрэглэгчдийн нуруун дээр ирж буй 11 төгрөг 88 мөнгөний дэмжих тарифын төлбөр 130 төгрөг болтол өсөх тооцоо гарсан. Энгийн үгээр хэлэхэд эрчим хүчний өнөөдрийн үнэ бараг хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй.

-Дэмжих тарифыг өсгөхгүй байх боломж бий юу. Энэ талаар хуулийн шинэ төсөлд хэр тусгаж өгсөн бэ?

-Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор өндөр үнийн тогтолцоог халж, сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн хямд үнэ, сайн технологи санал болгосон хөрөнгө оруулагчдад тусгай зөвшөөрөл олгодог тогтолцоо руу шилжиж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 67 орон ийм өрсөлдөөнт зах зээл рүү шилжсэн. Дэлхийн банкнаас гаргасан судалгааг харахад дэлхийн улс орнуудад нарны эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан 0.08 ам.доллар буюу манайхаас хоёр дахин хямд байна. Салхиных 0.06 ам.доллар орчим байгаа.

Тухайлбал, Египет улс Асмаадад 1,500 МВт-ын чадалтай нарны цахилгаан станц барьж байгуулна гэдэг бодлого гаргаж, эхний 50 МВт-ыг нь манайд хэрэгжиж буй дэмжих тарифаар тооцож 1 кВт. цагийг нь 0.14 ам.доллараар худалдаж авсан байна. Дараагийн 50 МВт-ын эх үүсвэрийГ барихдаа өрсөлдөөн зарласнаар 0.08 ам.доллар хүртэл бууруулж чадсан. Цаашид 0.06 ам.доллар хүртэл бууруулах тооцоо гаргасан байх жишээтэй.

Тэгэхээр хэрэглэгчээ үнийн дарамтаас салгах, сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх өрсөлдөөнт зах зээлийг бий болгохын тулд хуулиндаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсвэрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллараар худалдаж авна гэж хуулиар тогтоосон өндөр үнийг өөрчилж, дэлхий нийтийн жишгийн дагуу хямд үнийн шалгуураар өрсөлдүүлдэг тогтолцоонд шилжүүлэхээр хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаж өгсөн.

Энэ бол Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн хамгийн non зарчмын өөрчлөлт байгаа юм. Манай орны хувьд эрчим хүчний хэрэглээ харьцангуй бага байна. Энэ оны өвлийн хамгийн их ачаалал 1081 МВт хүрсэн. Иймээс нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагааг хангахын тулд түүнд нийлүүлэх нар, салхины эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй болсон гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл цаашдаа бид сэргээгдэх эрчим хүчээ яаж хөгжүүлэх ёстой вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний бага чадлын тархмал эх үүсвэрүүдийг хөгжүүлэх, хэрэглэгч өөрийн хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, илүү гарсныг нь түгээх сүлжээнд нийлүүлэх, нарны эх үүсвэрээр дулааны эрчим хүч үйлдвэрлэх,нар, салхины томоохон чадлын эх үүсвэр барьж гаргасан цахилгааныг экспортлох зэргээр цаашид сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэх маш их боломж байна.

“ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАЛДОРЖ: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨСӨЛТ НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ ТОГТВОРТОЙ АЖИЛЛАГААНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ

-Диспетчерийн үндэсний төвийн үйл ажиллагааг манай уншигчид төдийлөн сайн мэддэггүй. Эрчим хүчний системд яг ямар үүрэгтэйгээр оролцдог юм бэ?

-Диспетчерийн үндэсний төв нь эрчим хүчний нэгдсэн сүлжээний хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээний төлөвлөлтийг гаргаж, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйлдвэрлэх хэмжээг тогтоодог. Оргил ачааллын үед хаанаас нэмж цахилгаан авах, ачаалал буурсан үед аль эх үүсвэрийн нийлүүлэх цахилгааны хэмжээг багасгах уу гэх мэтээр зохицуулж байдаг. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний нэгдсэн сүлжээний үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлж, тогтвортой үйл ажил-лагааг хянаж, зохицуулж байдаг байгууллага.

-Сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд их хэмжээгээр нийлүүлснээр эрчим хүчний найдвартай байдал алдагдана гэсэн болгоомжлол байна. Энэ талаар?

-Жишээлбэл, нарны цахилгаан станцууд еглөө 08:00 цагаас орой 17:00 цаг хүртэл эрчим үйлдвэрлэдэг. Салхины станцууд салхигүй өдөр ажиллахгүй. Байгаль, цаг уураас хамааралтай эрчим хүчний ийм эх үүсвэрүүд их хэмжээгээр системд нэвтрэх нь горим ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Дулааны цахилгаан станцад саатал гарах, эрчим хүчний ямар нэг дутагдал гарах үед бид ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортлон тохируулга хийдэг.

Гэхдээ ОХУ-аас манайд өгөх цахилгаан эрчим хүчний дээд хязгаар гэж бий. 245 МВт-аас илүү тохируулга хийх боломжгүй. Үүнээс илүү гарвал ОХУ-аас шууд хязгаарладаг. Тиймээс тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддаггүй, байгалиас хараат байдалтай, 245 МВт-аас илүү хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нэгдсэн сүлжээнд ороод ирвэл бид тохируулга хийхэд хүндрэл үүснэ. Нар гарахаар, эсвэл салхи гарахаар эрчим хүчтэй болно гэж хэрэглэгчдийг хохироогоод суугаад байж болохгүй биз дээ.

-Таны хэлж байгааг эрчим хүчний инженерүүдийн нэгдсэн байр суурь гэж ойлгож болох уу?

-Хэдхэн хоногийн өмнө Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлэг хийсэн. Энэ уулзалтад Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд, эрх ашиг нь хөндөгдөж буй сэргээгдэх эрчим хүчний компаниуд, салбарын инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид оролцсон. Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнууд “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцийг экспортлох чиглэлээр ашиглаж болох юм.

Харин эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд эрчим хүч, дулааны хангамжаа уламжлалт эх үүсвэрээсээ авах зайлшгүй шаардлагатай гэж байр сууриа илэрхийлж байна лээ. Ялангуяа эрчим хүчний нэгдсэн сүлжээнд өндөр ачаалал егдөг өвлийн улиралд сэргээгдэх эрчим хүчний оролцоо системийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа гэдэгтэй бид санал нэгдсэн. Цаашид сэргээгдэх эрчим хүч болон уламжлалт эх үүсвэрийг төрөөс бодлогоор тогтоосон зохистой харьцаагаар хөгжүүлэх хэрэгтэй.

Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх шаардлага, цаашдын үр өгөөжийг дээрх эрхмүүд бүгд хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчийг нийт системдээ эрсдэл учруулахгүй, хэрэглэгчдэдээ үнэ тарифын дарамт учруулахгүйгээр, дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу тогтвортой хөгжүүлэх гарц гаргалгааг хууль эрх зүйн орчны зохицуулалт хэмээн тодорхойлж байна. Ямартай ч Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиндаа “салхи” оруулах цаг болсон бололтой.

Д.МЯГМАРДОРЖ

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN

ЛИНК: http://ikon.mn/n/19de


URL:

Сэтгэгдэл бичих