“ЖАМП” компанийн Л.Цэрэндаваа найман тэрбум төгрөгийн өртэй
Уул уурхайгаас улсын төсөвт орох орлого жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Сайны хажуугаар саар гэгчээр уул уурхайн зарим компани татвараа төлөхгүй гэдийж янз бүрийн асуудал гаргах нь элбэг болжээ. Энэ талаар Татварын Ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга О.Тэнгистэй ярилцлаа.
-Улсын төсвийн ихэнх хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг боллоо. Гэвч уул уурхайн зарим компани татвар төлөхөөс зайлсхийх болж. Өнөөдрийн байдлаар хичнээн компани татварын өртэй байна вэ?
-Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр дээр татварын нэхэмжлэлтэй нийт 291 гүйцэтгэх хуудас бий. Эдгээр хуудасны нийт татварын авлагын хэмжээ 380 орчим тэрбум төгрөг байна. 380 тэрбум төгрөгийн 90 орчим хувь нь ердөө л 13 аж ахуйн нэгжид ногддог. Тухайлбал “Алтан дорнод Монгол”, “Олон-Овоот”, “ЖАМП” зэрэг компани орно.
-“Алтан дорнод Монгол” компанийн өрийг барагдуулах асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа. Энэ компани яг хэдэн төгрөгийн өртэй юм бэ?
-Татварын албаны бүртгэлээс үзэхэд нийт 150 тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс 75 орчим тэрбум төгрөг нь шүүхийн шатанд явж байна. Үлдэгдэл 75-ыг нь өөрсдөө төлж барагдуулна гэсэн. Энэ бол одоогоос 3-4 жилийн өмнө олборлосон алтанд хамаарах өр. Эзэн нь гэгдэх ОХУ-ын иргэн Паушок Монгол Улсаас оргон зайлсныг хүмүүс сайн санаж байгаа байх.
-Одоо хариуцах эзэн нь хэн байна?
-Монгол Улсын иргэн Ганболд гэх хүн худалдаж авсан. Энэ хүн татварын зарим өрөө барагдуулаад явж байна. “Алтан дорнод Монгол” компанийн өрийг барагдуулахаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэгтэй компанийнхан уулзалт хийж, тодорхой графикаар өрөө барагдуулах асуудлаар ярилцсан.
-Эд хөрөнгийг нь битүүмжилсэн сураг байсан?
-Тус компанийн бүх эд хөрөнгийг нь битүүмжилж, харилцах дансыг нь хаагаад, аливаа хувьцааны шилжилт хөдөлгөөнийг нь хориглосон. Мөн дотоодын цэргийн харуул хамгаалалт тогтоосон. Төрд татвараа төлж чадахгүй бол дампууруулах нэхэмжлэлийг ч Баянгол дүүргийн шүүхэд гаргасан.
-Мөн “Монгол газар” ХХК-ийг татварын өртэй гэдэг юм билээ?
-“Монгол газар” компанийн өр бий. Гэхдээ үүнийг бас заагтай ойлгох хэрэгтэй. “Олон-Овоот” ХХК төслийг нь хэрэгжүүлж байсан болохоор татварын өрийг нь барагдуулахаар болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу өр барагдуулаад явж байгаа гэсэн үг.
-Тэгвэл “ЖАМП” компанийн улсад төлөх татварын өр хэзээнээс эхэлсэн бэ?
-“ЖАМП” компани алт олборлосны татвараа төлөхгүй явсаар найман тэрбум төгрөгийн өртэй болсон. Гэтэл тус компанийн үйл ажиллагааг татварынхан зогсоож чадаагүй. Яагаад гэвэл бидэнд аливаа компанийн үйл ажиллагааг зогсоох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Тиймээс бид шүүхийн шийдвэрүүдийг гаргуулаад, зохих журмын дагуу ажилласан. “ЖАМП”-ын газар, эд хөрөнгийг нь битүүмжлээд, төлбөрөө авъя гэхээр тус компанид өөрийн гэсэн хөрөнгө байхгүй, өөр компанийн бүртгэл дээр байх жишээтэй. Хамгийн сонирхолтой нь “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээ “Жамп Алт”, “Одод гоулд” ХХК-д шилжүүлсэн байдаг. Эцсийн дүндээ “ЖАМП” ХХК-иас авах найман тэрбум төгрөг замхраад алга болох эрсдэлд орж байна.
-Гэхдээ танайх ямар нэгэн арга хэмжээ авч байгаа биз дээ?
-Энэ компанийг бид олон жилийн хугацаанд санаатайгаар татвараа төлөхгүй ажиллаж, эд хөрөнгөө займчуулсан гэж үздэг. Хууль хяналтын байгууллага шийдэх ёстой.
-Ингэхэд татварын өртэй компаниуд татварын гэмт хэрэгтэн болж таарах уу?
-Татварын өртэй компани бүрийг татварын гэмт хэрэгтэн гэж ойлгож болохгүй. Татварын гэмт хэрэгтэн гэдэг нь их хэмжээний татварын өртэй, татвараас зайлсхийсэн, орлогоо худал мэдүүлсэн этгээдүүдийг хэлнэ. Гэм бурууг нь хууль хяналтын байгууллага тогтооно.
-Тэгвэл уул уурхайн компаниудаас татварын гэмт хэрэгт холбогдсон компани бий юу?
-Татварын албанаас зарим компанид дүгнэлт бичсэн. Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй учраас гэм буруутай гэж дүгнэх эрхгүй.
“ЖАМП” компанийн хувьд татвараа төлөөгүй мөртлөө алт олборлосоор байна. Тэгсэн хэрнээ татвараа авах гэхээр мөнгө байхгүй гэдэг нь хууль бус үйлдэл. Тиймээс “ЖАМП”-ыг татварын гэмт хэрэгтэн гэж үзэж болно. Энэ компанийн ерөнхий захирал Л.Цэрэндаваа гэж нөхөр бий. Эднийх Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймагт үйл ажиллагаа явуулдаг юм билээ.
-Татварын өртэй компаниуд өрөө төлөхгүй байгаа шалтгааныг юу гэж үзэж байна вэ?
-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг алтны компаниуд төлөхгүй, ард иргэддээ хуваалцахгүй, хуулийг эсэргүүцсэн үйлдлээс болж байгаа хэрэг.
-Татварын орчинд ямар нэгэн асуудал гаргахгүйн тулд төр засгаас юунд анхаарвал зүйтэй вэ?
-Нийт ард түмний өмчөөс авчихаад, өөрийнхөө ашгаас татвар хэлбэрээр хуваалцаж чадахгүй байгаа компаниудыг ажиллуулахгүй байх хэрэгтэй. Ингэхийн тулд Ашигт малтмалын тухай хууль, Татварын тухай хуульд нэмэлт заалт оруулж, татвараа төлөхгүй бол ашиглалтыг нь зогсоох, төлснийх нь дараа ажиллах эрхтэй болгох ёстой. Үүнийг эртнээс цэгцлэхгүй бол газрын хэвлий дэх баялгаа дэлхий нийтэд дэлгэж байгаа өнөө үед баялгийг маань юу ч үлдээлгүй ухаад авчих эрсдэлтэй байна. Олборлоод гаргаад ирсэн бүтээгдэхүүнээс нь бид таллаад авна гэж байхгүй учраас татвар авдгаараа л авна.
“ЖАМП” хэмээх энэ даварсан компанийн олон жилийн хууль бус үйлдлийг хэрхэн шийдэхийг хэзээ өөрчлөгдөх нь мэдэгдэхгүй Ашигт малтмалын тухай хууль, Татварын тухай хууль, мөн хэзээ шийдэгдэх нь мэдэгдэхгүй шүүхийн шийдвэрийг хүлээсээр сууна. Энэ хүлээлтийн дунд нь улс орон хичнээн тэрбум төгрөгөөр нэмж хохирох бол оо. Татварын газар зогсоож чадахгүй бол ЭБЭХЯ, Ашигт малтмалын газар зогсоож, лицензийг нь зогсоож болохгүй гэж үү гэсэн бодол төрлөө.
URL: